Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Харчин овогт Б.Л-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, 51 настай, улсад 20 жил ажилласан. Үүнээс 1985 оны 09 сарын 09-нөөс 1986 оны 10 сарын 28-ныг хүртэл Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай зоогийн газарт угаагчаар ажиллаж байгаад 1986 оны 10 сарын 28-наас 1987 оны 08 сарын 01-нийг хүртэл Худалдаа нийтийн холны трестийн туслах аж ахуйд ногоочиноор ажилласан. Мөн трестэд 1987 оны 08 сарын 01-нээс 1989 оны 06 сарын 10-ныг хүртэл тахиачнаар ажилласан юм. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн миний ажилласан жилийн хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 09-наас 1989 оны 06 сарын 10-ныг хүртэл угаагч, ногоочин, тахиачинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 06 сарын 12-ны өдрийн 66 дугаартай Мандалговь хотын харъяа нэгдсэн туслах аж ахуй байгуулагдах болсон тул Худалдаа бэлтгэлийн трестийн тахиачин Б.Л.. чөлөөлж хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэсэн Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын тушаалын хуулбар,

Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 09 сарын 22-ны өдөр олгосон №133443 дугаартай Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 09 сарын 09-ний өдрийн Б/13 тоот, 1986 оны 10 сарын 28-ны өдрийн 134 дүгээр тушаал бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргын 1987 оны 03 сарын 29-ний өдрийн №642726 дугаартай 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-04 сар, 1990 оны 07-12 сар, 1991 оны 01-08 сарын цалин, татварын бичилт хийгдсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

Трестийн захиргаа Үйлдвэрчний эвлэл хорооноос 1988 оны 04 сарын 14-нд Б.Лд олгосон Аваргын гэрчилгээ,

Гэрч О.Ц , Н.Б , Ж.М р нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Б.Л-ийн Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 09-наас 1989 оны 06 сарын 10-ныг хүртэл угаагч, ногоочин, тахиачинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт бүрэн хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 19-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Л-ийн Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 09-наас 1989 оны 06 сарын 10-ныг хүртэл угаагч, ногоочин, тахиачинаар ажиллаж байсан нь хэргийн 6-7-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, тушаалын хуулбар, 8-9-р хуудсанд авагдсан Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, Аваргын гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Б.Л-ийг Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 09 сарын 09-наас 1989 оны 06 сарын 10-ныг хүртэл угаагч, ногоочин, тахиачинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.ХИШИГДЭЛГЭР