Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0044/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Л.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С  овогт Л ын М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118002960045 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С  овогт Л ын М /РД: ......... /, ......... оны ....  дугаар сарын ..... -ний өдөр ........ хотод төрсөн, .....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д М” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ..... , .......... ийн хамт .....  аймгийн ....... сумын ......  дүгээр баг, ........ дүгээр байрны .....  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Л.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед ..........  аймгийн ....... сумын ....  дугаар нутаг дэвсгэрт байрлах “О ба Г С” ХХК-ийн мотор засварын цехийн гадна хаалганы дэргэд байрлах уурхайн ус шахагч моторын дээд талд тавьсан байсан иргэн Д.А-ны эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                                                                                                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М-ийн мэдүүлсан: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118002960045 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.А-ны хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарыг 02-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ оччихоод өөрийн хүү Б-ийг хичээлд нь хүргэж өгөөд буцаад өөрийн ажил дээр ирээд ажилчдын хоолыг хийж өгөөд 14 цагт ажлын гадаа байсан ус шахаж зайлуулах моторын силикон цавуу түрхэж байгаад ээж рүүгээ залгаж биеийг нь асуучхаад утсаа мотор дээр тавьсан. Тэр үед “Д М” ХХК-ийн гурван ажилтан ирсэн ба надаас ороолгосон хөдөлгүүрээ аваад гарсан. Түүний дараа хөдөлгүүрээ силикондож дуусаад утсаар ярих гээд хайсан боловч утас алга болсон байсан. Тэгэхээр нь өөрийнхөө дугаар руу залгасан боловч миний утас дуудаад байгаа хэрнээ хүн авахгүй байсан. Тэгж байгаад 17 цагийн орчимд холбогдохгүй болсон. Би бодохдоо надаас мотор авах гэж ирсэн хүмүүс миний утсыг андуураад аваад явсан юм байх гэж бодоод авчирч өгөх байх гэсэн боловч олдохгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Би өөрийн гар утсаа 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр лизингээр 949,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...Иргэн Л.М-оос Samsung А51 маркийн /355255115945561, 355256115945569/ IMEI кодтой, хар өнгийн ар талын хэсэгтээ 4 камертай гар утсыг хураан авав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тэмдэглэл/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Samsung А51 маркийн /355255115945561, 355256115945569/ IMEI кодтой, хар өнгийн ар талын хэсэгтээ 4 камертай гар утас болох эд зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 23 минутад хохирогч Д.А-д хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11, 12 дахь тэмдэглэл/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “...иргэн Д.А-ны эзэмшлийн 2021 оны 04 дүгээр сард Мобикомын Дархан салбараас худалдан авсан Самсунг А51 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 850,000 /Найман зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Л.М-ийн хэрэг бүртгэлтэд гэрчээр 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ажил дээрээ байхад манай байгууллагын хангамжийн инженер М , цахилгаанчин Б  нар над дээр ирээд О ба Г С явж зассан хөдөлгүүр авчрах хэрэгтэй байна гээд бид хамт явсан. Ажлаас гараад Дархан сумын 15 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг цех дээр ирэхэд гадаа нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд М , Б  бид гурав машинаас буухад цехийн гадаа  нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд М , Б хоёр мотороо авах гээд үйлдвэр рүү орсон. Би тухайн үед тамхи татаад үлдсэн. Тэгээд намайг тамхи татаад зогсож байхад үйлдвэрийн гадна байсан мотор дээрх гар утсанд дуудлага ирж дуугарсан. Тэгэхээр нь ойр орчимд хүн байхгүй байхаар нь гар утсыг үзэж байгаад дууг нь хаагаад аваад явсан. Орой нь гэртээ очоод тэр гар утсыг унтраасан. Тухайн үед охиндоо гар утас авч өгөх хэрэгцээ шаардлага гарсан байсан учраас хүний гар утас хулгайлсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43, 39 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Л.М нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Л.М-ийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.М-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.М-ийг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.М-ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.М-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.М нь хохирогчийн эд зүйл болох Самсунг А51 маркийн гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С  овогт Л ын М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР