Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                              Хэргийн индекс:166/2022/0038/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-,

Шүүгдэгч Д.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш-д  холбогдох эрүүгийн 2218000000042 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, эхнэр 7 хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хугацаатай хорих ял, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Д.Ш-д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д.Ш- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 14 настай төрсөн хүү О.О.А-гтамхи олж өгсөнгүй” гэж шилэн стакан шидэж улмаар эрүүл мэндэд нь зүүн гуя, тохойнд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Д.Ш- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “тамхи олж өгсөнгүй”-гээр шалтаглан хүү О.О.А-г зодож түүний  зүүн гуя, тохойнд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д.Ш-ын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Д.Д.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож байгаа. Хохирогчоос хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-“Манай ах хүүхдээ зодсон байна” гэх дуудлагыг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан.  /хх 1/,

 

3. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”...хүү О.А- рүү шидсэн гэх хагарч хуваагдсан шилэн стканыг эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв”  /хх 3-5/,

 

            4. Насанд хүрээгүй хохирогч О.О.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав сэрснээ намайг “тамхи олоод ир пизда минь, лалар минь” гэж муухай орилж байгаад над руу стакан авч шидсэн.Тухайн үед би тэр шилэн стканыг зүүн гарынхаа тохойгоор хаасан чинь миний зүүн тохойг онож хагараад хагархай нь миний зүүн хөлийн гуяыг зүссэн. Тэгээд миний гуянаас цус гараад би уйлсан чинь гаднаас манай Ундрах ах орж ирээд аав руу уурлаж цагдаа дуудлаа гэсэн чинь аав гараад зугтчихсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

            5. Насанд хүрээгүй гэрч Ш.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав О.А- ах руу ганцхан шилэн стакан аяга л шидэж цохисон. Бусдаар бол гар болон хөлөөрөө цохиогүй. Тухайн үед агаагийн хөл тохой нь зүсэгдэж цус их гарсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

            6. Насанд хүрээгүй гэрч Ш.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.А- ахыг тамхи олоод ир пизда минь гэж уурлаад сандал дээр байсан шилэн стканыг авч О.А- ах руу шидсэн чинь О.А- ахын гуянд хагархай нь зоогдоод гуянаас нь их цус гараад ах уйлахаар нь би эмээгийн гэр руу орж Ундрах ахад хэлэхэд Ундрах ах орж ирээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

            7. Гэрч Д.У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд гаднаас хүнд тусалж ажил хийж байгаад гэр лүү гээ орох гээд хашаа руу гаа ороод иртэл М-, М- хоёр над руу гүйж ирээд аав агааг зодоод хөлөөс нь цус гаргачихлаа гэж хэлэхээр нь гайхаад яваад ортол О.А-гийн хөлөөс цус гарчихсан, их цус гоожиж байсан ба тохой нь бас шалбарчихсан уйлж байхаар нь О.А-, Мөнхзул, Мөнхцэцэг нарыг өөрийнхөө гэр лүү оруулаад Д.Ш- ах руу та яагаад хүүхдээ зодож байгаа юм бэ? гээд хэлсэн чинь миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би гэр лүү гээ яваад орсон чинь О.А-гийн хөлөөс цус нэлээд гоожиж байхаар нь сандраад эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгчхөөд эмийн хайрцгаасаа маарал гаргаж ирээд О.А-гийн хөлнөөс гоожиж байсан цусыг жаахан тогтоочхоод Д.Ш- ахын гэр лүү яваад орсон чинь Д.Ш- ах гадуур хувцсаа өмсөөд миний өөдөөс гарч ирж байсан ба би мөрнөөс нь бариад цагдаа дуудсан та байж бай гээд хэлсэн чинь миний гарыг түлхэж тавиулчхаад гараад зугтаачихсан юм.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

8. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-О.О.А-гийн биед зүүн гуя, тохойнд хатгагдсан шарх тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-О.О.А-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 39/,

 

9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 60-63/,

 

Шүүгдэгч Д.Д.Ш-ын хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 68/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 70-71/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх /хх 76-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 85-93/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч Д.Д.Ш-, хохирогч О.О.А- нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн эцэг, хүү болох нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

 

Шүүгдэгч Д.Д.Ш-ын гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Д.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д.Ш-д анхааруулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д.Ш- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ... “...аав уучлалт гуйсан. Гомдол саналгүй” гэх тайлбар /хх 17/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархайг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Ш-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

   3.Шүүгдэгч Д.Д.Ш-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д.Ш-д мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагархайг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

   6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ