Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хулан овогт М.Г-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1959 онд төрсөн, 59 настай. Миний бие 1974 онд 7-р анги төгсөөд илгээлт аван Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллах болсон бөгөөд үүнээс хойш 1977 оны 06 сарын 20-нд цэргийн албанд татагдаж улмаар цэргээс 1980 оны 06 сарын 14-нд халагдаж тус сумын Хөгжил нэгдэл болон ‘’Хөгжил’’ ХК-д 1995 оныг дуустал малчинаар ажилласан. Миний бие тэтгэвэрийн насанд хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрүүд шаардлага хангахгүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай гээд 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 56 тоот албан бичгийг өгсөн.

Иймд миний Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1980 оны 06 сарын 14-нөөс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл малчинаар, 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тус сумын ‘’Хөгжил’’ ХК-д малчинаар тус тус байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1980 оны 06 сарын 14-нөөс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл малчинаар, 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал ‘’Хөгжил’’ ХК-д малчинаар ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй гэсэн тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1980 оны 06 сарын 14-нөөс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Хөгжил’’ ХК-нд 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2007 оны 06 сарын 20-ны өдрийн 02/1046 дугаартай: ‘’М. Г нь Дундговь аймгаас НАХЯ-ны орлогч сайд, Х ба ДЦХЭГ-ын даргын 1977 оны 06 сарын 20-ны 355 тоот тушаалаар цэрэгт татагдаж 0166-р ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1980 оны 06 сарын 14-ний 451 тоот тушаалаар халагджээ’’ гэсэн архивын лавлагаа,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 08/66 дугаартай ‘’Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 04 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд ‘’Амьдралын туг’’ ХК, 1996 оны 04 сарын 30-нд; ‘’Амьдралын туг’’ хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно’’ тодорхойлолт,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хөгжил нэгдлээс 1981 оны 04 сарын 25-ны өдөр М.Г-д олгосон 1421 дугаартай 1975 он, 1976 оны 01-12 сар, 1977 оны 01-06 сар, 1980 оны 01-12 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хөгжил нэгдлээс 1981 оны 01 сарын 02-ны өдөр М.Гад олгосон 1981 оны 01-12 сар, 1982 оны 01-12 сар, 1983 оны 01-06 сар, 1984 оны 01-12 сар, 1985 оны 01-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хөгжил нэгдлээс 1991 оны 11 сарын 30-ны өдөр М.Г-д олгосон 1991 оны 01-12 сар, 1992 оны 01-12 сар, 1993 оны 01-12 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн архивын лавлагаа,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, ‘’Хөгжил’’ ХК-иас олгосон 1989, 1990, 1991, 1992, 1993 оны цалингийн тооцооны хүснэгт,

Гэрч Д.Б , Д.Д , Ц.Б  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч М.Г-ын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1980 оны 06 сарын 14-нөөс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Хөгжил’’ ХК-нд 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 69  дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 56 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Г нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 06 сарын 05-наас 1977 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1980 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Хөгжил’’ ХК-нд 1992 оны 02 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан нь хэргийн 8-10-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрүүд, 24-28-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

          Нэхэмжлэгчийн 1975 оны 01 сарын 01-нээс 1975 оны 06 сарын 04-нийг хүртэл ажилласан гэдэг нь 1970 онд мөрдөгдөж байсан иргэний хуулиар үгүйсгэгдэж байна. Учир нь тухайн үед 16 нас хүрсэн хүн мал аж ахуй эрхлэх эрх үүсдэг байсан болно. Харин 1980 оны 06 сарын 14-нөөс 1980 оны 06 сарын 30-ныг хүртэл, 1994 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хулан овогт М.Г-ыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 06 сарын 05-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 19-ний өдөр хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ‘’Хөгжил’’ ХК-нд 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР