| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00060/э |
| Дугаар | 2020/ШЦТ/120 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/120
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч С.Чулуунцэцэг,
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн Д.П,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овгийн Д.О нарт холбогдох 1926003460006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харгана овгийн Д.О,
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгшүй, ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Д.П,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Шарнууд овогт Д.П бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 13-наас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ашигт малтмал хайх, ашиглах олборлох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан,
Харгана овогт Д.О нь бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 13-наас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ашигт малтмал хайх, ашиглах олборлох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэв.
Хохирогч П.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед иргэд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газар ухаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу тухайн газарт 4 дүгээр багийн дарга Д хамт очиход Улаанбаатар хотоос явж байна гэх кроун, элентра маркийн 2 машинтай 1 эмэгтэй, 5 эрэгтэй нийт 6 хүн цахилгаан мотор асаачихсан молдок ажиллуулаад нүхэн дотроос нэг хүн гарч ирсэн. Тухайн хүмүүст би энэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч байна гэж танилцуулсан. Тэгэхэд Улаанбаатар хотоос явж байгаа хүмүүс байна. Энд алтны илрэц байна гэж дуулаад ирсэн. Олз омогт дургүй эр хүн гэж юу байхав. Бид нар одоо ухсан нүхээ булчихаад явъя гэж байсан. Тухайн үед манай сумын Балжинням аймгаас Нарийнтээл сумын хэсгийн төлөөлөгчийн хамт ирсэн. Ухсан нүхний гүн нь 2 м, амсар нь 1.5х1.5 м хэмжээтэй доошоо зуйван хэлбэртэй болж нарийссан байсан. Манай сумын 4 дүгээр багийн дарга Д өмнө нь энэ газарт ийм ухсан нүх байгаагүй. Энэ хүмүүс л ухсан байна гэж ярьж байсан. Ойр хавьд нь нутагладаг малчин өвгөн Ч, тэдний хүүхэд А нар өмнө нь ухсан нүх байгаагүйг мэдэж байгаа. Тэд ухсан нүхний хажуухан талд нь жил болгон өвөлждөг юм. Тэдгээр хүмүүс алт олборлох зорилготой явж байгаа гэдгээ ярьж байсан. Тэдэнд гаргасан алт байгаагүй. Цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, молдок 1 ширхэг, хүрз зэрэг эд зүйлтэй байсан гэх газар 2009 онд санагдаж байна улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байсан. Тухайн компани нь хайгуул хийхдээ ухдаггүй, чулуунаас нь дээж аваад явчихдаг байсан. Манай суманд албан ёсны материал ирүүлж байгаагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-20 хуудас/,
Хохирогч П.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэргийн газарт анх би сумын цагдаа, 4 дүгээр багийн Засаг дарга нартай хамт ирсэн, ирэхэд гэх газар иргэд нүх ухсан нүхнээсээ арай зайтай очоод зогсоцгоосон байсан. Хэн хэн нүх ухсан талаар мэдэх бололцоо байгаагүй. оочиход нүхээ ухахаа больчихсон байсан. Тэгээд нүх ухсан учрыг асуухад арай настайдуу 2 хүн мөнгөнд дургүй эр хүн гэж хаана байхав дээ энд юм гарах магадлалтай гэхээр нь ухаж үзсэн юм тэгсэн юм алгаа одоо ингээд явах гэж байна гэцгээж байсан. Өөр юм яриагүй. Нутгийн иргэдийн ам дамжин нэрлэгддэг нэршил нь гэх газар байгаа юм өөр нэршил байхгүй. Манай сумын төрийн сангийн данс болох 1 тоот дансанд сум хөгжүүлэх сан, эрсдэлийн сан, байгаль хамгаалах сангууд хамт байршдаг, гүйлгээгээр орсон утгаар нь сан, сан руу ялгаж мөнгийг байршуулдаг. Хэрэгт учирсан хохирол дансанд зөв орсон бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 238-239 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн Тоёота Краувн маркийн автомашин нь манай байгууллагын нэр дээр байдаг. Манай байгууллага 2019 оны 03-р сарын 27-ны өдөр Ц овогтой А-т тухайн автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр зээлийг олгосон. А нь сар бүр зээлийн төлөлтөө хийдэг. Аын зээл үлдэгдэл нь 1500000 төгрөг байгаа. Энэ мөнгөө авбал манай байгууллагын зүгээс гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,
Иргэний хариуцагч Ц.Аын мөрдөн байцаалтанд өгсөн Тоёота Крoун маркийн автомашиныг миний танил дүү болох Х нь 2018 оны 10 дугаар сард худалдаж авсан. 2019 оны 03 дугаар сард Хт мөнгөний хэрэг гарлаа, тоёота Краувн маркийн автомашинаа ломбарданд тавих гэсэн чинь автомашин нь орон нутгийн дугаартай, мөн Х нь өөрөө орон нутгийн харъяатай хүнд өгөхгүй гээд байна гэсэн. Уг автомашин нь өмнө нь орон нутгийн дугаартай байсан. Тэгэхээр нь Хын автомашиныг би өөрийн нэр дээр шилжүүлээд Дорнод аймгийн дугаартай байсныг Заг Капитал ББСБ-д 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгийг нь Х төлж байгаа. Уг Тоёота Кроун маркийн автомашин нь миний л нэр дээр байдаг болохоос биш уг автмашины үндсэн эзэн нь Х байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Шүүгдэгч Д.О-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ”... Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өглөө Улаанбаатар хотоос Г, түүний хүү, дүү Ц, манай садангийн Түмэндэмбэрэл бид нар 2 машинтай Архангай аймаг явахаар гарсан. Замдаа П гэх манай найз утсаар яриад Элсэн тасархай дээр уулзсан. Өвөрхангай аймагт геологийн каннам байна тэрийг очиж ухаж үзье. Алтны судал ойрхон байж магадгүй. Хамт явъя гэхээр нь бид 5 агаарт гарангаа газар үзье алт гэж юу байдгийг сонирхоё гэж бодоод хамт явсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт сум, газрынх нь нэрийг мэдэхгүй аймгийн төвөөс 40 км орчим зайтай газарт хөдөө хээр газар очиж хоносон. 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой хуучин ухагдсан дөрвөлжин хэлбэртэй нүхэнд очоод энэ байх гээд тэр нүхийг бид нар цаг орчим ухаад харанхуй болохоор нь болиод өнөөдөр өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний 06 цаг өнгөрч байх үед ухаж эхэлсэн. Гаргасан шороогоо бүгдийг нь нүхнийхээ дэргэд тавьсан. Тэгж байтал цагдаа ирсэн. Алт олборлоогүй. Бид нарын байсан газрыг ямар нэртэй газар гэдгийг мэдэхгүй. Би анх удаа л Өвөрхангай аймагт ирж байна. П Өвөрхангайн гаралтай хотод байдаг хүн болохоор алтны шинжилгээ газар байгаа очиж шалгая. Алт гарах байх гээд газарчилж бид нарыг дагуулж очсон. Алт л олох зорилготой очсон. Нүхээ молдок 1 ширхэг, 1 цахилгаан үүсгүүрийн мотор, 1 хүрзээр ухсан. Өөр багаж байхгүй. Чулуунаас нь л алт гарна гэж бид нар хоорондоо ярьж тооцоолж байсан. Гаргасан шороо, чулуугаа ямар нэгэн байдлаар ашиглаж чадаагүй хажуудаа үлдээсэн. Алт ялгах багаж байгаагүй. Бодвол уутлаад зөөх л байсан байх. Ачааны машин байгаагүй. Дан суудлын жижиг тэрэг байсан. Би 75-82 УНО улсын дугаартай хар хөх өнгийн кроун, Г цагаан өнгийн Соната, П цагаан өнгийн Элентра маркийн автомашинтай явсан. П ганцаараа явсан. Шан харамж, хөлс өгнө гэсэн зүйл яриагүй. Бид нарт ямар нэгэн тусгай зөвшөөрөл бид нарт байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,
Шүүгдэгч Д.О-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар дахин өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд орохдоо би учрыг сайн ойлгоогүй хамт байсан хүмүүсээ хэлээд Г, Түмэндэмбэрэл нар хамт ухсан гэсэн байхаа, энэ хэрэгт Г, Түмэндэмбэрэл нар огт хамааралгүй. Нүх ухах ажиллагаанд оролцоогүй хамт дагаж л явж байсан юм. Т-г би зүс л харж байсан Өвөрхангай аймагт ирээд таараад хамт надтай явсан. Тэгээд цагдаа ирэх үед яваад өгсөн. Тэр хүнтэй би дахиж тааралдаагүй, хаана байдгийг нь мэдэхгүй. Түмэндэмбэрэл гэх нэрээс өөр юм мэдэхгүй байна. Г амралтаараа Архангай аймаг явахдаа надтай замын хань болж явсан. Тэгээд хэрэг болсон газар дагаж очсноос өөр зүйл байхгүй. Би гэрэл зургуудыг харсан надтай хамт очсон Түмэндэмбэрэл гэх хүн 19 дугаартай гэрэл зурагт харуулсан хүн мөн байна. Энэ гэрэл зурагт байгаа царай нь арай залуугийн үеийн зураг нь юм шиг байна, одоо жаахан хөгширсөн байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулсан, буруу зүйл хийсэн байна гэдгээ ойлгосон, дахин ийм асуудал гаргахгүй, гэм буруугаа хүлээж байгаа учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Энэ хэрэгт Д.П бид хоёроос өөр оролцсон хүн байхгүй учраас шалгуулах хүн байхгүй. хэргийг түргэн шийдвэрлэж өгнө үү. Миний биеийн байдал муу, хотоос ойр ойрхон ирэх боломжгүй эмнэлгээр яваад байгаа учраас түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 242-243 хуудас/,
Шүүгдэгч Д.Пгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О руу хаана байна гэж залгахад Элсэн тасархай дээр явна Архангай явж гэхээр нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Нарийн булгийн орчимд геологи хийж байсан газар байгаа. Тэнд ухсан газар байгаа алт гарч магадгүй. Очиж үзэх үү гэхэд үгүй ээ яахав үзвэл үзье гэхээр нь би хотоос араас нь ганцаараа гараад Элсэн тасархай дээр очоод уулзаад хамт дагуулаад Хайрхандулаан сум руу орсон. Эхний өдөр газраа очиж үзчихээд тэндээ хоноод маргааш нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой хэсэг ухаж үзээд дийлэхгүй болохоор нь орхиод өнөөдөр өглөө очиж хартал хад ихтэй байхаар нь дийлэхгүй юм байна гээд больсон. Тэгээд хоол хийж идчихээд явъя гээд байж байтал цагдаа ирсэн. Хайрхандулаан сумын Нарийн булаг гэх газар урьд нь геологийн хайгуул хийж байсан хайгуулчид ихтэй газар байсан. Би тэгээд алт гарч магадгүй гэж бодож л тэр газарт очсон. Од молдок байсан. Тэгээд молдокоо мотороор ажиллуулсан, хүрз нь машины хүрз байгаа юм. Эхлээд шороонд нь байж магадгүй гээд үзтэл чулуутай байхаар нь орхисон. Шороогоо угаах төхөөрөмж байгаагүй. Ачиж зөөх л байсан байх. Тухайн үед хүний шуналын сэтгэл л байсан байх. Цахилгаан үүсгүүрийн мотор нь миний эзэмшлийнх байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-104 хуудас/,
Шүүгдэгч Д.Пгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар дахин өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт байсан. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн учир Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутгийг нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн газар нь “Нарийн хадат” гэх нэршил нь зөв байх. Тухайн хэрэгт Д.О бид хоёр л оролцсон. Г, Түмэндэмбэрэл нар нь энэ хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй. Тухайн үед хамт байж таарсан. Түмэндэмбэрэл цагдаа ирэхээр нь явсан. Г Д.Огийн хамт Архангай аймаг руу явж байсан юм. Түүнээс хойш энэ хүмүүстэй таараагүй. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо тухайн үед Д.Отай хамт явсан байсан хүмүүсийн нэрийг хэлж байгаа санаа нь тэр. Энэ хэрэгт Түмэндэмбэрэл, Г нарын оролцоо байхгүй. Нүх ухах ажилд оролцоогүй хамт дагаж явж байсан юм. Нүхийг Д.О бид хоёр л ухсан. Би гэрэл зургуудийг харсан. Түмэндэмбэрэл гэх хүний царайг одоо сайн санахгүй байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Улаанбаатар хотод би бөөрний эмчилгээ хийлгэдэг тул хэргийг түргэн шуурхай шидйэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 240-241 хуудас/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19/095 дугаартай шинжээчийн:
1. Иргэд нь 1.0 м2 талбай бүхий 2 хэсэг талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь Ашигт малтмал газрын тосны газрын онлайн бүртгэлийн системээс шүүж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна.
2. Иргэд нь 1.0 м2 талбай бүхий 2 хэсэг талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн хэмжилтээр тогтоогдсон.
Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн болон эвдрэлд өртсөн талбай тус бүрээр тооцож үзлээ. Үүнд:
1.0 м2 талбайн эдэлбэр газарт учрах хохирол 20.86 төгрөг, газрын хэвлийд учрах хохирол 675.0 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учрах хохирол 171.99 төгрөг, ургамлан нөмрөгт учрах хохирол 30.31 төгрөг, нийт 898.16 төгрөг.
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар 1.0 м2 талбайн эдэлбэр газарт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 20.86x3=62.58 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар газрын хэвлийд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 675.0x2=1350.0 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар хөрсөн бүрхэвчинд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 171.99x3=515.97 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлан нөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 30.31x5=151.55 төгрөг, нийт 2080.1 төгрөг.
4. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн булаг” гэх газарт иргэд нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. /БОАЖЯ-ны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06б/8711 дугаар бүхий албан тоотыг хавсаргав”
5. Иргэд нь 1.0 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайд хийгдэх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг дараах байдлаар тооцов.
Техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал
1174.95 /хөрс чулуулгийг ухаж ачих ажлын зардал/ +82.25 /шимт хөрсөөр хучих ажлын зардал=1257.2 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 50-62 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №01/36 дугаартай:” Жижиг цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхгийн үнэ 220000 төгрөг, цахилгаан үүсгүүрээр ажилладаг молдок 1 ширхгийн үнэ 180000 төгрөг, нийт 400000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 67-71 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01/43 дугаартай: “2010 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Elantra маркийн суудлын автомашины өнөөгийн зах зээлийн үнэ 4000000 төгрөг ” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 73-77 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01/44 дугаартай: “2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota crown” маркийн суудлын автомашины өнөөгийн зах зээлийн үнэ 7000000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 79-83 хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1926003460006 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолууд /хх-ийн 94, 100 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1926003460006 дугаартай эрүүгийн хэрэгт цэнхэр өнгийн цахилгаан үүсгүүр гаргагч хуучин мотор 1 ширхэг, ногоон өнгийн цахилгаан үүсгүүрээр ажилладаг хуучин молдок 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-10-15 хуудас/,
Шүүгдэгч Д.Огийн хувийн байдлыг тодорхойлсон Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 158 тоот тодорхойлолт /хх-105/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-115 хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-117/,
Шүүгдэгч Д.Пгийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-107 хуудас/,
Байгаль орчин уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд 3337 төгрөгийг төлсөн Төрийн банкны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,
“Заг Капитал” ХХК санхүүгийн байгууллагын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/13/262/20 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, барьцаат зээлийн гэрээний хуулбар, 75-81 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-40, 42-46/,
“Заг Капитал” ХХК санхүүгийн байгууллагын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/13/212 дугаартай ”75-82 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус компанийн зээлийн барьцаанд түр хугацаанд шилжүүлэн авсан барьцаа хөрөнгө бөгөөд зээлийн болон барьцааны гэрээгээр зээлдэгч нь машинаа өөрийн эзэмшил ашиглалтанд унаж ашиглах эрхтэй. Өөрөөр хэлбэл унах нөхцөлтэй зээл авсан ба тээврийн хэрэгсэлтэй холбоотой үүссэн аливаа гэмт хэрэг, осол, зөрчил болон бусдад учруулсан эд хөрөнгийг болон эд хөрөнгийг бус хохирол, торгуулийг зээлдэгч дангаар хариуцна” гэсэн албан бичиг /хх-ийн 41 хуудас/,
улсын дугаартай “Toyota Crown” маркийн автомашины дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-108 хуудас/,
улсын дугаартай “Hyundai elantra” маркийн автомашины дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 110 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай албан бичиг /хх-237 хуудас/,
Хохирогч П.М-н 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...Д.О, Д.П нар нь байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн хүсэлт,
Иргэний хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “... Тус хэрэгт иргэний харуцагчаар тогтоогдсон. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би тухайн зээлэнд байгаа автомашины төлбөрийг зээлийн гэрээнд заасны дагуу төлж барагдуулна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч С.Д-н шүүхэд ирүүлсэн “...Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Тухайн машины барьцаалсан зээл нь дуусаагүй. Тухайн авто машины асуудал шийдвэрлэгдээд дуусахад манай байгууллагад хүлээлгэн өгөхийг хүсч байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Д.П, Д.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О, Д.П нар нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг “Нарийн хадат” гэх газар гэмт хэрэг үйлдсэн болох нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай албан бичиг /хх-237/, хохирогч П.Мөнхбаяр /238-239 /, гэрч Ч.Ганхуяг /1хх-27-28, 2хх-1/ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Шарнууд овгийн Д.П, Харгана овгийн Дорлигийн О нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг “Нарийн хадат” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.О, Д.П нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч П.М “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн хадат” гэх газар иргэд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газар ухаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу тухайн газарт 4 дүгээр багийн Засаг дарга Д хамт очиход Улаанбаатар хотоос явж байна гэх Кроун, “Элентра” маркийн 2 машинтай 1 эмэгтэй, 5 эрэгтэй, нийт 6 хүн цахилгаан мотор асаачихсан молдок ажиллуулаад нүхэн дотроос нэг хүн гарч ирсэн. Тухайн хүмүүст би энэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч байна гэж танилцуулсан. Тэгэхэд Улаанбаатар хотоос явж байгаа хүмүүс байна. Энд алтны илэрц байна гэж дуулаад ирсэн. Олз омогт дургүй эр хүн гэж юу байхав. Бид нар одоо ухсан нүхээ булчихаад явъя гэж байсан. Ухсан нүхний гүн нь 2 м, амсар нь 1.5х1.5 м хэмжээтэй доошоо зуйван хэлбэртэй болж нарийссан байсан. Тэдэнд гаргасан алт байгаагүй. Цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, молдок 1 ширхэг, хүрз зэрэг эд зүйлтэй байсан. Уг газар нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн хадат” гэх газар юм. Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-20/,
Гэрч Ч.Г-н “...Би 2013-2016 оны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаад, 2016 оноос Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Судалгаа хайгуулын ямар нэгэн албан ёсны бичиг баримт сумын захиргаанд ирж байгаагүй. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн булаг” гэх газрын нэр нь “Нарийн хадат” гэх газар байгаа юм. Тухайн газарт хэзээ ямар хүмүүс ирээд нүх ухсаныг мэдэхгүй байна. Би энэ асуудлын талаар 4 дүгээр багийн дарга Д болон сумын БОХУБ-гч Мөнхбаяр нараас л мэдээлэл авсан. Тухайн газарт ашигт малтмал олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. Хууль бусаар л хүмүүс үйл ажиллагаа явуулсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч Б.Гы “...2019 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед тухайн газартаа хуучин ухсан байсан газрыг нэмж ухсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр босчихсон цай унд уугаад сууж байтал цагдаа ирсэн. Тухайн газар Огийн найз П гэдэг нэрийг нь бүтнээр мэдэхгүй хүн дагуулж газарчилж очсон. Нэг хуучин ухагдсан нүхнээс эндээс эрдэнэс гарганаа гэхээр нь би 4-5 хувин шороо ухалцсан. Алт гаргана ухаад бай гээд байсан. Гаргасан шороогоо нүхнийхээ дэргэд асгасан байгаа, шороогоо ашиглаагүй. Нүхээ молдок 1 ширхэг, 1 цахилгаан үүсгүүрийн мотор, 1 хүрзээр ухсан. Өөр багаж байхгүй. Би П гэх хүний хэлснээр нь шороо ухахад нь туслалцсан.” гэсэн мэдүүлэг /хх-27-28 /,
Гэрч Б.Гы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... 2019 оны 08 дугаар сард Д.О бид хоёр амраад Өвөрхангай аймагт хамт явж байгаад тухайн хүмүүстэй тааралдсан юм. Түмэндэмбэрэл гэх хүнийг огт танихгүй. Тухайн үед Д.О “Марк 2” маркийн хар өнгийн машинтай явж байсан ба машинд нь ямар хүмүүс байсныг би сайн мэдэхгүй байна. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум “Нарийн хадат” гэх газар Д.О, Д.П нартай шороо ухах ажилд оролцоогүй. Би тухайн үед хүүхдүүд дээрээ очих гэж явсан ” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 1/,
Гэрч Н.Т-н “...Би Д.Ог зүс мэднэ. Д.П гэх хүнийг танихгүй. Би Өвөрхангай аймгийн төвд байрлах Хүнсний зах дээр 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр явж байтал Д.Отай тааралдсан юм. Тухайн үед ойр зуурын юм ярилцаад намайг онцын ажилгүй байгаа болохоор хамт нэг тийшээ явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд хамт явсан. Өвөрхангай аймгийн төвөөс 1 цаг гаруй хугацаанд яваад очих газар байсан ба очоод тэр хавиар юм үзээд 30 орчим минут болж байхад цагдаа нар гарч ирээд биднийг саатуулсан. Намайг тухайн газар очоод цагдаа нар ирэх хүртэл ямар нэгэн газар шорооны ажил явагдаагүй. Би ойлгохдоо Д.О болон нөгөө 3 залуугийн хамт тэнд нүх ухчихсан байсан харагдсан ба ойр хавьд нь бид 5-аас өөр хэн нэгэн болон мотор, молодок 2-оос өөр ямар нэгэн зүйл байгаагүй. Миний хувьд газар ухах ажилд ямар нэгэн байдлаар оролцсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 2 /,
Шүүгдэгч Д.О, Д.П нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 102-104, 240-241, 97-98, 242-424/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19/095 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50-62/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 01/36, 01/43, 01/44 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 68-71, 74-77, 79-83 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1926003460006 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолууд /хх-94, 100 хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8/,
Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15 хуудас/,
Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.П, Д.О нар нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх зүйтэй байна.
Шүүгдэгч Д.П, Д.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.”,
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.П, Д.О нар нь тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.П, Д.О нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.П, Д.О нар нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол болох 3337 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч С.Дугар нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Төрийн банкны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч П.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч С.Дугар нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.П, Д.О нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтаж байна.
Иймд шүүгдэгч Д.О, Д.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.П, Д.О нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, шүүгдэгчид үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор цэнхэр өнгийн цахилгаан үүсгүүр гаргагч хуучин мотор 1 ширхэг, ногоон өнгийн цахилгаан үүсгүүрээр ажилладаг хуучин молдок 1 ширхэг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцжээ.
Шүүгдэгч Д.П, Д.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Crown” маркийн автомашин нь “Заг капитал” ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд 7000000 төгрөгийн үнэтэй болох нь “Заг капитал” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/13/212 дугаартай албан бичиг, барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 41-47/, 75-82 УНО улсын дугаартай “Toyota Crown” маркийн автомашины №02320908 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-108/ зэргээр,
“Hyundai elantra” маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн цахилгаан үүсгүүр гаргагч хуучин мотор зэрэг нь шүүгдэгч Д.Пгийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч Д.П, гэрч Ш.Гомбосүрэн нарын мэдүүлгээр,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн молдок нь шүүгдэгч Д.Огийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч Д.П, Д.О нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Д.П, Д.О нараас “Заг капитал” ХХК-ийн өмчлөлийн “Toyota Crown” маркийн автомашины үнэ болох 7000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Огаас 3500000 төгрөг, шүүгдэгч Д.Пгээс 3500000 төгрөг, шүүгдэгч Д.Пгээс “Hyundai elantra” маркийн автомашиныг тус тус гаргуулж улсын төсөвт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн молдок 1 ширхэг, цэнхэр өнгийн цахилгаан үүсгүүр гаргагч хуучин мотор 1 ширхэг зэргийг улсын төсөвт тус тус шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч С.Ч-н шүүх хуралдаанд гаргасан “Д.Огийн жолоодож явсан автомашин нь түүний хувийн өмч биш дүүгийнхээ автомашиныг гуйж унаж яваад энэ хэрэгт холбогдсон. Уг автомашин нь хувийн өмч, хадгаламж зээлийн хоршоонд тавьсан байгаа. Хэрвээ уг автомашиныг Улаанбаатар хотоос жолоодож ирээгүй байсан бол уг авто машиныг улсын орлого болгох байсан уу? үгүй юу? гэдэг нь өөрөө учир дутагдалтай байна. Ийм учир Д.Огийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.П, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3337 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч С.Д шүүхэд “...Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Тухайн машины барьцаалсан зээл нь дуусаагүй. Тухайн авто машины асуудал шийдвэрлэгдээд дуусахад манай байгууллагад хүлээлгэн өгөхийг хүсч байна.” гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Crown” маркийн автомашиныг хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй, битүүмжлээгүй байх тул түүнийг хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Шарнууд овгийн Д.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Харгана овгийн Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Шарнууд овгийн Д.П, Харгана овгийн Дорлигийн О нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овгийн Дуламсүрэнгийн П, Харгана овгийн Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар
зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.П, Д.О нарт оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Д.О нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.П, Д.О нарт үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.П, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохиролд 3337 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Мөнхбаяр, иргэний нэхэмжлэгч С.Дугар нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Заг капитал ХХК-ийн өмчлөлийн 75-82 УНО улсын дугаартай “Toyota Crown” маркийн автомашины үнэ болох 7000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Огаас 3500000 төгрөг, шүүгдэгч Д.Пгээс 3500000 төгрөгийг, 11-66 ӨВО улсын дугаартай “Hyundai elantra” маркийн автомашиныг тус тус гаргуулж улсын төсөвт, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн цахилгаан үүсгүүр гаргагч хуучин мотор 1 ширхэг, ногоон өнгийн молдок 1 ширхэг зэргийг улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.