Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/701 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 29 өдөр           Дугаар 128/ШШ2020/0701           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “Х Х” ХХК

           Хариуцагч: НЗДТГГУББГ,

         Нэхэмжлэлийн шаардлага: “НЗДТГД-ын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг даалгуулах, Геодези, усны барилга байгууламжийн газрын зарласан Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э  2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Х Х” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын захиалгаар зарласан Үерийн хамгаалалттай барилга байгууламжийн ашиглалт, ашиглалт засвар үйлчилгээний техник тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн нэгдүгээр багцад оролцож уг тендерээр өөрөө буулгагч авто машин хоёр ширхэг, усны  сордог машин хоёр ширхэг,  халуун уураар үлээгч гэх мэт тоног төхөөрөмж нийлүүлэхээр тендерт шалгарсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагч байгууллага НХААГ02/2017 гэсэн дугаар гэрээ байгуулах мэдэгдлийг манай компанид  хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дараа 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээг байгуулсан. Уг гэрээний хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байсан. Гэтэл  дэлхий дахинд Ковид 19 гэх цар тахал дэгдсэн. Уг тахал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод эхлэн дэгдсэн. Гэтэл барааг худалдан авахаар тохирсон үйлдвэр нь Ухань хотын зэрэгцээ байрлах муж байсан учир Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэлийн газруудаа бүгдийг нь хаахад манай бараа захиалсан үйлдвэр бас хаагдсан. Су Джоу мужийн үйлдвэр нь “манайх барааг нийлүүлэх боломжгүй болоод байна” гэсэн бичгийг ирүүлсэн байгаа. Нийлүүлэгдэх бараа нийлүүлэгдэхээргүй болмогц бид энэ байдлаа танилцуулаад 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг сунгах хүсэлтээ гаргасны дагуу гэрээний хугацааг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэлэн 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байдаг. Ковид 19 өвчний улмаас компанийн үйл ажиллагаа доголдоод Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь гэрээ хийсэн компани руу үлдэгдэл мөнгөө төлөх гээд мөнгөний хэрэгтэй байсан учир  захиалагчаас санхүүжилтийг одоо гаргаж өгөх боломжтой юу гэж асуухад үгүй хариу өгсөн. Энэ нь зүгээр л хүсэлт байсан, шаардсан зүйл байхгүй. 7 дугаар сарын 02-ны өдөр санхүүжилт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг аваад нэхэмжлэгч “Х Х“ ХХК нь Монголын Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд  давагдашгүй хүчин зүйл бие болсон гэдгийг тогтоолгохоор хүсэлт тавьсан. Ингээд 8 дугаар сарын 10-ны өдөр НЗДТГ-ын газрын даргаас гэрээг цуцалснаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч компаниас 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээг дахин сунгая давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэдэг бичиг явуулахад гэрээг сунгахгүй гэдэг хариу мэдэгдэл ирүүлсэн. Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас 8 дугаар сарын 20-ны өдөр “Давагдашгүй хүчин зүйл”-ийн сертификат гарсан. Уг сертификатыг Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас зүгээр хүсэлт өгөхөөр гаргадаггүй. Харин шалгаж үзээд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна гэдгийг тогтоож байж уг сертификатыг олгодог. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар “үүрэг гүйцэтгэгч үүргээ өөрөөс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгээгүйд тооцохгүй” гэж зааснаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Нэхэмжлэлийг маань  хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хоёр. Хариуцагч НЗДТГ-ын газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендер зарлаад “Х Х” ХХК нь тендерт ялаад, гэрээ байгуулсан байсан. Гэрээ байгуулсны дараа хоёр ч удаа хүсэлт гаргаад, хүсэлтийг нь НЗДТГ-ын газраас хүлээн авч байсан. Нийслэлийн өмчийн удирдлагын газраас манай байгууллага руу гэрээний хэрэгжилттэй холбоотой хүсэлт ирүүлсэн. Хүсэлтэд “Х Х” ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөр авах хүсэлт  гаргаад байна. Геодези, усны барилга байгууламжийн газрын үйл ажиллагаанд хэрэгтэй тоног төхөөрөмж нийлүүлэх ажиллагаа удааширч байгаатай холбоотойгоор үйл ажиллагаанд төлөвлөсөн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлууд явахгүй байна. Иймд “Х Х” ХХК-тай холбоотой санхүүжилт алдангийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэх хүсэлт ирүүлсэн. Тендерийн гэрээний нөхцөл нь урьдчилан төлбөр төлөх боломжгүй байдаг. Үүний дараа НЗДТГ-ын газрын зүгээс 7 дугаар сарын 23-ны өдөр “Х Х” ХХК руу бичиг явуулсан. Гэтэл “Х Х” ХХК-иас Эрээн хотод машинууд ирсэн байгаа гэж хэлдэг ч сар, хоёр сар болоод байдаг. Эрээн хотоос хоёр хоног яваад ирэх байтал сар болно гээд байгаа нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй байсан. НЗДТГ-ын газраас 7 дугаар сарын 23-ны өдөр тодорхой хугацааны дотор бараагаа нийлүүлэхгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдэл явуулсан бөгөөд 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүлээсэн. Тухайн үед урьдчилгаа төлбөр авах талаар нэхэмжлэгч компани хүсэлт гаргадаг мөн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги тооцохоор байсан ч гэсэн нэхэмжлэгч компанийн зүгээс алданги битгий тооцооч гээд байсан. Бидэнд нэхэмжлэгч компани гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байж магад гэдэг хардлага бий болж арга буюу гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй удааширч байсан. Тус компанийг хавчиж шахсан зүйлгүй. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь тухайн компанитай байгуулсан гэрээг цуцалснаас хойш гарсан байдаг. Уг гэрчилгээ нь гэрээг цуцлахаас өмнө гарсан бол бид гэрээг цуцлахгүй ч байсан байж магадгүй би хэлж мэдэхгүй байна. Банк руу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар луу бичиг явуулсан байсан. Бид компанийг хохироох санаа байгаагүй...” гэв.

Гурав. хариуцагч “ГУББГ” ОНӨААТҮГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 онд “Үерийн хамгаалалтын барилга байгууламж, ашиглалт засвар тоног төхөөрөмж” худалдан авах тухай тендерийг манай байгууллагаас санал болгоод иргэдийн хурал дээр Нийслэлийн Засаг даргад дэмжигдээд, нийт долоон автомашины тендер зарлагдсанаас 2019 онд Ковш гэдэг хоёр машинаа хүлээгээд авчихсан. Үлдсэн машиныг “Х Х” ХХК нь нийлүүлэх ёстой байсан. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч 5 дугаар сарын 28-ны өдөр миний өрөөнд орж ирээд манай компани 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд машинаа хүлээлгэж өгнө гэсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 46 удаагийн давтамжтайгаар усархаг бороо орсон. Манай байгууллага Нийслэлийн хэмжээний ус соруулах зориулалттай 10 тонны ганц ус сорох машинтай нэхэмжлэгч компанийн нийлүүлэх гэж байгаа дөрвөн машины хоёр нь ус сордог машин юм. Нэхэмжлэгч компани 5 тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой байсан. 2019 онд гэрээ байгуулсан тендерт 2019, 2020 он дамжин гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гэрээний зүйлс гаалиар орж ирнэ гэж надад хэлж байсан. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гэрээ сунгасан гэдэг мэдэгдэл гаргасан. Хэрэв тэр машинууд ирэх ёстой хугацаандаа ирсэн байсан бол энэ зун авто зам талбай эвдрээд ийм их хохирол учрахгүй байсан. Манай байгууллагаас энэ хоёр машин ирсэн байсан бол хохирол учрахааргүй байсан гэж тооцоод хохирлоо тооцож гаргасан байгаа. Нийслэлийн өмчийн удирдлагын газар руу удаа дараа албан бичгээр хандсан. Гэтэл гэрээ сунгагдсан гэх мэт хариу өгч байсан. “Х Х” ХХК-иас хожуу тендер авсан газрууд гэрээний гүйцэтгэлээ хийгээд байна иймд танай төсөл, арга хэмжээ хэрэгжихгүй санхүүжилт татагдах гээд байна иймд яаравчил гэсэн чиглэл өгсөн. Ингээд НЗДТГ-ын газарт хандахад гэрээг цуцалсан гэсэн. Шүүхэд энэ асуудал явж байгааг бид мэдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А/1160 дугаар эрх шилжүүлэх тухай захирамж гарч ирсэн. Энэ төсөл арга хэмжээтэй холбоотой захирамжийн дагуу энэ төсөл арга хэмжээг 10 дугаар сарын 08-ны өдөр зарласан.  “Х Х” ХХК нь 10 дугаар сарын 12-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Ингээд шүүхээс хариуцагчаар татсан гэх бичиг ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 зааснаар Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендерийн үйл ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж цуцлах шийдвэр ирүүлээгүй байгаа учир зарлагдсан байгаа. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. Одоогоор цуцлагдсан зогсоогдсон зүйлгүй байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа НЗДТГД-ын2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг НЗДТГ-ын газарт даалгуулах, Геодези, усны барилга байгууламжийн газрын зарласан Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

1. “НЗДТГД-ын2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх нийслэлийн Худалдан авах  ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зарласан “Үерийн  хамгааалалтын барилга байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээний техник тоног төхөөрөмж”-ийн ажил НХААГ-19/090-1/1 дугаар бүхий тендер, Багц1, “Өөрөө буулгагч ачааны автомашин 2ш /20-24тн/, усны машин сордог 2ш /10тн/, /халуун уураар үлээгч /шугам хоолойн хөлдөлт гэсгээх тусгай зориулалтын тоног төхөөрөмж/  нийлүүлэх тендерт “Х Х” ХХК шалгарч, үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарч, НЗДТГ-ын газрын газартай 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээгээр нийлүүлэгч тал “өөрөө буулгагч ачааны автомашин 2ш /20-24тн/, усны машин сордог 2ш /10тн/, /халуун уураар үлээгч /шугам хоолойн хөлдөлт гэсгээх тусгай зориулалтын тоног төхөөрөмж”-үүд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор нийлүүлж, хүлээлгэн өгөхөөр тохирсон байна.

Нийлүүлэгч талаас гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул дээрх гэрээр хоёр удаа сунгаж, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн НХААГ-19/9090-1/1-2 дугаартай нэмэлт гэрээгээр машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, энэхүү хугацаа өнгөрсөн тул НЗДТГ-ын газрын даргаас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Гэрээ цуцлах тухай” 03/4388 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. Уг албан бичигт “...танай компани өнөөдрийг хүртэл барааг нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгож байгааг үүгээр мэдэгдье...” гэжээ.

Нэхэмжлэгчээс “...шинэ коронавирусийн халдвар гарсны улмаас Хятадын талын үйлдвэрлэгч компани үйл ажиллагаагаа зогсоож, мөн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэж хариуцагчаас “...өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болов ч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй...” гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр   “Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын Хэбэй мужид авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний дагуу “Х Х” ХХК-ийн тус улс дахь харилцагч болох “CHENGLI SPECIAL AUTOMOBILE” компани нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны  өдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоны улмаас гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн нь тус гэрээг байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болох”-ыг нотолж,  “Х Х” ХХК-д 02/424 тоот гэрчилгээ олгожээ.

Мөн БНХАУ-ын “ЧТЗА” ХХК-иас “...2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Х Х” ХХК 2 ширхэг бохир усны ачааны машин, 2 ширхэг Хово ачааны автомашины нийт мөнгө болох 175000 ам. доллараар бүрэн төлбөр хүлээн авсан” гэдгээ мэдэгдэж, “...БНХАУ-ын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 15-аас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд үйлдвэрлэлтийг зогсоохыг шаардсан тул 7 дугаар сарын 02-ны өдрөөс  эхлэн албан ёсоор хорио тавигдаж үйл ажиллагаа эхэлсэн. Манайд үйлдвэрлэсэн 4 ширхэг хүнд даацын автомашин 7 дугаар сарын 31-ний өдөр Эрээн хотод албан ёсоор ирсэн”-ийг мэдэгдсэн албан бичгүүдийг албан ёсны баталгаат орчуулгаар хөрвүүлж нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.           

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаа ...үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай” байх зарчмыг баримтлах ёстой бөгөөд 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгож, 29.2-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар нэхэмжлэгчидтэй гэрээ байгуулж, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т “захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийж...” болохоор заасан байх тул гэрээг цуцлах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн талаас нь буруутгах боломжгүй ч тухайн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин “Х Х” ХХК нь гэрээгээр нийлүүлэх “өөрөө буулгагч ачааны автомашин 2ш /20-24тн/, усны машин сордог 2ш /10тн/, /халуун уураар үлээгч /шугам хоолойн хөлдөлт гэсгээх тусгай зориулалтын тоног төхөөрөмж”-үүдийг БНХАУ-ын Эрээн хотод ирсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч захиргааны байгууллагыг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг даалгах боломжгүй гэж үзлээ. Учир нь захиргааны байгууллагаас тус компанийг өнөөдрийг хүртэл барааг нийлүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй байна.

2. “Геодези,    усны   барилга    байгууламжийн   газрын   зарласан     Үерийн

хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

НЗДТГД-ын2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 03/4432 дугаартай албан бичгийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “Х Х” ХХК-тай НЗДТГ-ын газар Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, завсар үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” тендер  НХААГ-19/090, багц1: Өөрөө буулгагч ачааны автомашин 2ш /20-24тн/, усны сордог машин 2ш /10тн/, халуун уураар үлээгч / шугам хоолойн хөлдөлт гэсгээх тусгай зориулалтын тоног төхөөрөмж/ нийлүүлэх гэрээг байгуулсан. Тус компани өнөөдрийг хүртэл барааг нийлүүлээгүй тул гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж, худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулж ажиллана уу” гэж, мөн нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар  сарын 02-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/1168 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд худалдан авах “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж”-ийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, дүнг танилцуулж ажиллахыг даалгажээ.

Дээрх захирамж, албан бичгүүдийн үндэслэн Геодези, усны барилга байгууламжийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/49 дүгээр тушаалаар “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төрийн худалдан авах  ажиллагааны цахим системд тус тендерийн урилгыг байршуулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн CLW20191129Z дугаартай БНХАУ-ын CSA Co.,ltd компанийн “Х Х” ХХК-д ирүүлсэн нэхэмжлэх, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн CSA Co.,ltd компанийн үйлдвэрлэсэн LGAX2B123KC015997 үнэмлэхийн дугаартай, LGAX2B125KC015998 үнэмлэхийн дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн CSA Co.,ltd компанийн үйлдвэрлэсэн LZZ5BLMF8LD613240 үнэмлэхийн дугаартай, LZZ5BLBFXLD613241 үнэмлэхийн дугаартай техникийн мэдээлэл, БНХАУ-ын CSA Co.,ltd компаниас ирүүлсэн мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзвэл “Х Х” ХХК нь өөрөө буулгагч ачааны автомашин 2ш /20-24тн/, усны сордог машин 2ш /10тн/, халуун уураар үлээгч / шугам хоолойн хөлдөлт гэсгээх тусгай зориулалтын тоног төхөөрөмж/ нийт 4 ширхэг автомашин, тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхэд бэлэн болсон байх тул дахин тендер зарлаж, шалгаруулалт явуулснаас илүү түргэн шуурхай, хэмнэлттэй байх нөхцөл байдал үүссэн байна.

Нөгөөтэйгөөр “Х Х” ХХК нь гэрээнд заасан хугацаанд автомашин тоног төхөөрөмжөө нийлүүлж чадаагүй нь тухайн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн болохыг эрх бүхий байгууллагаас тогтоож, энэ нөхцөл байдал арилмагц өөрийн хөрөнгөөр автомашин, тоног төхөөрөмжөө нийлүүлэх боломж бодитой тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүлйийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-д 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан “Х Х” ХХК-ийн НЗДТГ-ын газар, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох НЗДТГД-ын2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03/4388 дугаартай албан бичгийг, Геодези, усны барилга байгууламжийн газраас зарласан “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” тендер зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох НЗДТГ-ын газрын даргатай байгуулсан “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НХААГ-19/090-1/1 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх автомашин, тоног төхөөрөмжийг хүлээн авахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ