Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0043/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Э.З- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Э-гийн З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000049 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, краны машинч мэргэжилтэй, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн засвар механикийн албанд гүүрэн кранчаар ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Э-гийн З- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.З- нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 0 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А-тай маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь 1-2 удаа цохьсон, 2021 оны 11 дүгээр сард “гар утсыг нь зөвшөөрөлгүй үзсэн” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохисон, 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой мөн  эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би З-тэй 2021 оны 06 дугаар сараас 16 дугаар баг 19-0 тоотод хамтран амьдарч З-эгийн хамт байж байгаад би хоёр том савтай Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад 21 цагийн үед байх нэг шилтэй дарс дахиж ууж байгаад дуусгалгүй бага зэрэг согтож эхэлсэн. Тэгээд яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй, З- над руу уурлаад намайг хардаад бид 2 маргалдаж миний нүүр рүү 2 удаа мөргөсөн. Мөн 2-3 удаа гараараа цохисон. Миний нүүр хавдсан. Тэгээд З- гараад явсан бөгөөд цагдаа нартай хамт ороод ирсэн. ...Намайг З- 2021 оны 10 дугаар сард мөн гэртээ хамт архи ууж байгаад хардаад 1 удаа мөргөж байсан, сая сүүлд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зодсон юм. нийт 3 удаа дараалаад зодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14/,

 

Гэрч И.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.А- нь миний 2 дахь охин болж 1988 онд мэндэлсэн. 2008 онд хүнтэй гэрлэсэн бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй болсон. 2013 онд нөхрөөсөө салаад ганц бие ээж байж байгаад 2021 оны 05 дугаар сард З- гээд залуутай гэрт хүрч ирээд надад танилцуулж байсан. Миний охин А- 2021 оны 05 дугаар сараас хойш З-тэй хамт амьдарч эхэлсэн. 2021 оны 10 дугаар сард над руу манай охин А- нь залгаад “...ээж би З-д зодуулчихлаа” гэж хэлсэн. Би өөрийнхөө машинтай Дархан сумын 16 дугаар баг, 19 дүгээр байранд охины амьдарч байсан газарт очиход А- пиво үнэртүүлчихсэн, нүүр нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Тухайн үед дагуулж авч яваагүй, орхиод явсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сард над руу охин “З-д дахин зодуулчихлаа” гээд ярихаар нь би цагдаа дээр ирсэн юм. Манай охин нүүр нь хавдаж улайсан, нэлээн зодуулсан байдалтай, архи дарс үнэртүүлчихсэн байдалтай байж байсан. Тэгээд сүүлд надад А- хэлэхдээ “ би 11 сард бас З-тэй муудалцаад 1 удаа мөргүүлсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай “...Б.А-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 3 оноо буюу “бага” түвшин байна гэх тэмдэглэл /хх-ийн 8-9/,

 

Яллагдагч Э.З- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ахин ийм хэрэг хийгүй байж чадна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна, нийт 3 удаа зодсон” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Э.З-, хохирогч Б.А- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр  тогтоогдож байна.

 

Э.З- нь 2021 оны 12-р сарын 14-ний өдөр Б.А-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрэндээ цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, 3 удаагийн үйлдлээр зодсон нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Байнга гэдэгт 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Э.З- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялуудыгг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 19-0 тоот хаяг болон “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК буюу ажлын хооронд зорчиж, өөр чиглэлд явахгүй байхаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.2 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан тул зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд ороцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Б- овогт Э-ы З- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй. нэмж нэгтгэн 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.З-д оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн оршин сууж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 19-0 тоот хаяг болон “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд зорчихоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3,  дахь хэсэгт зааснаар Э.З- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.З- нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД