Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0434

 

 

2015 оны 9 сарын 10 өдөр      Дугаар 221/МА2015/0434

 

 

Д.Б ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Э, хариуцагчийн өмгөөлөгч У.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.Б ийн нэхэмжлэлтэй АЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...АЕГ-ын дарга И.С нь намайг өвчтэй буюу ажлаас түр чөлөөлөгдсөн байх хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 14-нд Ажлаас халах тухай Б/14 дүгээр тушаал гаргасан нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн... Иймд, уг тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг Архивын ерөнхий газраас нөхөн олгуулах, АЕГ-ын Сургалт судалгааны газрын даргын албан ажилдаа эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шалгалтаар Д.Б  нь ажлын байрандаа албан хаагчидтай зүй бус харьцдаг, эмэгтэй албан хаагчидтай албаны бус харилцаа үүсгэхийг оролдож, зүй бусаар дарамталдаг үйлдэл нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг зөрчсөн нь тогтоогдсон... 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.Б  нь нүдний торлог гэмтэлтэй, ажлаа хөнгөвчилж хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гээд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг үндэслэн АЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн... Д.Б  нь 2002-2013 оны 08 дугаар сар хүртэл тус газрын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагын ажилтан, албан хаагчдыг хууль бусаар ажилд томилдог, чөлөөлдөг, тушаал дэвшүүлдэг, бууруулдаг, зэрэг ноцтой зөрчлүүд гаргаж байсан нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, АЕГ-ын Дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөн үйлдэл болох ба ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдсон...

Ажил, албан үүрэгтэй нь холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй хүнийг төрийн захиргааны албан тушаалд ажиллуулж байсан, жирэмсний болон амаржсаны амралтаа авч байгаа ажилтнуудыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажлаас нь чөлөөлөөгүй, тушаал шийдвэрийг нь гаргаж танилцуулаагүй, ажил албан тушаалыг нь хууль тогтоомжийн дагуу хадгалаагүй, оронд нь түр томилогдох ёстой ажилтнуудад эрх, үүргийг нь тайлбарлалгүй тухайн орон тоон дээр үндсэн ажилтнаар томилж байсан тушаал гаргаж байснаас үүдэн өнөөдрийн байдлаар ажил, албандаа эргэн орох хүсэлтэй 10 гаруй хүний асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд хүнд нөхцөл байдалд байгууллагын өнөөгийн удирдлагыг оруулсан, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх үүднээс тус газар дээр ажиллаж байгаа гэрээт архивч-операторч нарыг ажиллуулахдаа хууль зүйн хувьд шаардлага хангасан гэрээ байгуулаагүй, гэрээний сунгалт хийлгүй ажиллуулж, цалинжуулж байсан, Үндэсний архивын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2006 оны 03 дугаар сарын 24-нд эхний удаа, 2006 оны 09 дүгээр сарын 28-нд хоёр дахь удаагаа өөрийн хадам эцгээ нас барсан гэж тус бүр 100,000 төгрөгийн буцалтгүй тусламж авсан нь хамгийн сүүлд саяхан тогтоогдсон...

Иймд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.2, 26.3, 26.7, Засгийн газрын тогтоолоор баталсан ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.4 болон Хууль зүйн сайдад хандаж гаргасан иргэний өргөдлийн дагуу Хууль зүйн яамнаас явуулсан шалгалтын дүн, Хууль зүйн яамны 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4/1672 тоот албан бичиг, дээр дурдсан Д.Б т холбогдох санхүү, ажил, албан үүргийн, ёс зүйн зөрчлүүдэд үндэслэн түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр ажлаас халсан... Мөн Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтэд Төрийн албаны тухай хуулийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг баримтлаагүй байна гэсэн боловч мөн хуулийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байгаа нь 2014 оны 4, 5 дугаар саруудад түүнд холбогдох зөрчлүүдийг илрүүлсэн, зарим зөрчлүүд нь гараад 6 сарын хугацаа өнгөрөөгүй байсан тул АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дугаар тушаал хууль зүйн үндэстэй, Д.Б т авсан сахилгын арга хэмжээ нь хуульд заасан хугацаанд авагдсан...

Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2014 оны 10 дугаар сарын 17-нд тус тус гарсан боловч иргэн Д.Б ийн хэдэн оны хэдэн сард гаргасан гомдлыг авч хэлэлцсэн талаар дурдаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан ёс зүй, ажил, албан үүрэгтэй нь холбоотой зөрчлүүдийг авч хэлэлцээгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Б  нь Төрийн албаны зөвлөлд хэзээ гомдол гаргасан нь тодорхой бус, хуульд заасан хугацаанд буюу 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 1 сарын хугацаанд гаргасан эсэх нь эргэлзээтэй байна.

2. Нэгдүгээр шаардлагад гаргасан тайлбаруудыг үндэслэн Д.Б т ажилгүй байсан үеийн цалин нөхөн олгох боломжгүй, хууль зүйн үндэсгүй.

3. АЕГ-ын Сургалт, судалгааны газрын даргын ажилдаа эргүүлэн томилуулах талаар Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн АЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай А/168 дугаар тушаалаар тус газрын Сургалт, судалгааны газар гэдэг нэгж татан буугдсан, мөн АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаал хууль зүйн үндэстэй гэж үзэж байгаа тул Д.Б  нь төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлд гаргасан бидний тайлбар, түүнд холбогдох дээр дурдсан хууль бус, ёс зүйгүй үйлдэл, зөрчлүүдийг тал бүрээс нь хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, 26.3, 26.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б ийн АЕГ-ын даргад холбогдуулан гаргасан Ажлаас халах тухай АЕГ-ын дарга И.Саруулын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн олгуулах, АЕГ-ын Сургалт судалгааны газрын даргын ажилдаа эргүүлэн томилуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б  давж заалдах гомдолдоо: ...1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Батхуяг нь шалгалтаар тогтоогдсон 10 зөрчлөөс 6 зөрчлийн талаар маргаагүй байна. Тухайлбал: ... гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг буруу дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь: Миний тайлбарт дурдсан зүйлүүд нь надад сахилгын шийтгэл, ялангуяа ажлаас халахад хүргэхүйц зөрчил гэж үзэхээргүй байгаагийн зэрэгцээ хуульд зохигчийн мэдүүлэг гэх нотлох баримтын төрөл байхгүй, харин зохигчийн тайлбар нь нотлох баримтын нэг төрөл байхаар хуульчлагдсан байхад хариуцагчийн мэдүүлэг гэж бичсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарч буйг нотолж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 07 тоот тушаалын үндэслэлийн талаар Д.Б  өөрөө маргасан, АЕГ-ын дарга И.С нь Д.Б тай харилцан тохиролцож, түүний гаргасан зөрчлийг нуун далдлах зорилготойгоор Б/07 тоот тушаалыг гаргасан болох нь И.Саруулын гэрчээр өгсөн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогддог тул Д.Б ийг захиргааны чөлөөтэй байхад нь ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл энэхүү дүгнэлт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн доорх тайлбараар юуны өмнө үгүйсгэгдэж байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа ...Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу яамны ажлын хэсэг 2014 оны 02 дугаар сарын 14-нөөс 17-ны хооронд Архивын ерөнхий газарт шалгалт хийсэн, энэ шалгалтаар ... Б-ийг төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцон, хариу мэдэгдэхийг Хууль зүйн сайдын 2014 оны 03 дугаар сарын 12-ны 1850 тоот албан бичгээр үүрэг болгосон" гээд гэвч энэхүү бичиг ирэхээс өмнө эрүүл мэндийн шалтгааны улмаас АЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний тушаалаар Д.Б ийг төрийн албанаас түр чөлөөлсөн байсан... Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/9 тоот албан бичгээр Б-ийг чөлөөлсөн АЕГ-ын даргын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, албан хаагчийн өөрийнх нь хүсэлтэд үндэслэсэн байна гэж үзсэн гэж тайлбарласан байгаа.

Түүнчлэн дээрх хэсэгт гэрч С-ын мэдүүлгийг үндэслэсэн гэсэн байгаа боловч гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн этгээд байхаар хуульчилсан байхад хариуцагч байгууллагын дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон И.С гэх хүнийг гэрчээр байцааж, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талын эрх ашгийг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны эрх бүхий албан тушаалтан захиргааны акт гаргахдаа хуульд заасан үндэслэлийг иш үндэс болгодог байхад ямар нэгэн хууль бус зүйлийг нуун дарагдуулахын тулд тушаал гаргасан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн гүйцэд эргэлзээгүйгээр үнэлээгүйг буруу гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...АЕГ-ын даргын "Ажлаас халах тухай" 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаал хууль зүйн үндэстэй, Д.Б т авсан сахилгын арга хэмжээ нь хуульд заасан хугацаанд авагдсан гэж үзэж байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Батхуягт арга хэмжээ авах үндэслэл болгоод байгаа зөрчлүүдийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн болох нь нэхэмжлэгчийн өөрийн нь тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, Хууль зүйн сайдын 2014 оны 03 дугаар сарын 12-ны 1/850 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг үндэслэн эрүүл мэндийн байдлын улмаас намайг төрийн албанаас түр чөлөөлсөн байсан атлаа 2014 оны 05 дугаар сарын 14-ний Б/14 дүгээр тушаалаар ажлаас халах тухай тушаал гаргасан байхад шүүх дээрх байдлаар буруу дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус болж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний эрх ашгийг хохироосон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б  нь шүүхэд АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 5 дугаар сарын 14-ний Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн олгуулах, АЕГ-ын сургалт судалгааны газрын даргын ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1/ АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Д.Б ийн гаргасан өргөдлийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг зүйтэй гэж үзэж 2 дахь заалтаар АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүйд тооцжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэж заасны дагуу уг тушаалыг хүчингүй болгосон байна.

Хариуцагч Архивын ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч байгаа тухай хариу тайлбартаа дурьдсан боловч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь АЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байхад нь дахин ажлаас халсан тушаал гаргасан нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэгэнт хүчингүй болсон захиргааны актанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхааралгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

2/ АЕГ-ын сургалт судалгааны газрын даргын ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар : Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор АЕГ-ын даргын Ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ. Иймд нэхэмжлэгч Д.Б ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэстэй байна. Гэвч Хууль зүйн сайд 2015 оны 01 сарын 20-ны өдөр АЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай А/13 тоот тушаалыг гаргасан байх бөгөөд дээрх тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалт судалгааны газар батлагдаагүй байна.

Иймд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих... гэж заасны дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийг ажлаас халсан 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 2014 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн Б/14 тоот тушаалын үйлчлэл сэргэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 1 жилийн хугацааг өнгөрсний дараа буюу 2015 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тооцож үзэхэд 3 сар ажлын 12 хоног болж байна. Засгийн газрын 2012 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 78 дугаар тогтоолд заасны дагуу ТЗ-10-5 нь 778.763 төгрөгөөр тогтоогдсон байх тул Д.Б т 2.761.068 төгрөгийг /778.763х3 сар +778.763/22 хоног х12 хоног/ гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Д.Б  нь ажилгүй байсан бусад хугацааны цалин болон бусад нэмэгдлээ нэхэмжлэнэ гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар АЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Ажлаас халах тухай Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрт 2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б ийг цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч АЕГ-ын даргад даалгасугай, 3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б т ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.761.068 төгрөгийг Архивын ерөнхий газраас гаргуулан олгосугай. гэсэн заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 4, 3 дахь заалтын дугаарыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:            

 

                ШҮҮГЧ                                                                                    Д.БААТАРХҮҮ

 

                ШҮҮГЧ                                                                                    Д.БАТБААТАР

 

                ШҮҮГЧ                                                                                    Э.ЗОРИГТБААТАР