Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00091

 

Дэ Мэкунэм Алексис Луис Роланд

/De Mecguenem Alexis Lous Roland/-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01204 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1383 дугаар магадлалтай,

 

Дэ Мэкунэм Алексис Луис Роланд /De Mecguenem Alexis Lous Roland/-ын нэхэмжлэлтэй,

С.Мөнхзулд холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 405.596.560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянсангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, Г.Жанчив, хариуцагч С.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянсан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцыг 322.200 ам.доллараар худалдан борлуулахаар С.Мөнхзултай харилцан тохиролцож, 2012/09/45Б-1 тоот худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд байрны төлбөрийг 100 хувь төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхэлнэ гэж заасны дагуу С.Мөнхзул орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг ашиглах эрх үүсэх байсан боловч, хариуцагч байрны мөнгөө удахгүй өгнө байрандаа орж байя хэмээн удаа дараа гуйсан тул итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195.050 ам.доллар буюу 391.623.340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй, гэрээ болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд ямар ч үнэ төлбөргүй амьдарч байна.

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцнаас С.Мөнхзулыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Би   Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 метр квадрат талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471.056.400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166.160 ам.долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь байрнаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа, уг байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь байр мөөгөнцөртэй, хариуцах эзэнгүй нь улмаас доголдлыг арилгуулах боломжгүй зэрэг шалтгаантай байсан одоо ч энэ шалтгаан арилаагүй байгаа тул миний бие дээрх гэрээнээс татгалзаж, байранд ороход төлсөн 166.160 ам.долларын сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2.441 төгрөгөөр тооцож нийт 405.596.560 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч худалдан авсан байрныхаа үнийг бүрэн төлж дуусаагүй байж нэхэмжлэгчээс 166.160 ам.доллар буюу 405.596.560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01204 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас төлсөн 2.185.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1383 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянсангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянсан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1360 дугаар 1383 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.Хариуцагч худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлөлгүй гэрээгээ зөрчсөн. Хоёрдугаарт нэхэмжлэгч хариуцагчийг худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлөлгүйгээр амьдарч болно гэсэн зөвшөөрлийг олгоогүй болно.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг гэрээний үндсэн дээр, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хууль ёсоор эзэмшиж байна гэж дүгнэх ямар ч боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг зөрчиж ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ... эсхүл Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасны дагуу шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн ... Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ... гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцааж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч 2013 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 2012/09/46Б-1 тоот Худалдах худалдан авах гэрээ-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 322.000 ам.доллараар хариуцагчид худалдсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 мөн гэрээний 3.2.2-д ''Гэрээний төлбөрийг 100 хувийг төлсний дараа Байр хүлээлцсэн акт үйлдэж түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхлэх гэж тус тус заасны дагуу хариуцагч нь худалдан авч байгаа байрны үнийг бүрэн төлж дуусгасны дараа байраа эзэмших, ашиглах эрх үүсэхээр байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нь худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 195.050 ам.доллар буюу 391.623.340 төгрөгийг төлөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөгчийн байранд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 6 жилийн хугацаанд амьдарч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийг худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж дуустлаа нэхэмжлэгчийн орон сууцанд амьдрах эрхгүй гэж үзэж байгаа гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдраад байна. Иймээс Худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж дуусах хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэсэн маш тодорхой шаардлагыг шүүхэд гаргасан.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01204 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1383 дугаар магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баянсан нь С.Мөнхзулд холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 166.160 ам доллар буюу 405.596.560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоотын гурван өрөө орон сууцыг 322.200 ам.доллараар худалдах тухай 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг үндэслэл болгосон байх бөгөөд уг гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч байсан талаар зохигч маргаагүй байна. Тухайлбал, шүүх өмнө нь уг гэрээг хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэж, гэрээний үүрэгт С.Мөнхзулаас 391.623.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, ...мөн нэхэмжлэгчийн байранд үнэ төлбөргүй сууж байгаа талаар дурдсан байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөлд дүгнэлт хийлгүйгээр ...хариуцагч нь гэрээний үндсэн дээр, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийг хэрэглэх ёстой эсэх, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, зохигчийг мэтгэлцэх боломжоор хангасны үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1383 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянсангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ