Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     Хэргийн индекс:166/2022/0031/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-,

Шүүгдэгч А.А.З- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.З-т холбогдох эрүүгийн 2118000000264 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд:

-2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

-2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, А.З-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А.З- нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.О-той маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал, баруун зүүн бугалганд цус хуралт, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгч А.А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б- “А.А.З- хохирогчийн охиныг нь хамгаалах зорилгоор хашаа давж орсон, хохирогч охин руугаа довтлох довтолгоонд саад учруулах зорилгоор 2 удаа түлхсэн талаараа мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Дээрх мэдүүлгээс харахад шүүгдэгчийн үйлдэл нь санаатай хийсэн үйлдэл биш.  Хохирогчид хор учруулах гэсэн санаагаар биш охиныг хамгаалах гэсэн үйлдэл. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 4-д заасан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд  аргагүй хамгаалалт гэдэг нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Тэгэхээр шүүгдэгч А.А.З- нь аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдлын үүднээс хохирогчид гэмтэл учруулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэтгэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох бөгөөд ийнхүү уг зорилтыг хангахын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

 

Өмгөөлөгч П.Б-л шүүх хуралдаанд хохирогч Б.О- охин О.О- болон шүүгдэгч А.А.З-ын эхнэр Э- нар гар утсаар “хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал”-ын талаар ярилцсан ярианы бичлэг гэх CD бичлэг-1, яриаг тэмдэглэл болгон буулгасан -1 хуудас бичиглэл бүхий 2 баримтыг нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгснийг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.7, 16.14-д зааснаар тухайн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байх хуулийн шаардлага биелэгдээгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүгдэгч А.А.З- нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.О- согтуугаар гэртээ дуулж, орилж байх үед шүүгдэгч А.А.З- хашаа даван орж ирж “ингэж амьдрахаар үхээч, п... минь” гэж хохирогчийг цохисон ба хохирогч унаад босож ирэхэд  барьцалдаж аван түүнийг түлхэж унагах, өшиглөх зэргээр зодож цохисон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.А.З-ын энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.О- биед зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал, баруун зүүн бугалганд цус хуралт, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.А.З-ын бусдын эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд  халдсан хууль бус үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч гэмт үйлдлээ хууль бус болохыг мэдэж ухамсарлаж хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 4-д заасан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан боловч шүүгдэгч А.А.З-ын үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэгт тооцно.

 

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу “хохирогч охин О.О-ийн амь нас, эрүүл мэндэд халдсан гэх нөхцөл байдал гэрч О.Э-, насанд хүрээгүй гэрч О.О-г, Б.Э-, гэрч Д.С- нарын мэдүүлгээр хохирогч Б.О- нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-г хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч А.З- аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй тул өмгөөлөгч П.Б- гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.А.З-ын гэмт үйлдлийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч А.А.З- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 08 дугаар сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад би гэртээ ирсэн. Гэрт ирэхэд эхнэр Э- хажуу хашааны хүн архи уугаад агсам тавиад байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд явлаа гэж байсан. Би тухайн өдөр 2 хүүхдийн үсний найранд яваад сэтгэл санаа өөдрөг гэртээ ирээд хувцсаа солиод байж байхад хажуу хашааны хүн шээс минь гэх мэтээр элдвээр хараагаад орилоод охиноо хашаанд элдэж хөөгөөд байхаар нь охиныг нь аврах санаатай хашааг нь давж ороод охиныг нь татах үед газар унасан. Газар хэвтэж байхдаа цустай шүлсээ эхнэр лүү нулимаад байсан. Тэгээд эхнэр цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр нь би болсон хэрэг явдлын талаар хэлсэн. Эхнэр, хажуу айлын охинтой хамт эмнэлэг явсан. Би 2 удаа л түлхэж унагаасан.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Б.О- -оос гаргасан З- гэх залууд зодуулж биедээ гэмтэл авсан гэх гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол мэдээллийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 21:00 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.  /хх 9/,

 

            3. Хохирогч Б.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг шил 0.5л хараа нэртэй архийг ганцаараа уусан юм. тэгээд зах дээр байхдаа би нэлээн муудаад гэр рүүгээ явснаа санаж байгаа юм. Ингээд нэг мэдэхэд маргааш нь эмнэлгийн орон дээр эрүү хугарсан, зүүн гар хавдсан, хоолой хөхөрсөн байдалтай сэрсэн. Би ч юу болсноо санахгүй гайхаад эргэн тойрноо харахад манай охин О- хажууд байсан. Ингээд юу болсон талаар асуухад охин О- хэлэхдээ “Та өчигдөр орой согтуу гэртээ ирээд хашаандаа орилоход А.З- гэх нэртэй залуу орж ирээд таныг зодоод тэгээд бид таныг аваад эмнэлэгт ирсэн” гэж хэлсэн. “...Би Буян захын махны тасагт өглөө 09 цагийн орчим очоод тэнд мах зөөх ажил хийж байгаад орой 19 цагийн орчим махны тасгаас ганцаараа гарсан. Тэгээд захаас 0.33 гр-ын Хараа нэртэй архи авсан. Ямар нэртэй дэлгүүрээс архи авснаа санахгүй байна. Архиа гэртээ харих замдаа ганцаараа уугаад үлдэгдэл архийг гэртээ уусан. Ингээд гэрээсээ гараагүй. Удалгүй А.З- орж ирээд зодоон болсон.” гэх мэдүүлэг /хх 14, 18/,

 

            4. Гэрч О.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ дүү О-, тэгээд өөрийн хүүхэд болох эгчийн хүүхдүүдийг хараад байж байхад орой 22 цагийн үед миний төрсөн аав О- архи уусан согтуу хашаандаа дуулаад ороод ирсэн. Тэгээд гэрт ороод сандал дээр сууж байтал араас манай хамар хашааны А.З- гэх залуу орж ирээд юм хэлэлгүй шууд л манай аавыг нүүрэн тус газарт цохиж унагаагаад дээрээс хөлөөрөө дэвсээд эхэлсэн. Тэгээд дүү бид хоёр сандраад “яагаад байгаа юм бэ хүн аллаа” гэхэд огт тоохгүй шууд цохиод байсан. Тэгтэл араас тэр залуугийн эхнэр нь гэх эмэгтэй орж ирээд наад муу хөгшнөө битүү цохь гээд байсан. Тэгтэл нөгөө А.З- гэх “ингэж амьдрахаар үхээч, пизда минь” гээд манай аавыг учир зүггүй цохиж, өшиглөөд байсан. Тэгээд бид хоёр дийлэхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх 20/,

            5. Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуу айлын О- гэх хүн гэртээ агсам тавиад, орилж хашхираад манай хашаа руу гартаа таарсан зүйлээ шидээд байсан. Тэгээд удалгүй хүүхэд уйлаад байхаар нь манай нөхөр А.З- тэдний хашаа руу ороход бага охиноо зодож байхад нь салгаад О-ыг түлхэж унагаасан.” гэх мэдүүлэг /хх 24/,

            6. Насанд хүрээгүй гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цаг өнгөрч байхад манай аав О- гаднаас согтуу орилоод орж ирсэн. Ингээд гэрт орж ирээд сууж байтал манай хажуу айл болох Дархан сум 2-р баг Октябрь 1-2 тоотод амьдардаг А.З- гэж дууддаг ах орж ирээд шууд манай аавын нүүр рүу нь 1 удаа хүчтэй алгадсан. Тэгээд аав босож ирээд А.З- аав 2 хоорондоо барилцаж байгаад А.З- гэх хүн аавыг цамцнаас барьж байгаад түлхэж унагаагаад нүүр рүү нь гараараа олон удаа цохисон. Мөн гэдэс рүү өшиглөөд “чи хүүхдүүдээ зовоож байхаар үхээч, энэ гол руу ороод үхчих, би чамайг харж байя” гэж хэлээд цохиод байсан. Тэгээд удалгүй А.З- гэх хүний эхнэр манай гэрт орж ирээд А.З- гэх хүн рүү хандан “наадхаа зод” гэж аав руу заагаад байсан ингээд дахиад зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдож байгаад таталт өгч унасан.” гэх мэдүүлэг /хх 30/,

            7. Гэрч Д.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу 20 цаг 53 минутад очиход иргэн Б.О-ы нүүр ам цус болсон байдалтай байсан. Тухайн хаяг дээр О-ы охин гэх эмэгтэй, бас хажуу айл айлаас орж ирсэн гэх эмэгтэй байсан байсан. Би болсон асуудлын талаар О-ы охиноос асуухад “манай аавыг энэ хажуу айлын ах орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн. Ингээд хажуу айлын гэх эмэгтэй болох Э- гэх хүнээс асуухад энэ хүн манай хашаа руу байнга янз бүрийн эд зүйл авч шиддэг. Мөн бид нарыг хэл амаар доромжилдог гэх утгатай зүйлийг хэлж байсан. Тийм болохоор өнөөдөр манай А.З- энэ хүнтэй зодолдсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 32/,

            8. Гэрч З.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О- гэх хүнтэй уулзсан. Миний ажил хийдэг газар буюу Буян захын махны тасагт хааяа ирж мах зөөж өгдөг. Тухайн өдөр буюу 2021 оны 08 сарын 11-ны өдөр манай махны тасагт ирж мах зөөж өгсөн. Өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд махны тасагт байж байгаад орой зах хаах үеэр 19 цагийн орчим гэртээ харина гээд хэлээд ганцаараа явсан. Махны тасагт байхад мах зөөгөөд явж байсан. Хүнтэй маргалдсан зодолдсон асуудал байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 35/,

            9. Гэрч Т.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очиход ахимаг насны эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Байшин дотор 3 эмэгтэй хүн байсан. Хажуу айлын гэх эмэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн надтай хэрүүл маргаан хийгээд байсан. Ингээд би О- гэх хүний биед үзлэг хийхэд таталт өгсөн байсан учраас эмнэлэг рүү авч явахаар болсон.” гэх мэдүүлэг /хх 37/,

7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Б.О-ы биед зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал, баруун зүүн бугалгад цус хуралт, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 42-43/,

 

8. Б.О- нь сэтгэцийн тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байна. Одоогоор архи согтууруулах ундаанд донтох эмгэг илрэхгүй байна.

-Б.О- нь сэтгэцийн тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй боловч өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн, зөвөөр мэдүүлэх чадвартай болно. /хх 53/,

 

Шүүгдэгч А.А.З-ын хувийн байдлыг тогтоосон арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /хх 63-73/, оршин суух хаягийн лавлагаа /хх 73/,гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 76-86/,

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А.З-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан нөхөн төлбөрийг барагдуулсан, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Б.О-д учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгч А.А.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “би 4 хүүхэдтэй. Бага хүүхэд 2 настай, том хүүхэд 12 настай. Эхнэрийн хамт зах дээр лангуу түрээсэлдэг. Дээрх байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг хүсэж байна. Дахин ийм асуудал гаргахгүй” мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.З-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд эхний 5 сард 80000 төгрөгөөр, сүүлийн сард 100000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.А.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.О- нь сэтгэцийн тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэйн улмаас өмгөөлөгч Ө.Ө- өмгөөлөгчөөр сонгон авсан өмгөөллийн хөлс 200000 төгрөг, эмчилгээ, оношилгооны зардал 170000 төгрөг, цаашид эрүүний яс хадуулах хагалгааны зардал 3000000 төгрөг  нийт 3370000 төгрөгийг нэхэмжилж, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч А.А.З-аас 370000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 3000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр 370000 төгрөгийг нөхөн төлөхөөр завсарлага авч ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед хохирол төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б- шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн 1 ширхэг CD бичлэг, тэмдэглэл зэргийг хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.З-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд эхний 5 сард 80000 төгрөгөөр, сүүлийн сард 100000 төгрөгөөр тус тус  хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.З- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.О-д  370000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.О- нь цаашид гарах эмчилгээний зардал 3000000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

   7.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 ширхэг CD бичлэг, тэмдэглэл зэргийг хавтаст хэрэгт хавсаргасугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ