Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Уяач овогт Д.Д-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1958 онд төрсөн, 60 настай, улсад 24 жил мал малласан. Үүнээс 1980 оны 07 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад мал маллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн миний малчинаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар 1980 оны 07 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан хүн. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул тэтгэвэрт орох боломжгүй болсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд архивын лавлагаа, баярын бичиг, цалингийн баримтуудыг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1980 оны 07 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1980 оны 07 сарын 24-ний өдрийн 43 дугаартай: ‘’...Д.Дийг 1980 оны 07 сарын 25-наас эхлэн тус бригадад малчинаар томилсугай’’ ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Д.Дийн 1980, 1983 оны гүйцэтгэсэн ажлын бүртгэл ,1982 оны суурийн малын тоцоо бодсон акт,

 Дундговь аймгийн Дэлгэрхангай Намын хороо, Нэгдлийн зөвлөл, АДХ-ийн гүйцэтгэх захиргаанаас Д.Дид 1984 оны 01 сарын 24-ний өдөр олгосон ‘’Мал мэнд сүрэг тарган суурийн гэрчилгээ’’-ний хуулбар,

Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газраас Д.Дид 1982 оны 09 сарын 12-ны өдөр олгосон баярын бичиг,

Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс Д.Дид 1982 оны 04 сарын 21-ний өдөр олгосон №504369 дугаартай 1981оны 07-12 сар, 1982 оны 01-12 сар, 1983 оны 01-12 сар, 0984 оны 01-12 сар, 1985 оны 01-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сарын цалин, татварын бичилт хийгдсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар,

Гэрч Д.Б , А.Ж , Н.Ц  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Д.Дийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сумын Шинэ зам нэгдэлд 1980 оны 07 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт бүрэн хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 71  дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д  нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1980 оны 07 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар  ажиллаж байсан нь хэргийн 4-р хуудсанд авагдсан тушаалын хуулбар, 5-14-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт, баярын бичиг, гэрчилгээ, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбаруудаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Уяач овогт Д.Дийг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1980 оны 07 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР