Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 120

 

 

О.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01072 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Лхагва-Очирт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56 910 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат,

Хариуцагч П.Лхагва-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Лхагва-Очир нь 2012 оны 8 дугаар сараас эхлэн Ханын материалд барилга барьж байгаа гэж итгүүлэн надаас мөнгө зээлж авсан. Зээлийг цувуулж авсан бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Би дансаар нийт 18 500 000 төгрөг, бэлнээр нийт 38 500 000 төгрөг шилжүүлж өгсөн. Зээлийг хүүгүй авахаар ярьсан бөгөөд 1 жилийн хугацаанд ажил гайгүй болохоор буцааж өгнө гэж тохирсон боловч буцааж өгөөгүй. Иймд шилжүүлсэн 56 910 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Эрдэнэ-Очирын “Сүүмийнх Бүрд” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд компанийн ерөнхий менежерээр сарын үндсэн цалин 800 000 төгрөг авахаар тохирч 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд түүнээс мөнгө авахдаа хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө л авсан. Би түүнээс дансаар 15 000 000 төгрөг авснаа зөвшөөрнө. Бэлнээр өгсөн гэх бусад мөнгө нь надад ажлын хөлс, хөдөлмөрийн хөлс гэж өгч байснаас биш би зээл аваагүй. Бид найз нөхөд байсан учраас цалингаа түүний дансаар, заримдаа бэлнээр авдаг байсан. Би цалингийн цэсэн дээр гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан П.Лхагва-Очироос 13 990 000 төгрөгийг гаргуулж О.Эрдэнэ-Очирт олгож, О.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 920 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэргийн материалд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын архиваас хуулбарлан авчирсан материалд П.Лхагва-Очир нь өөрийн гараар бичиж өгсөн баримтанд "Миний бие П.Лхагва-Очир нь 2011 оны 1 дүгээр сараас 2013 оны сүүл хүртэл 50 000 000 төгрөг авч байсан тухай, түүний дотор 2012 оны 9 дүгээр сард О.Эрдэнэ-Очир өөрөөсөө бэлэн мөнгөөр 13 800 000 төгрөгөөр “Гранд марк-2” автомашиныг ажил аминдаа унаарай гэж авч өгсөн" гэж тодорхой бичсэн байдаг. Гэтэл энэхүү нотлох баримтыг үнэлэж дүгнэлгүй шийдвэр гаргасан. П.Лхагва-Очир нь шүүх хуралдаан дээр өөрийн дансаар О.Эрдэнэ-Очироос 15 000 000 төгрөг авсан гэдгээ тодорхой хүлээн зөвшөөрдөг. Гэтэл уг шийдвэрт энэхүү талаар тусгагдахгүй байгаад туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцэж хуульд нийцсэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир хариуцагч П.Лхагва-Очирт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 910 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид ямар нэг өр төлбөргүй, энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгаж хаасан, нотлох баримт байхгүй гэж маргажээ.

 

Хэргийн 11-31 дүгээр талд Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хариуцагчийн дансанд 14 990 000 төгрөгийг шилжүүлсэн тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх баримтыг хариуцагч нь “нэхэмжлэгчийн харуул хамгаалалтын компанид ерөнхий менежерээр ажиллаж байхад дансаар уг мөнгийг цалинд шилжүүлсэн” гэж, нэхэмжлэгч нь “хариуцагчийг өөрийн компанид ажиллуулж байгаагүй, харин түүний барьж байсан барилгад мөнгө хэрэгтэй боллоо гээд надаас зээлсэн мөнгө гэдгийг уг баримт нотолно” гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч “нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн мөнгө цалин байсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлдүүлсэн үйл баримтыг нотолж Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргасан бөгөөд уг баримтаас үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар О.Эрдэнэ-Очир нь П.Лхагва-Очирт 14 990 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн 2012 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид буцаан төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцоод 13 990 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хэргийн 10 дугаар талд авагдсан эрүүгийн журмаар Цагдаагийн байгууллагад  хариуцагчийн өгсөн тайлбар талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаанд дангаараа нотолгооны ач холбогдолтой баримт болж чадахгүй тул уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр 36 910 000 төгрөг өгсөн гэх тайлбараа нотолгооны өөр бусад хэрэгслээр нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ