Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                 Хэргийн индекс:166/2022/0023/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 2118000000398 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газрын кадастр мэргэжилтэй, Бүрдэл ** ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.Б-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ш.Б- нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймаг Орхон сумын 1 дүгээр баг Овоот гэх газар 22-**ДАХ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а ”Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно“, 12 дугаар бүлгийн 12.3 дугаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Б.Т-, Б.Б.А- нарын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д  заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ш.Ш.Б- нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Б.А-гийн биед цээж аарцагны хэлбэр алдалт, аарцаг ясны зүүн хэсгийн хэлбэр алдагдсан хугарал, салтааны урагдал, биеийн ерөнхий доргилт, баруун уушгины болон дэлүүний угт цус хуралт, баруун уушгины няцрал, баруун талын 5-7 дугаар хавирганы хугарал, зүүн зулай, дагз, духны шарх хуйхан доорх цус хуралт, дэлүү язрал, голт, чацархайд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, Б.Б.Т-ийн биед гавал тархины ил гэмтэл, толгойн хэлбэр алдагдал, баруун чамархай, суурь, дагз ясны нийлмэл хугарал, тархины хатуу хальсны урагдал, бага тархины аалзан бүрхүүл доор цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цус хий хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, баруун ташаа болон хэвлийн баруун хэсгийн зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тус тус учруулж хоёр хүний амь нас хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Унтаж байгаад цочоод сэрэх шиг болсон. Дээшээ хүн нисэх шиг болсон. Тэр үеийн явдлыг сайн санахгүй байна. Байрны гаднаас хөдлөөд 18 буудлын тэндээс эргэж байснаа санаж байгаа. Тэрнээс хойш осол гарах хүртэл хугацаанд юу болсныг санахгүй байгаа. Тэрхэн хугацаанд зүүрмэглээд эсвэл тасраад сэрсэн юм болов уу гэж бодож байна. Хүүхдүүддээ ийм зүйл болно гэж бодоогүй. Унтаад сэрж байгаа юм шиг цочоод сэрсэн. Энэ үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. Урд өдөр нь явна гэж ярьж байсан ч би тухайн өдөр явна гэж бодоогүй юм. Тухайн үед нөхөр бага зэрэг уусан байсан. Байрныхаа гадаа байсан болохоор гэртээ орчих байх гэж бодсон юм. Замд гарна гэж бодоогүй. Энэ явдлаас хойш бид байнга шаналж хэцүү байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв

           

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Орхон сумын 1-р баг Овоот гэх газрын асфалтан зам дээр 22-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талын жалга руу онхолдож унасан байна” гэх мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан.  /хх 01/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, ослын газар хийсэн тэмдэглэл...” 22-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талын жалга руу онхолдож, зам тээврийн осол гарч хүн нас барсан байдалтай байв.”  /хх 2-21/,

 

5. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...жолооч Ш.Б-ий согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 3,60 хувийн үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх 22/,

 

6. Гэрч Б.П- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би 15 цаг 14 минутын орчим би Цармын-Ар гэх газраас айлын өвөлжөөнөөс 99-** ДАР улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгсэлтэй малын бууц ачаад Орхон сумын төв орж өөрийн ногооны талбай дээр очиж буулгаж тараагаад дахиад бууц ачих гээд сумын төвөөс гараад 3 км газар Овоот гэх газар өгсөөд явж байхад цаана байдаг замын эргэлт дээрээс миний өөдөөс нэг жижиг цагаан өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл замын эргэлт дээр хурдтай гарч ирээд эсрэг талын эгнээ рүү нэг ороод тэгээд шарваад замын хажуу руу ороод нэлээд олон удаа эргээд онхолдсон. Тэгээд тэр онхолдсон машины харалдаа очиж зогсож өөрийн эхнэр Б- руу залгаад энд машин онхолдсон байна эмнэлгийн дугаар хэд билээ гэж асуугаад эхнэрээс эмнэлгийн дугаар аваад эмнэлэг рүү хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэр онхолдсон машин дотроос нэг залуу хаалга нээгээд гарч ирээд машинаа тойрч алхаад байсан. Би өөрийн машины цонхоор тэр залуугаас машинд чинь өөр хүн байна уу гэж асуухад тэр залуу чимээгүй алхаж байгаад өөрийн машины хажууд очоод туслаарай гээд хашхираад байсан. Би эмнэлэг рүү залгаад утас нь болохгүй байхаар нь машинаас буугаад тэр залуу дээр очих гэж байхад миний араас нэг цагаан өнгийн алфард ирсэн. Тэр машин дотор манай сумын А-, О-хоёр явж байсан. Тэгээд би Алтай ахтай тэр онхолдсон машин дээр очиход жолооч талын хаалганы доор нэг хүүхэд машинд дарагдсан байдалтай байсан. А- ах би бас машины жолооч бид гурав машиныг өргөж хөндийрүүлэх гээд хүүхдийг гаргах гэтэл дийлэхгүй байхаар нь том машинаасаа лом авах гээд очтол эсрэг урсгал буюу Дархан талаас нэг таньдаг хүн машинтайгаа эхнэр хүүхэдтэйгээ явж байсан. Тэгээд бид хэд бүгд нийлж байгаад нөгөө онхолдсон машиныг хөндийрүүлж байгаад доороос нь хүүхдийг татаж гаргаж авсан.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

7. Гэрч К.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Овоот гэх газар явж байхад  замын хажууд зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд үл таних залуу миний хүүхдийг машин доороос гаргаад өгөөч гэж тусламж хүссэн. Тэгээд би очтол цагаан өнгийн Приус-20 маркийн машин байсан. Бага насны хүүхэд жолооч талдаа буюу баруун хаалганы доор хавчуулагдсан байдалтай байсан.” /хх 39/,

 

8. Гэрч Т.О-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон сумын төвөөс архан-Уул аймаг орох гээд явж байхад Орхон сумын 1 дүгээр баг Овоот гэх газар явж байхад замын хажууд зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд үл таних залуу миний хүүхдийг машин дотроос гаргаад өгөөч гэж тусламж хүссэн. Манай нөхөр буугаад туслах гээд очсон.” гэх мэдүүлэг /хх 41/,

 

9. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.З- 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаартай магадлагаа “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэх заалтыг зөрчсөн.

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар бүлгийн 12.3 дугаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалт, 12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км хэтрүүлэхийг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэн мөрдөгчийн магадлагааг гаргав. /хх 49-50/,

 

10. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 772 дугаартай “Б.Д- биед гавал тархины битүү гэмтэл тархины хөнгөн зэргийн няцрал, хуйх, баруун тохойнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Д- биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Д- учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 53-54/,

 

11. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаартай “ үндсэн онош: Б.Б.Т-ийн биед гавал тархины ил гэмтэл, толгойн хэлбэр алдагдал, баруун чамархай, суурь, дагз ясны нийлмэл хугарал, тархины хатуу хальсны урагдал, бага тархины аалзан бүрхүүл доор цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цус хий хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, баруун ташаа болон хэвлийн баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. “...2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед доргилт болон машины эд ангид дарагдах үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...4. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 63-64/,

 

12. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаартай “ үндсэн онош: Б.Б.А-гийн биед цээж аарцагны хэлбэр алдалт, аарцаг ясны зүүн хэсгийн хэлбэр алдагдсан хугарал, салтааны урагдал, биеийн ерөнхий доргилт, баруун уушгины болон дэлүүний угт цус хуралт, баруун уушгины няцрал, баруун талын 5-7 дугаар хавирганы хугарал, зүүн зулай, дагз, духны шарх хуйхан доорх цус хуралт, дэлүү язрал, голт, чацархайд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон. Хүндрэл: Гэмтлийн шок “...2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед доргилт болон машины эд ангид дарагдах үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...4. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12, 3.1.14, 3.1.15, 3.3.1-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 73-74/,

 

13. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: Шууд зардлын дүн 7615000, шууд бус зардлын дүн 770000 төгрөг нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 8385000 төгрөг байна.

 

14. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт:

-Тoyota Prius-20 маркийн 22-**ДАХ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйн стандартыг бүрэн хангаж оролцоогүй байна. Хойд хоёр дугуйны хээний гун нь стандартын шаардлага хангаж оролцоогүй болно.

-Осол болохоос өмнө тээврийн хэрэгслийн тоормозны эд анги автомат хаалганы түгжээ, бүрэн ажиллагаатай байсан байна.

-Осол үйлдэгдсэний дараа тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас тоормозны битүүмжлэл, тоормоз барьж буй эсэхийг шалгах боломжгүй байна.

-Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой.

-Зам тээврийн осол нь дээрх бүрэн бус байдал (хойд хоёр дугуйны хээ стандартаас бага, оношилгоонд хамрагдаагүй) зэрэг нь нөлөөлөх нь харьцахгүй бага юм. Иймд ослын өмнө тээврийн хэрэгслийн тоормозны эд анги нь бүрэн ажиллагаатай байсан байна.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын улмаас цаашид засаж босгож замын хөдөлгөөнд оролцоход стандартын шаардлага хангах боломжгүй болтлоо эвдэрсэн байна. /хх 99-100/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Ш.Б-ий хувийн байдлыг тогтоосон нотлох баримтын талаар:

 

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 120/, Б.Б.А-, Б.Б.Т-, Б.Дөлгөөн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 124-126/, Ш.Ш.Б-ий жолоочийн үнэмлэх, 22-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэх, “Бүрдэл Майнинг” ХХК-ийн тодорхойлолт /хх 128-136/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хх 153/, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ш.Ш.Б-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хоёр хүний амь нас хохирч, хор уршиг учирсан нь шүүгдэгчийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзнэ.

 

 

Иймд шүүгдэгч Ш.Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Ш.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ...”шүүгдэгч Ш.Ш.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.А-...”Энэ явдлаас хойш бид байнга шаналж хэцүү байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Үлдэх хүүг маань бодож хөнгөн шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-...”шүүгдэгч Ш.Ш.Б-ий болгоомжгүй үйлдлээс хоёр хүүхдийнх нь амь нас хохирсон маш харамсалтай хэрэг гарсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гашуудаж байгаа. Одоо эхнэр Н.Н.А- хөл хүнд байгаа. Шүүхээс ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.А- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ш.Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Ш.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ш.Ш.Б-ий гэмт үйлдлийн улмаас Б.Б.А-, Б.Б.Т- нарын амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.А- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ш.Ш.Б-ий 8291** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Б.Т- болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 025477** дугаартай 22-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Ш.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

   5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н.А- хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ш.Ш.Б-ий 8291** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Б.Т- болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 025477** дугаартай 22-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ