Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0751

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр           Дугаар      0751          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЭОХ” ХХК,

Хариуцагч: БЗДГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДГЗБА-ны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулж, ******* тоот гэрчилгээний дагуу тооцуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийг ямар ч үндэслэлгүйгээр газрын төлбөрийг хэт нэмэгдүүлсэн гэж үзэж байна. 2016 оноос хойш газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Газрын төлбөрийг хэт нэмэгдүүлснээс хойш газрын төлбөр төлөх, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Анх авсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахын тулд газрын төлбөрийг анхных шиг нь болгож өгнө үү.  Бид 2015 онд энэ газрыг ашиглах эрхийг авч байхдаа аялал жуулчлалын зориулалтаар авч, бүтээн байгуулалт хийж, хүмүүсийг ажиллуулж эдийн засгийн хувьд үр дүн гаргаж улсдаа баялаг бүтээе гэсэн төсөл боловсруулаад авч байсан. Тухайн үед бүх бололцоогоор төлбөрөө төлж байсан. 2019 он хүртэл бүх гэрээний заалтын дагуу төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Гэтэл 2019 онд бидэнд мэдэгдэлгүй гуравласан гэрээг хийлгүйгээр хариуцагч шинэ тогтоол гаргасан. Эдийн загийн үүднээс 10 сая төгрөгөөр төлөгдөж байсан зүйлийн үнэ 7 дахин өсөөд 70 сая төгрөг болчихоор эдийн засгийн хувьд төлөх ямар ч боломжгүй болсон. Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам аль аль нь иргэдийнхээ төлөө үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл 7 дахин төлбөрөө нэмсэн гэдгээ мэдэгдээгүй. Мөн гэрээгээ шинэчлэх тухай мэдэгдээгүй байж төлбөрөө төл гээд гэнэт их хэмжээний мөнгөн дүн бүхий нэхэмжлэх явуулсан. Манай байгууллагын зүгээс зохицоод төлбөрөө төлье, мөн газрын эрхээ гэрээнд заасны дагуу сунгуулъя гэсэн. Нэмэгдсэн мөнгөө заавал төл, төлбөрөө төлөхгүй бол бид гэрээ дүгнэсэн акт өгөхгүй гээд бидний эрх ашгийг зөрчиж эхэлсэн. Ингээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул бид шүүхэд хандсан. Эрх зүй нь президент гэх зүйл байдаг. Бусад 10-аад аж ахуйн нэгжүүд нь бүгд тохироод урьд талын тогтоолоор төлбөрөө төлөхөөр болсон байхад яагаад манай компанийг төлбөрөө заавал төл гээд байгааг би ойлгохгүй байна...” гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд хоёр зүйлийг үндэслэл болгож байгаа. Тойргийг хоёр янзаар тогтоосон бөгөөд хөдөө аж ахуйн үнэлгээний тойрог, хот тосгон бусад суурин газрын үнэлгээний тойрог гэж хоёр янз байгаа. Маргаан бүхий газар нь уг үнэлгээний тойргийн аль алинд нь хамаарахгүй байхад энэ тойрогт оруулаад төлбөр нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй юм. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаа газарт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын жишгийг хараад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын төлбөрийг төлөх гэхэд байж боломжгүй төлбөр ногдуулдаг. Манай газар эзэмших эрхийн гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар гэх үг байхгүй. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэггүй байхад энэ төрөл рүү оруулж байгаа нь хууль бус юм. Газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хууль бус юм. Итгэлцүүрийн тоон утга доторх 16 бүсэд ахин 17 хувилбар байгаа тул манай компанид ногдуулсан төлбөрийн үндэслэлээ засаж ирүүлэх байх гэж бодтол үгүй гэсэн.  Засаж ирүүлэх юм бол тэрүүгээр нь төлбөрөө төлөөд маргаангүй байя гэж бодсон...” гэв.

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын төлбөрийг тухайн үед хүчин төгөлдөр байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэхэмжилсэн. Одоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хүчингүй болсон байгаа ч дахин батлахад газрын төлбөрийг Богдхан уулын дархан цаазат газар нутагт болон бусад 16 зориулалтаар газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгжийн саналыг авч байгаа. Нэхэмжлэгч тал нь хуучин газрын төлбөрөөр төлөх санал байна гэсэн боловч хуучин газрын төлбөрөөр төлөх боломжгүй. Учир нь 1997 оны тогтоол нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны ******* гэх тогтоолоор хүчингүй болсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн газар нутгийн онцлог, газар эзэмшиж, ашиглаж байгаа байдлыг үндэслэн хэсгийнхээ гарын төлбөр гэх мэт тогтоолыг баталдаг. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолын дагуу 2019 оны ******* дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолыг үндэслэж газрын төлбөрийг нэхэмжилсэн.  Газрын төлбөрийг батлахын тулд телевизор, радиогоор газар эзэмшиж ашиглагчдад масс мессеж илгээж, зурагтын сувгаар мэдээ гаргаж байсан. 2018 онд ******* дугаар тогтоол батлагдахад гэрээ гэрчилгээг шинэчилж, шинэчилсэн тогтоолоор газрын төлбөрөө төлөх  тухай зурвас мессеж илгээж, зурагтын сувгаар сурталчилж байсан. Нэхэмжлэгч компанийн захирал болон менежер нарт масс мессеж илгээсэн байсан. Тухайн үед мэдэгдээгүй ч энэ оны 01 дүгээр сард газрын төлбөрөө төлж, тооцоо нийлэх гэсэн юм гээд нэхэмжлэгч компаниас ирсэн. Ингээд манай байгууллагаас шинэ засгийн газрын тогтоол шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газрын төлбөрийг төлөх тогтоолыг шинэчлэн батлагдсан гээд тайлбарлаж хэлсэн. Уг тогтоолоор 6 дугаар бүсэд газрын 1 м.кв үнэлгээ ийм болсон гээд төлбөрийг нь бодож өгсөн. Ингээд нэхэмжлэгч компанийн менежер нь нэхэмжлэх аваад явсан. Нэхэмжлэхийг авч явсны дараагаар БЗДГЗБА-нд болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд зэрэг албан бичиг явуулсан байсан учир хариуг нь өгсөн. Газрын төлбөрийг хуучин үнэлгээгээр тооцох үндэслэл байхгүй. 20 жилийн дараа газрын төлбөрийн суурь үнэлгээ өөрчлөгдсөн. “ЭОХ” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн 396 тогтоолоор боддог байсан. Ингэж боддог байсан шалтгаан нь 2010 оны 539 дүгээр тогтоол нь таван бүстэй байсан. Нэхэмжлэгч компанийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын байрлал нь зургаараа гуравдугаар бүсэд хамаарагддаг. Гуравдугаар бүсэд газрын төлбөрийн 1 м.кв үнэлгээ нь 132 төгрөг байдаг. Хуулийн дагуу гуравдугаар бүс нь тусгай хамгаалалттай газар нутагт орж байсан учир үнийн дүнг гурав дахин үржиж 1 м.кв газрын төлбөрийг тооцдог. Газрын төлбөр нь одоогоор яагаад ингэж их өссөн бэ гэвэл тусгай хамгаалалттай газар нутагт эзэмшиж ашиглаж байгаа газар нь 6 дугаар бүсэд хамаарагдана. Нэхэмжлэгч компанийн эзэмшиж ашиглаж байгаа газар нь худалдаа бүх төрлийн үйлчилгээ гэх ангилалд багтдаг бөгөөд аялал жуулчлал нь худалдаа бүх төрлийн үйлчилгээ гэх зориулалтад орно гэх засгийн газрын тогтоолын тайлбар хэсэгт байгаа. 6 дугаар бүсийн 1 м.кв суурь төлбөр нь 960 төгрөг байдаг. Ингээд 960 төгрөгийг 3 дахин үржүүлж тооцдог. 0.6 га газар нь 74-75 сая төгрөгийн төлбөр төлөх юм. Дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарах гэж байгаа учир саналаа өгөх хэрэгтэй. Ингээд шинэ тогтоол батлагдах хүртэлх газрын төлбөр нь хуучин 32019 оны ******* дугаар тогтоолоор бодогдоно. Хуучин 2010 оны 539 дүгээр тогтоолоор газрын төлбөрийг ногдуулах боломжгүй. Маргаан бүхий актыг холбогдох  тогтоол хуулийн дагуу гаргасан. Хуулийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа...” гэв. 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 1.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл бүсийн зааг, хязгаарыг тогтоолын нэгдүгээр, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг, гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, БЗДГЗБА-ны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “******* тоот гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа газрын төлбөрийг хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан бууруулж буюу одоогийн байдлаар тогтоолгох” гэж нэмэгдүүлээд шүүх хуралдааны явцад “******* тоот гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа газрын төлбөрийг гэрээний дагуу тооцуулахыг даалгах” гэж тодруулжээ.

Нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл бүсийн зааг, хязгаарыг тогтоолын нэгдүгээр, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг, гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс “…манай компани 2015 оны А/******* дугаар тушаалаар 2,6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж эрхтэй болсноос хойш гуравласан гэрээнд заасны дагуу газрынхаа төлбөрийг төлөх үүргээ тасралтгүй биелүүлж ирсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тогтоолын дагуу гэж Газрын албаны зүгээс компанитай байгуулсан газар ашиглах гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тогтоосон” гэж, хариуцагчаас “…газрын төлбөрийн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн ******* дугаар тогтоолыг үндэслэн ногдуулсан” гэж тайлбарлаж байгаа болно.

            “ЭОХ” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын  /хуучин нэрээр/ 2015 оны А/******* дугаар тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутгийн Төрхурахын ам нэртэй газарт 2,6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай  ашиглуулах эрхийг авч, ******* дугаартай гэрчилгээ олгож, гуравласан гэрээг байгуулжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай  2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн ашиглаж буй 2,6 га газрын нэгж үнийг 396 төгрөгөөр тогтоож, жилд 10,296.000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын *******-ны дотор төлөхөөр заажээ.

            Гэвч БЗДГЗБА-наас 2019 оны төлбөр, алданги, 2020 оны 1 дүгээр улиралд шинэ үнэлгээгээр 97,413.000 төгрөг төлөхийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч компаниас шаарджээ.

            “ЭОХ” ХХК нь газрын төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, гэрээ шинэчлэн байгуулаагүй байхад газрын төлбөрийг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч компани ******* дугаартай гэрээнд заасны дагуу  газрыг төлбөрийг бүрэн төлж ирсэн болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

            Хариуцагчаас газар ашиглах гэрээг өөрчлөн шинэчлээгүй, мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын үнэлгээ, итгэлцүүр шинэчлэн тогтоосон 2019 оны ******* дугаар тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл бүсийн газрын төлбөр тооцох тухай итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай” 38 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

            Хүчингүй болгосон үндэслэлээ “дэлхий нийтэд тархсан Коронавирус халдвар цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл ихээр үүссэнтэй холбоотой дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт”-ийг харгалзан үзсэн гэжээ.

            Дээрх 2020 оны 38 дугаар тогтоолоос үзвэл газрын төлбөр тооцох итгэлцүүрийг нэмэгдүүлэн тогтоосон 2019 оны ******* дугаар тогтоолыг хүчингүй болгосноор тус компани газрын төлбөрийг өмнөх буюу гэрээнд заасан хэмжээгээр төлөх нөхцөл байдал үүссэн байна.

            Хариуцагчийн 2019 оны ******* дугаар тогтоол гарсан өдрөөс буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тус тогтоолыг хүчингүй болгосон 2020 оны 38 дугаар тогтоол гарсан өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хэмжээгээр газрын төлбөр төлөх ёстой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана: газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “газар эзэмших, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “ газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана: газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”, 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заажээ.

            Тэгвэл нэхэмжлэгч компани дээрх хуульд заасны дагуу газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаа,  хэмжээний дагуу төлж ирсэн, мөн газар ашиглах гэрээг шинэчлээгүй байхад нэхэмжлэгч компаниас газрын төлбөрийг нэмэгдүүлэн шаардсан хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, газрын тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “ эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан байна.

Гэвч дээрх хуулийн дагуу  тогтоосон 2019 оны ******* дугаар тогтоолоо тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “иргэдийн санал хүсэлтийн дагуу” хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гуравласан гэрээний дагуу газрын төлбөрийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6, 34.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг  баримтлан “ЭОХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БЗДГЗБА-нд холбогдох захиргааны хэрэгт БЗДГЗБА-ны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгож, тус компанийн ******* дугаартай гэрчилгээний дагуу ашиглаж байгаа 2.6 га газрын төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* дугаартай гэрээнд заасан хэмжээгээр тооцсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ