Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00079/И |
Дугаар | 181/ШШ2018/00400 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2018/00400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б РД: /-ийн
хариуцагч: М РД: /-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өлзийбадрахын Мын хүсэлтээр 5 000 000 төгрөгийг 11 хоногийн хугацаатай, өдрийн 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, үлдсэн 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх нөхцөлтэйгөөр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан Ө.Мад 5 000 000 төгрөгийг зээлж бэлнээр өгсөн. Тохирсон хугацаа хэтрэхэд би мөнгөө нэхэхэд 1 сар гаргаад өгье гэчихээд Ө.М нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Би Ө.Маас хүү алданги шаардахгүй, зөвхөн өгсөн 5 000 000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна.
Иймд Ө.Маас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ө.М хуралдаанд ямар ч шалтгаангүй ирсэнгүй, өмнөх хуралд бас ирээгүй тул байлцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг хариуцагч Ө.Маас нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч 5 000 000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй гэж нэхэмжилсэн шаардлагад хариуцагч маргаагүй.
Хариуцагч Ө.М нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26,38, 67.1.4, 72.2, 72.3., 76.2, 77.8, 86.2, 100.3,100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй биечлэн танилцсан ба нэхэмжлэлийг гардан авсан, шүүгчээс тогтоосон 14 хоног буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл хариу тайлбар, мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл болно.
Хариуцагч Ө.М 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд ямар нэг баримт хүсэлт ирүүлэлгүй хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулж хэргээ шийдүүлэх хүсэлт гаргаснаар талуудыг мэтгэлцээнд тэгш оролцуулах боломж олгож хуралдааныг хойшлуулсан.
Ө.М 2018 оны 2 сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааны товыг мэдэж, баримтад гарын үсэг зурсан нь шүүхийн мэдэгдэх хуудас /хх 15-16 тал/ баримтаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй ба хариуцагчийн 99965326 дугаарын гар утсанд шүүхийн ажилтан удаа дараа залгахад утсаа аваагүй болох нь ажилтны тэмдэглэлээр харагдана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3. “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. “ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэл, нэхэмжлэлээ дэмжиж гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт шаардлагаа нотолж бичмэл баримтын хуулийн шаардлага хангаж ирүүлсэн баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэлээ.
Р.Б Ө.М нарын хооронд 2017 оны 12 сарын 14-ний өдөр нотариатаар гэрээний үнэн зөв гэрчлэгдсэн Зээлийн гэрээ /хх-5 тал/ үйлдэгдэж, уг гэрээгээр Р.Б 5 000 000 төгрөгийг 11 хоногийн хугацаатай, өдрийн 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээл өгч, Ө.М нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, үлдэгдэл зээлийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэлцэл хийгдсэн.
Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн харилцааны шинжийг агуулсан хэлцэл байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон хугацаанд зээлсэн мөнгөө нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.
.
Нэхэмжлэгч Р.Б Ө.Мад зээлсэн 5 000 000 төгрөгөөсөө гэрээгээр тохиролцсон хүү болон алдангийг тооцохгүй зөвхөн үндсэн зээл болох 5 000 000 төгрөгөө гаргуулан авах нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаж үгүйсгээгүй.
Хөндлөнгийн хуульчаар гэрээний үнэн зөв гэрчлэгдсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй тул зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн зээл 5 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ө.Маас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Бт олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хувиарлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ө.Маас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Бт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Маас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Бт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.