Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                   Хэргийн индекс:166/2022/0036/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч Б.Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т  холбогдох эрүүгийн 2106007540023 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаатай хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.О-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б.О- нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим олон нийтийн цахим орчинд ДА хүрээ авто машины зах гэсэн фейсбүүк хаягт нэгийн эсрэг нэг аз туршиж тоглох “покер” нэртэй мөрийтэй тоглоомыг habed habed, Ч.Ч.О- нарыг хооронд нь тоглуулж байна гэж хуурч мэхлэн Ч.Ч.О-аас 10750000 төгрөгийг ХААН банкны 52120583** дугаарын дансаар 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Б.О- нь цахим хэрэгсэл ашиглан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим ДА хүрээ авто машины зах гэсэн фейсбүүк хаягт “покер” нэртэй мөрийтэй тоглоомыг habed habed, Ч.Ч.О- нарыг хооронд нь тоглуулж байна гэж хуурч мэхлэн Ч.Ч.О-аас 10750000 төгрөгийг ХААН банкны 52120583** дугаарын дансаар 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч хувийн ашиг олох зорилго, сэдэлтэйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

2. Шүүгдэгч Б.Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...лайв бичлэгээ өөрийнхөө “Х.Х.З-” гэх цахим хаягаас явуулж байгаад өөрийнхөө “habed habed” гэх хаягаараа өөрийнхөө нөгөө утсаараа давхар ороод “Ч.О- Ч” гэх цахим хаягтай хүнтэй тоглож мөнгийг нь хожоод авч болох юм байна гэж бодоод өөрийнхөө “habed habed” гэх хаягаараа сэтгэгдэл бичсэн. Тэр үед Ч.О- Ч гэх цахим хаягтай хүн зөвшөөрөөд “habed habed”  гэх хүнтэй Ч.О- Ч гэх хүнийг тоглуулж байгаа юм шиг бодол төрүүлж байгаад би өөрийнхөө хаягаар давхар тоглоод Ч.О- Ч гэх цахим хаягтай хүнийг хожоод мөнгийг нь авсан юм. Тэр хүн өөрийнхөө хаан банкны 57513542** тоот данснаас миний хаан банкны 52120583** тоот данс руу 150.000 шилжүүлээд бид хоёр тоглоод би хожсон. Ч.О- Ч гэх цахим хаягтай хүн хожигдсон. Тэр хүн надтай тоглож байгаад гэнэт над руу хувь чат бичээд чи тэр “habed habed” гэх цахим хаягтай хүн чам руу бас тоглолтын мөнгөө хийсэн банкны хуулгыг над руу явуулчих гэхээр нь би явуулах баримт байхгүй болохоор Ч.О- Ч гэх цахим хаягийг өөрийн Х.З-, “habed habed” гэсэн 2 хаягнаас блоклосон. Нийт 6 удаагийн шилжүүлгээр 10750000 төгрөгийг шилжүүлж аваад хожсон.” гэх мэдүүлэг /хх 98-99/,

3. Хохирогч Ч.Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Да хүрээ авто машины зах гэсэн группт дээр Х.Х.З- гэх хаягаар цахим покер тоглуулж байхыг хараад орж тоглоё гэж санаа төрөөд Х.Х.З- гэх цахим хаягны сэтгэгдэл хэсэгт 150000 төгрөгөөр тоглох хүн байна уу? гэхэд Х.Х.З- сэтгэгдэл бичсэн байхаар нь би тэр сэтгэгдэл хэсэгт нь би тоглоё гэж бичсэн. Тэгсэн чинь Х.Х.З- гэх хаягаас гүйлгээгээ хийгээд тогло гэхээр нь би тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хүний цаасан дээр бичсэн 52120583** гэх Хаан банкны данс руу 150000 төгрөг шилжүүлсэн. “habed habed” гэх цахим хаягтай хүнтэй тоглуулсан. Би тэр хүнтэй нь тоглож байгаад мөнгөө алдсан. Тэгээд дахиад 200.000 төгрөгийг тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хүний цаасан дээр бичсэн 52120583** гэх Хаан банкны данс руу шилжүүлээд “habed habed” гэх хүнтэй тоглоод мөнгөө алдсан. Дахиад тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хүний цаасан дээр бичсэн 52120583** гэх Хаан банкны данс руу 400.000 төгрөгийг шилжүүлээд “habed habed” гэх цахим хаягтай хүнтэй тоглоод мөнгөө алдсан. Тэгээд “habed habed” гэх цахим хаягаас цахим тоглоом явуулж байсан бичлэгийнхээ доор сэтгэгдэл хэсэгт “чи мөнгөө алдсан юм чинь хоёулаа нэг мөсөн 1000000 төгрөгөөр тоглоё” гэж сэтгэгдэл бичихээр нь би алдсан мөнгөө олж авах гээд дахиад тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хүний цаасан дээр бичсэн 52120583** гэх Хаан банкны данс руу 1000000 төгрөг шилжүүлээд “habed habed” гэх цахим хаягтай хүнтэй тоглоод мөнгөө алдсан. Нөгөө “habed habed” гэх цахим хаягтай хүн дахиад 3000000 төгрөгт тоглоё гэж сэтгэгдэл бичихээр нь би зөвшөөрөөд тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хүний цаасан дээр бичсэн 52120583** гэх Хаан банкны данс руу 3000000 төгрөг шилжүүлээд “habed habed” гэх цахим хаягтай хүнтэй покер тоглоод мөнгөө алдсан. Тэгээд дахиад тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хүний цаасан дээр бичсэн 52120583** гэх Хаан банкны данс руу 6000000 төгрөг шилжүүлээд “habed habed” гэх цахим хаягтай хүнтэй тоглож байхад шууд явуулж байсан бичлэг нь гацаад дүрс нь надад харагдахгүй байж байгаад намайг хожигдчихлоо гэхээр нь би нөгөө тоглоом зохион байгуулж байсан Х.Х.З- гэх хаяг руу хувь чатаар нь чи “habed habed” гэх цахим хаягтай хүнээс чам руу хийсэн мөнгөний дансны хуулгыг над руу явуул гэхэд над руу дансны хуулгыг явуулаагүй. Чи өөрөө хүнтэй хамтраад намайг залилаад байна аа чи над руу миний мөнгийг явуул гэсэн чинь намайг Х.Х.З- гэх хаяг “habed habed” гэх хаяг хоёулаа намайг блоклосон.” гэх мэдүүлэг /хх 96/,

4. Хохирогч Ч.Ч.О-ын 57513542** дугаартай Хаан банкны дансны хуулга /хх 55/,

            5. Шүүгдэгч Б.Б.О-ын 52120583** дугаартай Хаан банкны дансны хуулга /хх 67/,

 

            Шүүгдэгч Б.Б.О-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 22/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт /хх 114/, эзэмшил, өмчлөлийн газартай эсэх тодорхойлолт /хх 116/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 117/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 122/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 123-128/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 134/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 137-138/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Ч.Ч.О-ын шүүхэд ирүүлсэн “10750000 төгрөгийг Бат-Эрдэнийн Б.О-аас бүрэн гүйцэт гаргуулж авсан. Б.Б.О-т гомдол байхгүй” гэсэн тайлбар, шүүгдэгч Б.Б.О-ын ...” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б.О- бусдад учруулсан 10750000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Ч.Ч.О- нь “хохирол төлбөр 10750000 төгрөгийг Б.Б.О-аас бүрэн гүйцэд гаргуулж авсан” гэх мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр өгсөн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  

   5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ