Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/565

 

 

 

 

  2022            5            30                                        2022/ШЦТ/565         

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Б ийн Б т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... цогцолборт цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  овогт Б ийн Б  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.А ийн 1.599.920 төгрөгийн үнэлгээ бүхий “Real me GT” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б аас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ... 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хохирлыг барагдуулна. ...хохирогчтой хохирол төлөх гэрээ байгуулсан байгаа... гэв.

 

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би хохирлоо 2 сарын дотор барагдуулж дуусна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчим ... хүнсний дэлгүүрийн гадна талд ажлынхаа машинтай явж байгаад дэлгүүр орохоор зогссон. ... дэлгүүр рүү ороод ойролцоогоор 5-10 минут болоод гарч ирэхэд машинд байсан миний “Real me GT” загварын гар утас алга болсон байсан. Тухайн үед би машинаа түгжихээ мартаад орчихсон байсан. Гэхдээ би гар утсаа машинаасаа алдсан, эсхүл буухдаа унагаасан эсэхээ мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 3-5 хоногийн өмнө манай ажлын залуу Б  нь ажил дээрээ орж ирээд зам дээрээс Real me GT загварын гар утас олсон гэж ярьж байсан ба кодтой байна гээд оролдож байсан. Би гайгүй цэвэрхэн утас байхаар нь чи хэдэд зарах юм гэхэд Б  та үнэ хэлээд ав гээд би 150.000 төгрөгөөр авахаар болж авч яваад маргааш нь ...гар утас засварын газар кодыг нь гаргуулаад Б  руу 150.000 төгрөг өгөхөөр Э ы эзэмшлийн Хаан банкны ...  тоот данс руу Orlogo гэх утгатай шилжүүлсэн. ...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Real me GT загварын гар утсыг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байсан ... гэх нэртэй барьцаат зээлийн газарт 650.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан ба сунгалтыг хийгээгүйгээс болоод барьцааны хугацаа дуусч зарагдсан гэсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч С.Э ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 07 минутад Эх нялхсын эрүүл мэндийн төвд байхад Э ын Хаан банкны ...  тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансанд Orlogo гэх утгатай 150.000 төгрөг шилжиж ирсэн. Уг 150.000 төгрөг нь Б аас надад зээлээр өгнө гэсэн мөнгө байсан юм. Манай эхнэр тухайн үед төрчихсөн байсан болохоор Б  надад 70.000 төгрөгийг нь үлдээгээд өөрийн Хаан банкны ...  тоот данс руу 80.000 төгрөгийг bayrlalaa hogshoon гэсэн утгатайгаар шилжүүлэн өгсөн. ...Өглөө ажилдаа ирэхдээ Б  Real me загварын гар утсыг автобусны буудлаас олсон гэчихсэн барьчихсан сууж байсан. Уг утсыг Э  худалдаж авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Скайтел ХХК-ийн ...имэй кодыг шалгахад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ...  дугаар бүртгэгдсэн байна. Дугаар эзэмшигч Г.Э ... гэх албан бичиг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.А ийн 1.599.920 төгрөгийн үнэлгээ бүхий “Real me GT” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй... гэсэн саналыг гаргасан шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.А ийн 1.599.920 төгрөгийн үнэлгээ бүхий “Real me GT” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.А ийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчим ...“... дэлгүүр рүү ороод ойролцоогоор 5-10 минут болоод гарч ирэхэд машинд байсан миний “Real me GT” загварын гар утас алга болсон байсан. ...Гэхдээ би гар утсаа машинаасаа алдсан, эсхүл буухдаа унагаасан эсэхээ мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Г.Э ын өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 3-5 хоногийн өмнө манай ажлын залуу Б  нь ажил дээрээ ...орж ирээд зам дээрээс Real me GT загварын гар утас олсон гэж ярьж байсан ба кодтой байна гээд оролдож байсан. ...би 150.000 төгрөгөөр авахаар болж авч яваад маргааш нь ...гар утас засварын газар кодыг нь гаргуулаад Б  руу 150.000 төгрөг өгөхөөр Э ы эзэмшлийн Хаан банкны ...  тоот данс руу Orlogo гэх утгатай шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч С.Э ы өгсөн: ...Өглөө ажилдаа ирэхдээ Б  Real me загварын гар утсыг автобусны буудлаас олсон гэчихсэн барьчихсан сууж байсан. Уг утсыг Э  худалдаж авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Скайтел ХХК-ийн ...имэй кодыг шалгахад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ...  дугаар бүртгэгдсэн байна. Дугаар эзэмшигч Г.Э ... гэх албан бичиг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Дамно ХХК нь хохирогч Н.А ийн “Realme GT” загварын гар утасны үнийг 1.599.920 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч Б.Б аас 1.599.920 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Б ийн Б ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б аас 1.599.920 /нэг сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.А д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН