Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 126/2015/0022/З |
Дугаар | 221/МА2015/0457 |
Огноо | 2015-09-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2015/0457
2015 оны 9 сарын 30 өдөр Дугаар 221/МА2015/0457
Г.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н, хариуцагч ХӨААГ-ын дарга Г.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй, ХӨАЗДТГ-ын дарга Г.Т-ын нэхэмжлэлтэй, ХӨААГ-ын дарга Г.О , ахлах аудитор Л.Э нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХӨААГ-ын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн акт зэргийг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баяр наадмын зөрдлын төсөв, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр болох Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 31.6 сая төгрөг нь аймгийн ЗДТГ-ын төсөвт хамааралгүй, аймгийн Засаг даргын зарцуулах санхүүжилт. Иймд Төсвийн тухай хуулийн 26.1, 26.2-т заасныг үндэслэн санхүүгийн үр дүнгийн тайланд орлого, зарлагаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж залруулсан. Төсвийн урамшуулалд зарцуулсан 16.8 сая төгрөг нь Төсвийн тухай хуулийн 45.1-д зааснаар хэмнэлт биш, төсөвт байгууллагын давсан орлого юм. Иймд 46.1-д заасныг хангаагүй, орон нутгийн орлогод төвлөрөх ёстой орлого. Мөн санхүүгийн тайлангийн тоон дүнгүүд нь оршин байх, хамааралтай байх, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдийг хангаагүй тул сөрөг санал дүгнэлт гаргасан. ХШҮТ-ийн дарга Ч.У гийн цалинг ТЗ-7 зэрэглэлээр цалинжихаар байхад тохиролцсон гэх шалтгаанаар ТЗ-9 зэрэглэлээр үндэслэлгүй буруу тогтоож олгосон. Мөн эрх зүйн туслалцааны зардал, автомашины моторын үнэ зэрэг 5156768 төгрөгийн үргүй зардал гаргасан тул төлбөрийн акт тогтоосон. Гадаад томилолтын зардал, албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтанд ороогүй гэсэн төлбөрийн актуудыг чөлөөлсөн тул хэрэгсэхгүй болгох саналтай байна. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 22.1-д төрийн албан хаагчтай тохиролцон шилжүүлэн ажиллуулах талаарх зохицуулалт нь 3 талын зөвшилцлийн гэрээг багтаасан гэж үзэж байна. Мөн хуулийн 27.2.4 дэх заалт ёсоор миний эрхэлж байсан өмнөх ажлын байр өөрөөс үл хамаарах шалтгаанаар өөрчлөгдсөн ч эдүгээ 3 талт зөвшлийн гэрээнийхээ хүрээнд ... маш сайн үнэлгээтэй дүгнэгдсэн ... тул урьд өмнө БОГ-т авч байсан цалингийн жишгээр буюу ТЗ-9-5 ангилал зэрэглэлээр цалин хөлсөө авах боломж бүрэн байгаа ... Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, ТАЗ-ийн 134 дүгээр тогтоолоор цалингийн шатлал ахиулах, нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байгаа. ... ТАТХ-ийн 27.2.4 дэх заалт ёсоор төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс үл хамаарах шалтгаанаар өөр ажилд шилжсэн тохиолдолд 6 сарын хугацаанд цалин хөлсөө авч байхаар хуульчлагдсан байгаа. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ХӨААГ-ын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай Гадаад томилолтын зардалд зарцуулсан 5386240 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай" төлбөрийн акт, ХӨВ-2015/ОЗ/СТА-ТША- 04/07 дугаартай "Дотор үйлчилгээнд хэрэглэсэн унааны шатахуун 12640600 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай" төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 30 дугаар зүйлийн 30.6, 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХӨАЗДТГ-ын дарга Г.Т-ын "ХӨААГ-ын 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах" шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, "ХӨВ- 2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн акт хүчингүй болгуулах" шаардлагын зарим хэсгийг буюу өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 2 250 000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хэсгийг хангаж, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаар тогтоосон 4 250 000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 2 250 000 / хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.07,10-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хөвсгөл аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт, Аудитын газрын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актын старикс автомашины мотор сольсон 2,0 сая төгрөгийн төлбөрийн акт зэргийг хүчингүй болгож өгнө үү.
Өвсний үндэс хөтөлбөр, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж аймгийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийн санхүүжилтэнд аймаг орон нутгаа төлөөлж санхүүгийн баталгаа гаргах эрх зөрчигдөөд байна.
Нэхэмжлэлийн үндэслэл: Үүнд: Аймгийн ИТХ-ын 2014 оны 6 сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 3 дугаар заалтад 50,0 сая төгрөгийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын санхүүжилтээр санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт зөвшөөрсөн ба Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтын дансанд 35690,0 мянган төгрөг санхүүжилтээр орж ирсэн. Төсвийн тухай хуулийн 22.6.5, 22.6.6, 22.6.7, 47 дугаар зүйл, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ын 7.1 заалтад заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэрээр тооцож нягтлан бодох бүртгэлд ДТ. Нэмэлт санхүүжилтийн харилцах /31020108/ КТ Санхүүжилтийн орлого буюу дээд шатны төсөв захирагчаас доод шатны төсвийн захирагчид шилжүүлсэн хөрөнгө /1303011404/ гэсэн бичилт хийсэн.
Төсвийн тухай хууль үйлчилж эхэлснээс хойш төсвийн байгууллагууд төрийн санд үндсэн төсвийн данснаас гадна нэмэлт санхүүжилтийн данстай болж, нэмэлт санхүүжилтийн дансаараа үндсэн төсвөөс өөр эх үүсвэрээс орж ирэх мөнгийг хүлээн авч дээр дурьдсан журмын дагуу эрх нээлгэн зарцуулж байгаа.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас ирсэн дээрх мөнгө нь орон нутгийн төсвийн мөнгө биш, өөр сайдын багцаас буюу өөр эх үүсвэрээс ирсэн тул ЗДТГ-ын нэмэлт зарцуулалтын дансандаа хүлээн авч нэмэлт зарцуулалтын эрх нээлгэн зарцуулсан Засаг даргын нөөц хөрөнгийн дансанд нэмэлт санхүүжилтын данс байхгүй тул ба Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд мөнгөний зарцуулалтын тайланг хүргүүлсэн.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас орж ирсэн мөнгөнөөс 31690,0 мянган төгрөгийг тооцооны дансаар дамжуулан үр дүнд тусгахгүй байхаар залруулга хийх боломжгүй байна. Учир нь энэ мөнгө нь манайд санхүүжилтийн орлогоор шилжиж орж ирсэн мөнгө тул УСНББОУС-д нийцүүлэн орлогоор хүлээн зөвшөөрч үр дүнд тусгахаас өөр арга байхгүй. Санхүүжилтийг тооцооны дансаар дамжуулж бичих нь стандарт бус бичилт гэж үзэж байна.
ЗДТГ-ын 2014 оны үр дүнгээс хасуулсан 31690,0 мянган төгрөгөө та Засаг даргын нөөц санд нэмж тусгахыг шаардаж залруулга хийхгүй бол тайлан хүлээн авахгүй гэж тулган залруулга хийлгэсэн байдал нь Засаг даргын нөөцөд орлого болж орж ирээгүй, дансаар нь дамжаагүй байхад орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэх нь Төсвийн тухай хуулийн 17.3, 22.6.5, 22.6.6, 22.6.7, 47 дугаар зүйл, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ын 7.1 заалт, УСНББОУС-ыг зөрчих , нөгөө талаар нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7 заалтад заасан анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахыг хориглосон заалтыг зөрчсөн, мөн Монгол улсын ерөнхий аудиторын 2014 оны 203 дугаар тушаалын 2.9.6, 2.12.3 2.12.4 зэрэг хууль журмыг зөрчиж залруулгаа зөрчилд тооцсон сөрөг санал дүгнэлт гаргасан нь аудитын байгууллагын хариуцлагагүй үйлдэл байна.
Засгийн газрын 2014 оны 147 дугаар "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээвэр шатахууны зардлыг 908.0 мянган төгрөгөөр, Гадаадын албан томилолтын зардлыг 517.2 мянган төгрөгөө, сургалт семинарын зардлыг 367.5 мянган төгрөгөөр, ном хэвлэл худалдан авах зардлыг 1095.0 мянган төгрөгөөр, дотоод албан томилолтын зардлыг 946.5 мянган төгрөгөөр, Шуудан холбооны зардлыг 2542,1 мянган төгрөгөөр, Цэвэр бохир усны зардлыг 2369,2 төгрөгөөр, төлбөр хураамжийн зардлын 443.0 мянган төгрөгөөр тус тус хэмнэж ажилласан.
ХӨВ-2015/01/СТА-ТША 04/08 дугаар актын талаар:
2014 оны 03 сард малчныд мал тулган тоолох, зүсмийн карт хөтлөх, ээмэглэх ажлаар НҮА дарга, нягтлан бодогч, жижүүр, жолооч Галбадрах нар явж байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн Hyundai stагех маркийн автомашины мотор доголдож жолооч Нямаабазарын машинаар чирч авчиран өмч хамгаалах зөвлөлийн гишүүдийн үзлэг хийж мотор солих /сэлбэг солих нь өртөг өндөр, засварлагдахгүй байх магадлалтай гэж үзэн/ зайлшгүй шаардлагатай болсон. Төсвийн тухай хуулийн 16.5, 16.5.4, 16.5.5 дахь заалтуудыг үндэслэн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд мотор сольсон одоо хэвийн ашиглагдаж байна. эдгээр зардалтай холбоотой анхан шатны баримтууд бүрэн байгаа. Байгууллагын төсөвт батлагдсан урсгал засварын зардлаас санхүүжүүлсэн төсвийн хэтрэлт байхгүй.
ХӨВ-2015/01/СТА-ТША 04/05 дугаар актын тайлбар:
Төрийн төсвийн тухай хуулийн 16.5. заалт, Аймгийн засаг даргын 2014 оны Б/01 дугаар захирамжийг үндэслэсэн олгосон. 2014 оны 10 сараас ТЗ-7 гоор цалинжуулаад явж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт, Аудитын газрын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал дүгнэлт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актын старикс автомашины мотор сольсон 2,0 сая төгрөгийн төлбөрийн акт зэргийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ :
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актын талаар: ХӨААГ-ын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн актаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Ч.У д илүү олгосон 906768 төгрөгийн цалингийн зөрүүг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүх дээрх актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд зөв байна. Иймд нэхэмжлэгчийн 2014 оны 10 дугаар сараас ТЗ-7 зэрэглэлээр цалинжаад явж байгаа тул төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаагүй нь буруу байна. Харин нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан эрхийг олгоогүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах боломжгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэгэнт нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх нь хамаарахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь гуравдагч этгээдийн тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах, эсхүл бие даасан шаардлага гаргах эрхийг нь хөндөхгүй.
2. ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актын Старикс авто машины мотор сольсон 2.000.000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Отгончулуунаас суудлын авто машин худалдан авахаар түүнд 13.350.000 төгрөгийг шилжүүлж, иргэн Ц.О уг суудлын авто машиныг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн ба уг авто машин нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд эвдэрсэн болох нь Техникийн комиссын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн актаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй./, 254.6 /Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй./-д зааснаар Аймгийн Засаг даргын тамгын газар нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байхдаа уг авто машиныг эвдэрсний улмаас моторын үнэд 2.000.000 төгрөгийг Монголчех метал ХХК-д шилжүүлж, худалдан авсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул төсвийн үргүй зардал гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч талаас "төсвийн хэтрэлт гараагүй бөгөөд төсвийн шууд захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй учраас хууль зөрчөөгүй" гэж маргаж байгаа байна. Хэдийгээр хэлбэрийн талаасаа батлагдсан төсвийг, зориулалтын дагуу, эрх бүхий этгээд зарцуулсан мэт харагдаж байгаа боловч энэхүү 2 сая төгрөгийг төсвөөс гаргах ёсгүй, худалдагчид гомдлын шаардлага гарган төлүүлэх боломжтой төлбөр байжээ.
Анхан шатны шүүхээс аймгийн Хууль зүйн хэлтэст хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч ажиллах боломжгүй ба аймгийн Засаг даргын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, шүүхэд төлөөлөх эрхтэй, чөлөөт бие даасан мэргэжилтэн болох өмгөөлөгчөөс өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хязгаарлах боломжгүй гэж дүгнээд ХӨААГ-ын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актаас өмгөөллийн үйлчилгээ авсны хөлсөнд төлсөн 2 250 000 төгрөг-ийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон нь буруу байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн бүтцэд Хууль зүйн хэлтэстэй бөгөөд түүний үйл ажиллагааны нэг чиг үүрэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрыг шүүхэд төлөөлөх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэлтэст ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлж нэмэлт зардал гаргасан нь тогтоогджээ. Иймд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах" зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас ХӨАЗДТГ-ын төсөвт өмгөөлөгчийн зардал гэж тусдаа мөнгө төсөвлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.
3. ХӨААГ-ын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай санал, дүгнэлтийн талаар: Хөвсгөл аймгийн Аудитын газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийгээд ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актыг тогтоож, улмаар мөн өдрөө 04/201 дугаартай Сөрөг санал дүгнэлт гаргасан байна.
Дээрх актуудыг эс зөвшөөрч аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаас 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ХӨВ-2015/03/СТА-ТША-04/06 дугаартай Гадаад томилолтын зардалд зарцуулсан 5386240 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай" төлбөрийн акт, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/07 дугаартай "Дотор үйлчилгээнд хэрэглэсэн унааны шатахуун 12640600 төгрөгийг төсөвт төлүүлэх тухай" төлбөрийн акт зэргийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХӨААГ-ын дарга, тэргүүлэх аудитор Г.О , ахлах аудитор Л.Э нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.
Түүнчлэн сөрөг санал дүгнэлтэнд тусгагдсан 16.8 сая төгрөгийн тухайд: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газарт 19.181,3 мянган төгрөг урамшуулалд олгохоор шийдвэрлэсний дагуу 16.8 сая төгрөгийг авч зарцуулсан нь аймгийн Засаг даргын тамгын газрын буруу биш байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Иймд ХӨАЗДТГ-ын санхүүгийн тайланг Санхүүгийн тайлангийн аудит хийх журам-д заасан ихээхэн материаллаг буюу түгээмэл асуудалтай, санхүүгийн тайлан ноцтой алдаатай гэж үзэх боломжгүй болж байна. Дээрх байдлуудыг үндэслээд төлбөрийн акт тавигдсан болон бусад зөрчлийн улмаас гаргасан гэх сөрөг санал дүгнэлт-ийг хүчингүй болгох боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 30 дугаар зүйлийн 30.6, 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХӨАЗДТГ-ын дарга Г.Т-ын ХӨВ-2015/03/СТА-ТША-04/05, ХӨВ-2015/03/СТА-ТША-04/08 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, ХӨААГ-ын 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/201 дугаартай сөрөг санал, дүгнэлтийг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР