Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0039/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.У  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б-ийн  У т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000220020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ийн  У  /РД: ........ /, ......... оны ......  дугаар сарын .... -ны өдөр ........  аймгийн ..............  суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. , ...... ийн хамт ......  аймгийн ...... сумын ... дугаар баг, ......  дугаар хороолол, ..........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.У  нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ......  аймгийн .......  сумын ....... дүгээр баг, Хуучин хорооллын .......  байрны ....... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Н-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.У  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Н-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У ын мэдүүлсэн: “ Урьд мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000220020 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 12 дугаар сарын 08, 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021  оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүүхдүүдээ аваад ээжийндээ очсон байхад манай нөхөр над руу залгаад сургалтад явахаар боллоо. Одоо хот явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие өвдөөд байгаа. Би маргааш эмнэлэгт хэвтэнэ. Миний эмчилгээний мөнгийг өгнө биз дээ гэж хэлсэн чинь надад мөнгө байхгүй. Маргааш хот ороод мөнгө олоод явуулъя гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу залгаад хаалгаа онгойлго түлхүүр өгье гэж хэлсэн. Хаалга онгойлгосон чинь түлхүүр өгөөд шууд явах гэхээр нь чи ингээд явах гэж байгаа юм уу гэж хэлээд араас нь очоод ярих гэсэн чинь намайг түлхэж унагаад шууд дээрээс өшиглөөд зугтахаар нь араас нь гарсан чинь нэг машинд суусан. Би араас нь гүйж очоод жолоочид нь наад хүнээ буулга. Наад хүн чинь намайг зодчихлоо. Би цагдаа дуудсан байгаа гэсэн чинь манай нөхөр буухгүй жолоочийг яв гээд байсан. Тэгсэн машин дотор байсан хүмүүс буу гээд буулгасан. Нөхөр маань машинаас бууж ирээд над руу дайраад байсан. Би нөхөртэйгөө зууралдаж байгаад гар утсыг нь аваад гэр лүүгээ орсон чинь араас орж ирээд манай ээжтэй маргалдаад гарыг нь мушгисан чинь гадаа байхад нөхөр бид хоёрыг салгасан ах араас орж ирээд манай нөхрийг чи одоо яагаад байгаа юм бэ? Эхнэрээ зодохоо болиоч гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр нөгөө ахтай зодолдох гээд байсан. Тэгж байтал цагдаа орж ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 35-36 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /8-11 буюу өндөр/ гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай “...Д.Н-ийн биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Д.Н-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Д.Н-ийн биед элгэнд эмгэг өөрчлөлт, нуруу хажуу тийш мурийх, даралт ихсэх зэрэг өвчин илэрсэн болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэрч С.О-ны хэрэг бүртгэлтэд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний төрсөн охин Н хоёр охиноо дагуулаад манайд ирсэн. Нг охидынхоо хувцсыг сольчхоод үхрийн хавирга сүхээр хуваагаад тэрийгээ чанаад байж байтал манай охины нөхөр У  залгаад түүнтэй ярьсан. Ярьж байснаа Н “Чи юу яриад байгаа юм бэ, намайг байхад тэгээд хэлэхгүй яасан юм. Би маргааш эмнэлэгт хэвтэнэ.” гэж хэлсэн. Утсаар ярьсны дараа удалгүй У  ирсэн. Тэгснээ орж ирэхгүй хаалганы цаанаас хоорондоо ярилцаад байсан. Тэгэхээр нь “Яс чанаж байна ороод ирээч. Мах болж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь У  над руу ширүүн дуугаар “Юун мах идэх, гадаа машин хүлээгээд байна” гэж хэлэхээр нь би өрөө лүүгээ яваад орчихсон. Тэгсэн чинь манай ач охин гүйж орж ирээд “Ээж уйлаад байна” гэж хэлсэн. Намайг орц руу гарахад У  гүйгээд гарч байсан ба Н хөл нүцгэн уйлаад байж байсан. Тэгээд надад хандан “Цагдаа дууд” гэж хэлэхээр нь цагдаа дуудсан. Орцонд Нг унагаагаад дээрээс нь өшиглөсөн гэж Н хэлсэн. Тэгээд тагтан дээр гараад харсан чинь манай охиныг газар унагаачихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

Б.У ын яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай ажлын газрын хүн залгаад “Маргааш сургалттай юм байна. Чи юугаар явах юм” гэж асуухаар нь ажлынхаа Фэйсбүүк групп руу ороод харсан чинь 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд сургалттай гэсэн байсан. Түүнийг харчхаад Улаанбаатар хот руу явах машин хайсан. Тэгээд хот руу явах машин олсон. Тэр машин гэрийн гадаа ирээд намайг авсан. Тэгээд би гэрийн түлхүүрээ өгөх гээд хадам ээжийн гэрт очиж Нд түлхүүрээ өгөөд буцаад гарах гэсэн чинь гаргахгүй надтай ярилц гээд хаалга бариад зогсоод байсан. Тэгэхээр нь зууралдаж байгаад хажуу талаар нь гараад зугтаагаад орцны хаалга онгойлгох товчыг дарах гэж байсан чинь араас ирээд надтай зууралдсан. Тэгээд ноцолдож байгаад зугтаагаад машин руу ороод суусан. Тэгтэл Н машины жолооч талын хаалгыг онгойлгочхоод явуулахгүй байсан. Тэгсэн чинь жолооч нь намайг буу гэсэн. Тэгэхээр нь машинаас бууж байтал Н миний түрийвч, гар утас хоёрыг булаагаад авчхаар нь ноцолдож байгаад түрийвчээ салгаж авсан. Гар утсаа авч чадаагүй. Маш яаралтай ажилтай байхад гаргаагүйн улмаас ийм зүйл болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.У  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.У ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.Нгийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.У т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.У ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.У т прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй тус тус болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн  У ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР