Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

 

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

 

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг /0585/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бид холбогдох 2016 2501 2505 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 67 дугаар байрны 5-19 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Н овогт Мын Б /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

 

М.Б нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар тархи доргилт, 1 шүдний булгарал, бүсэлхийн 1-р нугалмын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи,

 

баруун бугалганы зөөлөн эдийн няцрал , цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бийн өгсөн: …“Тухайн хэрэг гардаг өдөр цэргийн найзтайгаа таараад нэг шил архи хувааж уусан. Тэгээд аав ээж дээ ногоо тарих газар хагалах гээд очход Нэргүй ахтай таараад нэг шил архи мөн хувааж уусан. Тэгтэл Нэргүй ах намайг аав ээждээ туслахгүй архи уугаад яваад байна гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Нэргүй ахыг зодсон асуудлыг сайн санахгүй хурдан болж өнгөрсөн” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нэргүйн өгсөн: “... чи надад заадаг хэн бэ гээд надад агсан тавьж заамдаж аваад толгой руу цохиж нүд рүү цохин мушгиж унагаагаад дэвсэн өшиглөж зодсон, тэгтэл урд айлын хөгшин 2 залуутай гарч ирээд чи түрүүнээс хойш хөгшин хүн зодоод байх юм боль гээд болиулахаар нь би мултраад гэр лүүгээ гүйсэн. Тэгтэл араас хүрч ирээд захнаас бариад авсан, тэгэхээр нь би дэгээдэж унагаад дээрээс нь дарчихсан... Архи ууж согтчихоод л агсан тавиад зодож эхэлсэн. Нэлээд удаан дарсан тэгтэл доошоо хараад унтаад өгсөн. Тэгээд би бие янгинаад байхаар нь гэртээ ороод хэвтээд өгсөн, хэсэг байж байгаад тамхи татах санаатай босох гэтэл нуруу өвдөөд босож чадахгүй байхаар нь ээж рүүгээ утасдаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн, тэгээд дүү хүргэн хүү 3 ирсэн ба түргэн цагдаа дуудсан байсан... Би түүнд зодуулах гэм хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Батцогтын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын хэсэгт айлын байшинд засварын ажил хийж байхад 15-16 цагийн хооронд байх барилгын ажил хийж байхад хашааны хойд талын гэрт 20 гаран насны залуу нэг хөгшинтөй хамт архи ууж байсан. Тэгээд ажлаа хийж байхад гудамжаар тэр хоёр нэгнийгээ сугадчихсан явж байгаад гудамжинд дээр доороо ороод зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь сайн харсан чинь 20 гаран насны залуу нь тэр хөгшинийг цохиж зодож байсан. Тэгэхээр нь би гараад чи хөгшин хүнийг зодохоо болиоч гэсэн чинь тэр хоёр салаад өвгөн нь би чамайг хүргэж өгөх гэж байхад чи зодлоо гэж байсан. Тэгээд намайг гарч ирэхэд араас надтай хамт ажил хийж байсан 2 хүүхэд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.16/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8619 дугаартай:

 

“1. Д.Нэргүйн биед тархи доргилт, 1 шүдний булгарал, бүсэлхийн 1-р нугаламын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал , цус хуралт гэмтэл тогтоогдлоо

 

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна

 

  1. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
 
  1. Цаашид  гэмтэл  нь  ерөнхий  хөдөлмөрийн  чадварт  нөлөөлөхгүй”  гэх  дүгнэлт

 

/хх.18/,

 

Мөрдөн байцаалтад М.Бийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд босож ирээд нөгөө архинаас дахиад татсан чинь Нэргүй ах намайг чи одоо залуу хүн байж наад архи дарсаа болиоч гэсэн. Тэгэхээр нь чи надад заадаг хэн юм гээд уурлаад цохиод барьцалдаад гэрээс гарч гудамжинд би Нэргүй ахыг зодож цохисон. Тэгсэн Нэргүй ах намайг дээрээс дарж хэвтээд би тэгээд унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Нэргүй ахын биед учруулсан гэмтлийг би учруулсан. Би Нэргүй ахыг хөл гараараа л цохисон...” гэх мэдүүлэг /хх.60/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Чинбатын өгсөн мэдүүлэг /хх.14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Пүрэвдоржийн өгсөн мэдүүлэг /хх.51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

М.Б нь ялтай байхдаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Нэргүйтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар тархи доргилт, 1 шүдний булгарал, бүсэлхийн 1-р нугалмын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал , цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Д.Нэргүй /хх.12-13/, гэрч Т.Батцогт /хх.16/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 8619 дугаартай дүгнэлт /хх.18/, мөрдөн байцаалтад /хх.60/ болон шүүхийн хэлэлцүүлэгт М.Бийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Б урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан ба тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор ялтайд тооцогдох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлджээ.

 

Иймд М.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх

 

хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч Д.Нэргүй нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Нэргүйд 430.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Н овогт Мын Бийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг М.Бид сануулсугай.

 

  1. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Нэргүйд 430.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бид урьд нь авагдсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР