Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллгадагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Л.Б холбогдох 1926003280147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Л.Б

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Л.Б нь  2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22-23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.М-г зодсоны улмаас тархи доргилт зүүн доод эрүүний хугарал, зүүн хацар, хүзүү хоолой зүүн хэсэгт шарх, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүгдэгч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

            Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б ахын гэрт хэсэг хүмүүстэй архи уусан. Хамт архи ууж байсан Б, П нар яваад өгсөн. Б ах гэртээ унтаад үлдсэн. Бид нарыг архи уугаад сууж байхад Л.Б надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгээд би Бээр гэртээ хүргүүлэх гэж явсан. Тэгээд замдаа Арвайхээр сумын 6 дугаар багийн хойд талын овгор шорооны хажууд зогсоод Б нэг шил архи гаргаад ирсэн. Тэрийг нь овгор шороонуудын дунд сууж байгаад хоёулаа уусан. Тэгээд тухайн үед би тасарсан байсан.  Нэг сэрэхэд овгор шороон дотор ганцаараа сэрсэн. Б яваад өгсөн байсан. Сэрээд харахад миний зүүн талын шанаа юмаар зүсэгдсэн байсан. Эрүү өвчтэй болсон байсан. Тэгээд би алхаад гэртээ харьсан. Тэр үед манай эхнэр Д гэртээ байсан. Намайг юугаар хэдэн удаа яаж цохьсон талаар бол мэдэхгүй байна. Тухайн үед би Б-тэй л архи уусан. Бид хоёрыг архи ууж байхад өөр хүн ирээгүй. Бээс өөр хүн намайг зодоогүй .” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 хуудас/,

 

          Гэрч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилдаа явахад манай нөхөр гэртээ үлдсэн. Би орой 22 цагийн үед ажлаа тараад нөхөр лүүгээ залгахад Б ахынд байна гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гэртээ ирээд 23 цагийн үед залгахад манай нөхрийн утас холбогдохгүй байсан. Тэгээд гэртээ байж байхад манай нөхөр 23 цаг өнгөрч байхад нүүр ам нь нил цус болчихсон гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Манай нөхөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Юу болсон талаар сүүлд асуухад Б намайг зодчихлоо би Бтэй хамгийн сүүлд уулзсан гэж хэлсэн. Манай нөхөр тухайн үед тасарчихсан байсан юм шиг байна лээ. Манай нөхөр өглөө намайг ажилдаа явахад зүгээр байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

          Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 16-ны өглөө би 09 цагийн үед Б ахын гэрт оччихоод буцаад гарсан. Тэгээд би орой 18 цагийн үед эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчихөөд Б ахын гэрт очсон. Намайг очиход Б ах, М ах, М энэ 3 архи уугаад сууж байсан. Би задалсан архинаас нь 2-3 удаа татсан. Тэндээ хэсэг байж байгаад эхнэрийн ахынд очиж унтсан. Манай гэр Б ахын арын гудамжинд байдаг. Намайг Б ахынхаас гарахад М ах, Б ах, М 3 үлдсэн. Би 20 цагийн үед гэрээс нь гарсан санагдаж байна. Намайг байх хугацаанд ямар нэгэн зодоон болоогүй. М ах архи ууж байхдаа хамт уусан хүмүүстэйгээ маргалдсан асуудал байхгүй. Би архи их уугаагүй болохоор бараг эрүүл байсан. Харин бусад нь бол нэг их согтоогүй, их л халчихсан байсан. Яг хэн гэж хүнд зодуулсан талаар мэдэхгүй байна. М болон М хоёр архи уучихаараа ерөөсөө таардаггүй, хэрүүл маргаан хийгээд байдаг байсан. Миний бодлоор М зодсон байх. Гэхдээ өөрийн нүдээр хараагүй. Өмнө нь архи уух болгондоо хоорондоо маргалддаг байсан. М ах бол М-ийн өмнөөс юм хэлдэггүй. Залуу хүүхэд гэж бодоод тэгдэг байх ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

 

Шүүгдэгч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б өвгөний гэрт нилээн хэдэн хүмүүс л архи ууцгаагаад байсан. Б өвгөний гэрт М ах, П ах, Г, Б гэх хүмүүс байсан. Архи ууж сууж байхдаа би М ахтай жаахан зүйл дээрээс болж хэрүүл маргаан болсон. Гэхдээ Б ахын гэрт ямар нэгэн маргаан болоогүй. Тэгээд би М ахыг хүргэж өгөх гэж яваад Шаргын хүлэг нэртэй дэлгүүрээс Нутгийн буян нэртэй архи авсан. М ахтай гэрийнх нь хойд талд архиа уусан. Тэгээд архи ууж сууж байхдаа М ахтай мөн л ялихгүй юмнаас болоод хэрүүл болоод байснаа санаад байна. Би М ахыг юугаар цохьсноо санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд би гэртээ сэрсэн. М ахтай бид 2 л архи уусан болохоор би л М ахыг цохьсон байх. Сүүлд харахад зүүн шанаа хэсгийг нь юмаар зүссэн юм шиг байсан. Би шилээр л цохьсон байх. Бид хоёрын дунд зодоон цохион хийж байсан зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №362 дугаартай шинжээчийн:

1. Үзүүлэгч Б.Мын биед тархи доргилт зүүн доод эрүүний хугарал, зүүн хацар, хүзүү хоолой зүүн хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 З. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

 5. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй.

 6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 30 хуудас/, 

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1926003280147 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 97 хуудас/,

 

Хохирогч Б.М-н шүүхэд ирүүлсэн “Л.Б-д холбогдох хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохиролд 500000 төгрөг нэхэмжилснээс 100000 төгрөгийг авсан. Одоо үлдсэн 400000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн хүсэлт, 

 

Шүүгдэгч Л.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22-23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мыг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт зүүн доод эрүүний хугарал, зүүн хацар, хүзүү хоолой зүүн хэсэгт шарх, цус хуралт бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан:

 

            Хохирогч Б.Мын:“...Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б ахын гэрт архи хэсэг хүмүүстэй архи уусан. Бид нарыг архи уугаад сууж байхад Л.Б надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгээд би Бээр гэртээ хүргүүлэх гэж явсан. Тэгээд замдаа Арвайхээр сумын 6 дугаар багийн хойд талын овгор шорооны хажууд зогсоод Б нэг шил архи гаргаад ирсэн. Тэрийг нь овгор шороонуудын дунд сууж байгаад хоёулаа уусан. Тэгээд тухайн үедд би тасарсан байсан.  Нэг сэрэхэд овгор шороон дотор ганцаараа сэрсэн. Б яваад өгсөн байсан. Сэрээд харахад миний зүүн талын шанаа юмаар зүсэгдсэн байсан. Эрүү өвчтэй болсон байсан.  ...Намайг юугаар хэдэн удаа яаж цохьсон талаар бол мэдэхгүй байна. Тухайн үед би Б-тэй л архи уусан. Бид хоёрыг архи ууж байхад өөр хүн ирээгүй. Бээс өөр хүн намайг зодоогүйгэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 хуудас/,

 

          Гэрч Ж.Дын  ”...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилдаа явахад манай нөхөр гэртээ үлдсэн. Би орой 22 цагийн үед ажлаа тараад нөхөр лүүгээ залгахад Б ахынд байна гэсэн. ...Тэгээд манай нөхөр 23 цаг өнгөрч байхад нүүр ам нь нил цус болчихсон гаднаас ганцаараа орж ирсэн. ...Б намайг зодчихлоо, би Бтэй хамгийн сүүлд уулзсан гэж хэлсэн. Манай нөхөр өглөө намайг ажилдаа явахад зүгээр байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

 

          Гэрч Д.Г-ийн “...2019 оны 07 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчихөөд Б ахын гэрт очиход Б ах, М ах,  М энэ 3 архи уугаад сууж байсан. Намайг Б ахынхаас гарахад М ах, Б ах, М 3 үлдсэн. Би 20 цагийн үед гэрээс нь гарсан санагдаж байна. Намайг байх хугацаанд ямар нэгэн зодоон болоогүй. М ах архи ууж байхдаа хамт уусан хүмүүстэйгээ маргалдсан асуудал байхгүй. ...М болон М хоёр архи уучихаараа ерөөсөө таардаггүй, хэрүүл маргаан хийгээд байдаг байсан. Миний бодлоор М зодсон байх. Гэхдээ өөрийн нүдээр хараагүй. Өмнө нь архи уух болгондоо хоорондоо маргалддаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

 

Шүүгдэгч Л.Б-н  “... 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б өвгөний гэрт нилээн хэдэн хүмүүс л архи ууцгаагаад байсан. Б өвгөний гэрт М ах, П ах, Г, Б гэх хүмүүс байсан. Архи ууж сууж байхдаа би М ахтай жаахан зүйл дээрээс болж хэрүүл маргаан болсон. Тэгээд би М ахыг хүргэж өгөх гэж яваад Шаргын хүлэг нэртэй дэлгүүрээс Нутгийн буян нэртэй архи авсан. М ахтай гэрийнх нь хойд талд архиа уусан. Тэгээд архи ууж сууж байхдаа М ахтай мөн л ялихгүй юмнаас болоод хэрүүл болоод байснаа санаад байна. Би М ахыг юугаар цохьсноо санахгүй байна. М ахтай бид 2 л архи уусан болохоор би л М ахыг цохьсон байх. Сүүлд харахад зүүн шанаа хэсгийг нь юмаар зүссэн юм шиг байсан. Би шилээр л цохьсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №362 дугаартай шинжээчийн: Үзүүлэгч Б.М-н биед тархи доргилт зүүн доод эрүүний хугарал, зүүн хацар, хүзүү хоолой зүүн хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 30 хуудас/, 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1926003280147 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 97 хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Б нь хохирогч Б.М-д 100000 төгрөг төлсөн болох нь хохирогч Б.Мын “хохиролд 100000 төгрөг авсан. Одоо 400000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч Б.Мын нэхэмжилж байгаа 400000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй  байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Бийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх зүйтэй.

 

    Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М-д 100000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

          Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Л.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Л.Б-г 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1,  163.2-т зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  тус тус дурдсугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М-н 400000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууллийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.