Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00039

 

 

 

2021 01 19 001/ХТ2021/00039

 

 

 

 

Ш.Цогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01280 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1390 дүгээр магадлалтай,

Ш.Цогийн нэхэмжлэлтэй,

Д.Бат-Ялалт, Г.Сайнзаяа, А.Давааням нарт холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Цог, хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч А.Давааням, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.21-ний өдрийн 101/ШШ2017/01404 тоот шийдвэрээр Ө.Жавхлангаас 90,607,950 төгрөгийг авахаар болсон бөгөөд Ө.Жавхлан төлбөрөө төлж чадаагүй тул барьцаанд байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний нэр дээр шилжүүлсэн болно. Тухайн үед Ө.Жавхлан байранд өөр хүн амьдарч байгаа, удахгүй гарна гэж байсан. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 49 байрны 16 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

  

Хариуцагч Д.Бат-Ялалтын гаргасан хариу тайлбарт: Миний ээж Г.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 16 тоот орон сууцны гэрчилгээ нь орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаар 2013 онд иргэн Ө.Жавхлангийн нэр дээр шилжсэн гэдэг. Энэхүү орон сууцны гэрчилгээ Ө.Жавхлангийн нэр дээр шилжсэнтэй холбоотой маргаантай асуудал Баянгол дүүргийн шүүхийн 2013.04.26-ны өдрийн 3252 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэгдсэн. Тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлогдсон боловч нэхэмжлэгч Ө.Жавхлан нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул Баянгол дүүргийн шүүхийн 2013.06.19-ний өдрийн 4741 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Миний ээж Г.Энхтуяа 2014.08.07-ны өдөр өвчний улмаас нас барсан ба өв залгамжлагч тогтоох асуудал маргаантай байгаа. Иргэн Ө.Жавхлан нь миний ээжийг өвчтэй байхад элдэв дарамт, шахалт үзүүлэх замаар зах зээлийн үнэлгээнээс бага буюу 5.000.000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан, түүний нэр дээр бүртгэлтэй байсан орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Улмаар гэрчилгээг цааш дамжуулан бусдын нэр дээр шилжүүлсэн байна. Ш.Цогд ямар нэгэн өр төлбөргүй, би уг орон сууцанд амьдардаггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Г.Сайнзаяагийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Цогийг танихгүй, орон сууц болон бусад асуудлаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан орон сууцны өмчлөгч биш. Би бага насны нэг хүүхэдтэй бөгөөд ажлын ойролцоо цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр төмөр замын нэгдүгээр хороонд хүүхдийн хамт түр бүртгүүлсэн боловч цэцэрлэгийн хяналтын тоонд багтаагүй. Нэхэмжлэгч Ш.Цог намайг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцанд түр оршин суух бүртгэлтэй байсан боловч шилжилт хөдөлгөөний талаар ямар ч мэдээлэл надад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой тайлбар өгч чадахгүй. Иймд хариуцагчаар татсан асуудлыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч А.Даваанямын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би хариуцагч Д.Бат-Ялалт, Г.Сайнзаяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр давхар оролцож байна. Уг маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулаагүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад энэ хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй. Ө.Жавхлан нь Г.Энхтуяаг орон сууцнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Тиймээс энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Ө.Жавхлан гэрчилгээг бусдын нэр дээр шилжүүлсэн байдаг. Уг байрны өмчлөгч Г.Энхтуяа нас барсан, үүнээс үүдэн өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй байхад энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Өв залгамжлалын асуудал шийдэгдсэнээр хариуцагч тодорхой болно. Талийгч Г.Энхтуяагийн дүү Г.Энхзаяа, Г.Энхцацрал нар энэ орон сууцыг өвлөх учиртай. Энэ орон сууц Г.Галай гэж хүний гал голомт бөгөөд хүүхдүүд нь амьд байна. Дээрх асуудлуудыг бүрэн шийдэж дуусах шаардлага байгаа гэж хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авсангүй. Ө.Жавхлан 5.000.000 төгрөгөөр талийгчаас байрыг нь авсан байсан. Ингээд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй байдаг. Үүн дээр хариуцагч болон өвлөгчийн тухай асуудал хөндөгдсөн. Гэрчилгээ яагаад шилжих болсон, өмчлөгч нь Ө.Жавхлан мөн үү, биш үү гэдгийг би мэдэж байгаа. Зөвхөн өвлөгч нь, хариуцагч нь хэн болохыг тодорхой болгож өгнө. Шударга өмчлөгч нь хэн бэ гэдэг нь чухал гэжээ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01280 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шаравдоржийн Цогийн өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 49 байрны 16 тоотод байршилтай 54 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022118 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг хариуцагч Даваанямын Бат-Ялалт, Ганзоригийн Сайнзаяа, Алтангэрэлийн Давааням нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Бат-Ялалт, Г.Сайнзаяа, А.Давааням нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цогд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1390 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шаравдоржийн Цогийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот хаягт байршилтай, 54 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220502118 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг хариуцагч Даваанямын Бат-Ялалт, Ганзоригийн Сайнзаяа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Алтангэрэлийн Даваанямд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн 2 дах заалтад А.Давааням гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1390 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1. ИХШХШТхуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно гээд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.7-д Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасан. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан гомдолдоо анх БГД-ийн анхан шатны шүүхэд хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлж шийдвэр гаргасан талаар тодорхой тайлбар, хүсэлт гаргасан. Маргаантай байгаа орон сууцны асуудлаар өмнө нь БГД-ийн анхан шатны шүүхийн 2013.04.26-ны өдрийн 3252 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж мөн шүүхийн 2013.06.19-ний өдрийн 4741 дугаар шүүгчийн захирамжаар тухайн нэхэмжлэлийг буцаасан шүүхийн шийдвэрүүд бүхий хавтаст хэрэг шүүхийн төрөлжсөн архивд байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Шүүхийн төрөлжсөн архивд байгаа дээрх хэргийн хавтаст хэргээс БГД-ийн шүүх шүүхийн төрөлжсөн архив руу албан бичиг явуулж зарим баримтыг гаргуулан авсан ба ингэхдээ ганцхан нэхэмжлэгч тал шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэмжин ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжийг шүүхийн төрөлжсөн архиваас авсан байдаг.

Харин Ш.Цогийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт чухал ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг шүүхийн төрөлжсөн архиваас аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхэд хэлэлцэж байгаа маргаантай орон сууцны асуудалтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, Ш.Цогийн нэхэмжлэлтэй хариуцагчдад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхэд нэн ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг БГД-ийн анхан шатны шүүх дээрх хавтаст хэргээс аваагүйгээр нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримт дутуу бүрдүүлсэнтэй холбоотой гаргасан гомдлыг хэлэлцээгүй нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм. Учир нь маргаантай орон сууцны өмчлөгч талийгаач Г.Энхтуяа орон сууцаа О.Жавхланд худалдаагүй бөгөөд Эрүүгийн хэргээр шалгагдах болсон хүү Д.Бат-Ирээдүйн хохирогч гэгч Ө.Жавхлангийн дарамтад автан түүний тулгасан төлбөр барагдуулах гэрээ гэгч байгуулан тухайн орон сууцыг Ө.Жавхлан нь цаашаа гуравдагч этгээдэд барьцаалахгүй, худалдахгүй гэсэн нөхцөлтэйгөөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдэг. Дээрх Төлбөр барагдуулах гэрээ нь БГД-ийн шүүхийн 2013 оны 4741 дугаартай хавтаст хэрэгт байдаг гэх ба хэрвээ үнэхээр худалдсан бол худалдсан гэх 5.000.000 төгрөгийг худалдан авагч талаас худалдагч талд төлсөн баримт ч байхгүй, яагаад зах зээлийн үнэлгээнээс олон дахин бага үнийн дүнтэй үнээр орон сууцаа худалдахаар гэрээ байгуулсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан Ө.Жавхлан яагаад нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралд ирээгүй, шүүх хэргийг хянан хэлэлцэлгүй нэхэмжлэлийг ямар үндэслэлээр буцаасан зэрэг олон шалтгааныг нотлох баримт тодорхой бус байгаа юм.

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо маргаантай байгаа орон сууцны өмчлөгч Г.Энхтуяа нь тухайн орон сууцны өв залгамжлалтай холбоотой маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, орон сууцаа худалдаагүй тул тухайн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах болон өв залгамжлалын асуудлаар талийгаач Г.Энхтуяагийн төрсөн дүү болох Г.Энхгалын гаргасан гомдлууд шүүхээр хэлэлцэгдээгүй байгаа талаар дурдсан ба энэ асуудлаар давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй орхигдуулсан нь мөн л хууль зөрчсөн гэж үзэж байна. БГД-ийн шүүхийн 2013 оны 3252 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Ө.Жавхлангийн гомдлоор иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар Г.Энхтуяаг татсан байдаг ба Г.Энхтуяа нь Ө.Жавхлантай байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-тэй холбоотой асуудлаар шүүхэд гаргасан хүсэлтүүд нь шийдвэрлэгдээгүй байхад буюу 2014 онд нас барсан юм. Улмаар маргаантай орон сууцтай холбоотой өв залгамжлагч өнөөг хүртэл тогтоогдоогүй, өв залгамжлалын асуудлаар Г.Энхтуяагийн төрсөн дүү Г.Энхгал тухайн үед БГД-ийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан гэдэг ба өв залгамжлалын асуудал өнөөг хүртэл маргаантай байгаа, энэ орон сууцанд талийгаач Г.Энхтуяагийн төрсөн эгч Г.Энхзаяагийн 2 хүүхэд албан ёсны бүртгэлтэй байдаг нь БГД-ийн анхан шатны шүүхэд БГД-ийн 1-р хорооноос ирүүлсэн хорооны тодорхойлолтоор нотлогддог. Энэ хүүхдүүд тухайн орон сууцны оршин байгаа хорооноос нийгмийн халамж болон бусад үйлчилгээг авдаг албан ёсны өв залгамжлагчид байх эрхтэй юм. Мөн маргаантай байгаа орон сууцны албан ёсны өв залгамжлагч болох Г.Энхгал нь Ө.Жавхлангийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Энхтуяад холбогдох иргэний хэрэгт БГД-ийн иргэний шүүхэд орон сууцны өв залгамжлалын асуудлаар гомдол гарган гуравдагч этгээдээр оролцож байсан гэдэг боловч 2013 онд БГД-ийн шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад мөн нас барсан байна. Дээрх бодит нөхцөл шалтгаануудаар хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дах заалт болон ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1 заалт, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэлээр хүсэлт гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих олон хуулийн заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байгааг зөвөөр ойлгоно уу.

З. Маргаантай байгаа орон сууцтай холбоотой асуудлаар БГД-ийн ИХАШ шүүхийн 2013 оны 3252 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг өнөөг хүртэл хэлэлцэгдээгүй мөн эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Маргаантай орон сууцны өмчлөгч Г.Энхтуяа нас барахаасаа өмнө Ө.Жавхлан болон өөрийн хүү Д.Бат-ирээдүй нарт холбогдох Эрүүгийн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар Төлбөр барагдуулах гэрээ гэгч хийсний дагуу орон сууц худалдах-худалдан авах дүр эсгэсэн хэлцэл-ээр Г.Энхтуяагаас орон сууц өмчлөгчийн гэрчилгээгээ Ө.Жавхлангийн нэр дээр шилжүүлсэн гэх нотлох баримтууд нь мөн Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт байдаг гэсэн. Талийгаач Г.Энхтуяагийн хүү Д.Бат-ирээдүй, Ө.Жавхлан нар холбогдох эрүүгийн хэрэг мөн л өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд нотлох баримтыг бүрэн авснаас энэ асуудал үнэн зөв шийдвэрлэгдэх талаар үндэслэлээ тайлбарлан олон удаа хүсэлт гаргасан ба хүсэлтийг бүрэн хангахгүй байсан учраас аргаа барахдаа ИХШХШТ хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 буюу Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүгчээс татгалзан гарах санал гаргасан байдаг. Гэвч анхан шатны шүүх энэхүү хүсэлтийг хангаагүй, хууль зөрчин шүүгч дангаар шийдвэрлэн хурлыг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан нь ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалт Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5. ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-д Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд 4 үндэслэлээр гомдол гаргасан боловч анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваанямыг хариуцагчаар татсан гэх ганцхан асуудлыг хөндөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нэр зүүгээд бусад асуудал буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан үндэслэлээ тайлбарласан олон асуудлыг огт хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, субботник маягаар хариуцагчийн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэнд гомдолтой байгаа юм.

Тухайлбал, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн, БГД-ийн анхан шатны шүүхийн 2013 оны 4741 дугаартай иргэний хэрэг яагаад нэхэмжлэгч ирээгүй шалтгаанаар буцсан, энэ хэргийг шийдвэрлээгүй байхад хууль зөрчин иргэн Ш.Цогийн нэхэмжлэлтэй гэх хэргийг шийдвэрлэсэн, өв залгамжлагчийн асуудал шийдвэрлэх талаар ямар асуудлууд байгаа. Эдгээр нь ямар шүүхэд хаана хэрхэн хянагдаж байгааг огт судлаагүй мөртлөө хэргийг шийдвэрлэсэн, маргаж байгаа орон сууцтай холбоотой худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, орон сууц худалдан авах гэрээнд тусгасан гэх таван сая төгрөг төлөгдсөн эсэх, ямар үндэслэлээр ийм гэрээ хийгдсэн болох, эдгээр асуудалтай холбоотой өөр шүүхэд ямар нэгэн иргэний болон эрүүгийн хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа эсэх зэрэгтэй холбоотой гаргасан хариуцагч нарын гомдол хүсэлтийг давж заалдах шатны шүүх огт хэлэлцээгүй юм. Иймд БГД-ийн ИХАШ шүүхийн 2013 оны 3252 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Г.Энхтуяа иргэн Ө.Жавхлан нарт холбогдуулан үүсгэсэн иргэний хэрэг, СБД-ийн Цагдаагийн хэлтсээс талийгаач Г.Энхтуяагийн хүү Д.Бат-ирээдүй болон Ө.Жавхлан нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэсэн 2012 оны 2012/0104/1945 дугаартай Эрүүгийн хэрэг болон Г.Энхгал Г.Энхзаяа нарын шүүхэд гаргасан гэх Орон сууцтай холбоотой өв залгамжлал-ын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэн Ш.Цогийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүд болон ИХШХШТ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэсэн болон ИХШХШТ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, мөн хуулийн 168 дугаар зүйлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  

Нэхэмжлэгч Ш.Цог нь Д.Бат-Ялалт, Г.Сайнзаяа, А.Давааням нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот 4 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч А.Даваанямд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй орон сууцны анхны өмчлөгчөөр 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Ичинноров бүртгэгдэж, 2007 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр Г.Энхтуяад өмчлөх эрх шилжиж, 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр Ө.Жавхланд шилжсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/01404 шийдвэрээр Ө.Жавхлангаас 90,000,000 төгрөг гаргуулж Ш.Цогд олгох, барьцаа хөрөнгө болох дээрх 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан, төлбөр төлөгдөөгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 000875936 гэрчилгээтэй, Ү-2205022118 дугаартай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.Цог бүртгэгдэж, тэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь болсон байна. /хх-36,42,46,68,107-110/

 

Хариуцагч Д.Бат-Ялалт, Г.Сайнзаяа нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийцжээ.

 

2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

 

Д.Бат-Ялалт, Г.Сайнзаяа нар нь тухайн орон сууцны хаягт бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний хуулбар, өрхийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. /хх-11,22,74,99/

 

Харин А.Даваанямыг уг орон сууцыг хууль бусаар эзэмшигч гэж хариуцагчаар татсан боловч түүнийг маргаан бүхий орон сууцанд амьдардаг гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

 

3. Хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч А.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гомдолд ...орон сууцыг Ө.Жавхлан нь цаашаа гуравдагч этгээдэд барьцаалахгүй, худалдахгүй гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан гэдэг, түүний нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй, ...Г.Энхтуяагийн хүү Д.Бат-Ирээдүй, Ө.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэрэг мөн л өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа, орон сууцны өмчлөгч байсан Г.Энхтуяа нас барсан, өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдээгүй, өвлөгч тодорхой бус байхад уг хэргийг шийдвэрлэх боломжгүй... гэжээ. Гомдолд заасан үндэслэлээр хянан шийдвэрлэгдэж байгаа өөр бусад хэрэг маргааны тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул гомдлыг хангах хууль зүйн боломжгүй юм.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 116 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул ...шүүгчээс татгалзсан хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй, давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлын хүсэлт бүрийг хэлэлцээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1390 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваанямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН