Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 121

 

 

 “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06384 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Тамир, Г.Солонго нарт холбогдох

 

Хохирол 9 980 840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг,

Хариуцагч Г.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Солонго нь 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д борлуулалтын менежерийн ажилд орсон бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Г.Солонго нь компанийн складнаас хүнс, ахуйн хэрэглээний бараа хүлээн авч түгээлтээр борлуулдаг, байгууллагын автомашин эзэмшдэг байсан. Барааг хүлээн авсан аж ахуйн нэгж зээлээр авсан бол үнийг нь манай байгуулллагын дансанд тушаадаг, бэлнээр өгсөн бол түүнийг Г.Солонго байгууллагад тушаадаг байсан. Зээлээр бараа авсан аж ахуйн нэгж төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн байгууллагатай нь манай байгууллага тооцоогоо нийлээд явдаг байсан, бараа худалдан авсан байгууллага үнийг төлөөгүй явдалд Г.Солонго буруугүй бөгөөд харин Г.Солонго бэлнээр авсан барааны үнийг төлөөгүй нь түүний буруу болно. Дээрх байдлаас үзэхэд Г.Солонго нь борлуулсан барааны бэлнээр тушаасан төлбөрийг байгууллагадаа дутуу тушаах, эсхүл тушаахгүй байснаас болоод дутагдал үүссэн. Г.Солонго нь тус байгууллагад ажиллаж байхдаа 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд борлуулсан барааны үнэ болох 9 980 840 төгрөгийг дутагдуулсан нь тооллогоор тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс Г.Солонгод холбогдох хэсгийг шалгаад түүнийг тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа борлуулсан барааны үнэ 9 980 840 төгрөгийг үрэгдүүлсэнийг тогтоосон болно. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 360 тоот тогтоолоор Г.Солонгыг 2015 он 8 дугаар 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамруулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Солонго нь Ситико Аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан учир Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Прокурорын тогтоолын дагуу учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэг талаас “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн захирал Б.Дэлгэрзаяа, нөгөө талаас Г.Солонго, түүний ах Д.Тамир нарын хооронд Санамж бичиг гэх баримт үйлдэж, Г.Солонгын үрэгдүүлсэн 9 980 840 төгрөгийн өр төлбөрийг төрсөн ах Д.Тамир нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээж батлан даалт гаргасан. Гэвч Д.Тамир нь Санамж бичиг-т заасан үүргээ биелүүлээгүй өнөөг хүрсэн тул энэхүү төлбөрийн ихэнх хэсгийг батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Д.Тамираас гаргуулан төлүүлэхээр нэхэмжилсэн. Өр төлбөр үүсгэгч этгээд болох Г.Солонго нь хаана амьдардаг нь ч тодорхойгүй, шүүхэд дуудсан үед ирэхгүй хүндрэл учруулж болзошгүй, тэгээд ч төлбөрийн чадваргүй гэж ярьдаг этгээд тул түүний ахыг хамтран хариуцагчаар татах нь хэрэг шийдвэрлэлтийг удаашруулахгүй байх болон шийдвэр биелэгдэх баталгаа болно гэж үзсэн болно. Эрүүгийн хэргийг шалгах явцад гараашийн манаач бүтэн камер доор ажилладаг болохыг тогтоосон тул машинд үлдсэн үлдэгдэл барааг гараашийн манаач ашиглах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 3 000 000 төгрөг төлсөн баримт ирүүлсэн тул 9 980 840 төгрөг гаргуулах шаардлагаас хасч үлдэх 6 980 840 төгрөгийг хариуцагч Г.Солонго, Д.Тамир нараас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Г.Солонго нь тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа хохирол учруулсан гэж үзэн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар, Д.Тамир нь баталгаа гаргагч тул хэрэв Г.Солонго нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд гүйцэтгээгүй хэмжээгээр нь гаргуулахаар Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 234.4-д зааснаар тодорхойлсон болно. Иймд хариуцагч Г.Солонго нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд гүйцэтгээгүй хэмжээгээр нь төлбөрийг баталгаа гаргагч Д.Тамираас гаргуулахаар шийдвэрт тусгаж өгөхийг хүсч, Г.Солонго, Д.Тамир нараас 6 980 840 төгрөгийг гаргуулах “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид 2012 оны 3 дугаар сараас борлуулалтын менежерээр ажилд орсон. Складнаас хүлээн авсан бараагаа сүлжээ дэлгүүрээр түгээлт яваад орой нь үлдэгдэл бараатай машинаа гражид тавьдаг байсан. Ингэхэд үлдэгдэл барааг тоолж хүлээлцдэггүй байсан, мөн дэлгүүрүүд их хэмжээгээр бараа татахад намайг байлцуулахгүйгээр барааг гаргасан байдаг. Мөн үлдэгдэл барааг нярав хүлээж аваад тэр дор нь гарын үсэг зурах ёстой боловч зурахгүй үлдээгээд дараа нь нөхөж гарын үсэг зурах тохиолдол байсан. Барааны дутагдал гарахад өмнөх төлбөртөө нөхөж өгдөг байсан. Мөн миний үрэгдүүлсэн гэх төлбөрт надад хамаагүй мөнгийг оруулсан байдаг. Дээрх дутагдал хэрхэн яаж дутагдсан болохыг мэдэхгүй байгаа юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн талаар маргахгүй. Энэхүү өр төлбөр нь манай ах Д.Тамир ямар ч хамааралгүй. Тухайн үед ар гэрээсээ хүн дууд гэхээр нь ах Д.Тамирыг дуудан ирүүлтэл Санамж бичиг-т гарын үсэг зуруулсан бөгөөд үүний дагуу ах Д.Тамир 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүү Г.Солонгыг ар гэрээсээ хүн дуудсан гэхээр нь очоод 9 980 840 төгрөг төлүүлэх Санамж бичиг-т гарын үсэг зурсан бөгөөд төлбөрийг графикийн дагуу төлөхийг зөвшөөрсөн. Үүний дагуу төлбөрөөс нь 3 000 000 төгрөг төлсөн. Гэтэл “Дэлгэр-Интернэшнл” ХХК нь Г.Солонгыг борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа барааны үнэ 9 980 840 төгрөгийг үрэгдүүлсэн гэж үзэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. “Ситико Аудит” ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэдэг хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтдээ “Ситико Аудит” ХХК-ийн аудитын тайланг үндэслэл болгож дутагдуулсан болох нь дээрх аудитын дүгнэлтээр тогтоогдож байна, үүнээс 3 000 000 төгрөг төлсөн байна, үлдэгдэл нь 6 980 840 төгрөг болохыг дурдсан байсан. Дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүйгээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах гэтэл Г.Солонгод холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь прокурорын тогтоолыг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй байна. Түүнээс гадна талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Санамж бичиг нь батлан даалтын гэрээ гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Г.Солонгоос 6 980 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д олгож, хариуцагч Д.Тамирт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Г.Солонгоос 126 643 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан 174 643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.Тамирын талаар дүгнэхдээ “...Г.Солонгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан байхад "Санамж бичиг" үйлдсэн гэх үндэслэлээр Д.Тамирыг батлан даагч хэмээн тодорхойлж түүнээс Г.Солонгын учруулсан хохирлыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэснээр Д.Тамирт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Д.Тамир нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож үйлдсэн "Санамж бичиг" гэгч баримтыг хэлцлийн нэг хэлбэр буюу “Төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг батлан даах"-аар үүрэг хүлээсэн хэлцэл гэж үзэх саналтай байна. Д.Тамир нь энэ хэлцлийн дагуу үүргээ хэсэгчилэн гүйцэтгэж, төлбөр төлж дуусаагүй байгаа тул батлан даалтын гэрээ дуусгавар болоогүй байгаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 234.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Д.Тамираас хариуцагч Г.Солонгын төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй хэмжээгээр нь төлбөр гаргуулж төлүүлэхээр шүүхийн шийдвэрт зааж өөрчлөлт оруулж өгнө үү. Шийдвэрт хариуцагч Г.Солонгын оршин суух үндсэн бүртгэлтэй хаягийг дутуу бичсэн байгааг залруулж өгнө үү. Г.Солонго нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хоролол, 65 дугаар байрны 37 тоотод бүртгэлтэй болох нь эрэн сурвалжлах ажиллагааны явцад тодорхой болсон болно. Иймд энэ хаягийг нэмж зааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК нь хариуцагч Г.Солонго, Д.Тамир нарт холбогдуулан хохиролд 9 980 840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6 980 840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч дутагдсан барааны төлбөрт 3 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д хариуцагч Г.Солонго нь 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа борлуулсан барааны үнэ 9 980 840 төгрөгийг дутагдуулсан байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэргийн 7-8 дугаар талд авагдсан баримтаар Г.Солонго нь хөдөлмөрлөх явцдаа “Дэлгэр интернэшнл” ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч уг хохирлыг барагдуулахаар “Дэлгэр-Интернэшнл” ХХК-тай “Санамж бичиг” нэртэй эвлэрлийн гэрээг талууд байгуулжээ.

 

Уг гэрээний агуулгаас үзвэл хариуцагч Г.Солонго дутагдуулсан барааны үнэ болох 9 980 840 төгрөгийг нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д графикийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, төлж барагдуулаагүй нөхцөлд хариуцагч Д.Тамир төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.

 

Дээрх “Санамж бичиг”-т заасны дагуу хариуцагч Д.Тамир нь төлбөрт 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагч Г.Солонгын өмнөөс төлж барагдуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин дутагдсан барааны үлдэгдэл төлбөр 6 980 840 төгрөгийг төлөх эсэх талаар талууд маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Солонгод эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч “Дэлгэр-Интернэшнл” ХХК түүнтэй эд хариуцагчийнх нь хувьд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Харин талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Солонго, Д.Тамир нар нь 6 980 840 төгрөгийг нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоосон хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор графикийн дагуу 9 980 840 төгрөгийг нэхэмжлэгч “Дэлгэр интернэшнл” ХХК-д хариуцагч Г.Солонго төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.Тамир батлан дааж 9 980 840 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Солонгын өмнөөс Д.Тамир хариуцлага хүлээх үндэслэлтэй.

 

Ийнхүү гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Тамир нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой.

 

Хариуцагч Г.Солонго 9 980 840 төгрөгийн барааны үнэ дутагдуулсан болох нь нотлогдоогүй нэхэж байгаа төлбөрт нь надад хамаагүй мөнгийг оруулсан гэж мэтгэлцсэн боловч хэргийн 70-75, 88-124 дүгээр талд авагдсан авлага өглөгийн тооцоо, зарлагын баримт болон гэрч П.Хонгорзулын мэдүүлэг зэрэг баримтаар няцаагдсан байна.

 

Мөн хариуцагч Д.Тамир батлан даалтын гэрээ гэж үзэхгүй ар гэрийнхэнтэй нь уулзана гэсэн ойлголтоор очиж “Санамж бичиг” гэсэн баримт дээр гарын үсэг зурсан гэх түүний тайлбар 3 000 000 төгрөг төлснөөр үгүйсгэгдсэн гэж үзнэ.

 

Анхан шаны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчдын тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйгээс гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримталсаныг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Тамир, Г.Солонго нараас 9 980 840 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Солонго, Д.Тамир нараас 6 980 840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дэлгэр-Интернэшнл” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 643 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА 

 

                                                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ