Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 95

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Олны Гончиг овогт М.Ц-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, энэ жил 50 нас хүрч байна. Улсад 11 жил ажилласан.  Үүнээс 1984 оноос 1993 оныг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлд мал маллаж байсан ба тэр үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй тамга тэмдэг зөрүүтэй тул хамт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ц нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлд 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдлээс 1984 оны 10 сарын 31-ний өдөр М.Цад олгосон 1984 оны 03, 06-12 сар, 1985 оны 01-06 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдлээс 1991 оны 09 сарын 01-ний өдөр М.Цад олгосон 1991 оны 01-12 сар, 1992 оны 01-12 сар, 1993 оны 01-12 сар, 1994 оны 01-12 сарын цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Дөрөвдүгээр багийн Засаг даргын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 18 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Цагаадэлгэр сумын 4-р багийн иргэн М.Цын 1988, 1989, 1990 онд авч байсан цалин хөлсний түүвэр жагсаалт, цалингийн тооцооны хүснэгт,

           Гэрч Г.Т , Д.Б , Д.Г   нарын мэдүүлэг зэрэг  болно.

Нэхэмжлэгч М.Цын Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлд 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэгийн зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 347 дугаартай, Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Ц нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлд 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь  хэргийн 22-23-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 25-37-р хуудсанд авагдсан цалин хөлсний түүвэр жагсаалт, цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олны Гончиг  овогт М.Цыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт нэгдэлд 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл  хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР