Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: А.Э -ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: И.Б -д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э миний бие Б-тэй 2000 онд гэр бүл болж 14 жил амьдарсан. 1 хүүхэдтэй хүү Б.Х нь 2003 онд төрсөн. Хариуцагчтай амьдрах хугацаанд хүчирхийлэлд өртөж байнга зодуулж байсан. Б-тэй дахин хамт амьдрах боломжгүй бөгөөд Б-өөс тусдаа амьдрах 3 жилийн хугацаанд хүү маань миний асрамжинд надтай хамт амьдарч байгаа. Бид 2, 14 жил цуг амьдарсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хүү Х-ын төрсөн эцэг болох Б-өөс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

Хариуцагч И.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: И.Б миний бие 2001 оны 6 сард А.Э-тэй хамтран амьдарч эхэлсэн. Бид 2003 онд 1 хүүхэдтэй болсон. 16 жил хамт амьдрах хугацаанд байнга хардаж сэрддэг байсан. 2010 онд ажлаас гаргасан. 2013 оны 3 сараас арга тасран хот руу ээжийнд ирсэн. Хүүхдийн тэтгэлэгийн төлбөрийг төлөх болно. 2017 оны 9 сард данс руу мөнгө хийсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч И.Б-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч И.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 

Хариуцагчид шүүх хурлын товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч хуралд ирээгүй бөгөөд утсаар эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч И.Б нь нэхэмжлэгч А.Э-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.Х-ыг эх А.Э-ийн асрамжинд үлдээж, эцэг И.Б-өөр хүү Б.Х-ыг тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 1805 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.Х-ыг эх А.Э-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 7 сарын 8-нд төрсөн хүү Б.Х-ыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг И.Б-өөр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Э-т даалгасугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 1805 төгрөгийг улсын орлогод оруулсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР