Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Олгууд овогт С.Б-ын нэхэмжэлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, энэ жил 56 нас хүрч байна. Улсад 20 жил ажилласан. Үүнээс 1979 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 15-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд хоньчиноор, 1980 оны 06 сарын 13-наас 1983 оны 08 сарын 23-ныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1983 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл  Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, баярын бичиг , цалингийн баримт зэргийн үндэслэн 1979 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 15-н хүртэл, 1983 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацааны малчинаар ажилласан жилийг тогтоож өгнө үү  гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 08/56 дугаартай ‘’Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1991 оны 04 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 10-нд Талын цэцэг ББХК, 1996 оны 04 сарын 30-нд Талын цэцэг хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 12 сарын 30-нд татан буугдсан байна’’ гэсэн тодорхойлолт,

Монгол Улсын Батлан Хамгаалах Яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 21 дугаартай ‘’С.Б БХЯ-ны сайдын 1980 оны 06 сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1980 оны 06 сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983 оны 06 сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 08 сарын 15-ны өдөр халагдсан байна’’ гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

Дундговь аймгийн Хулд сумын  нэгдлээс 1979 оны 06 сарын 26-ны өдөр С.Б /1962.07.07-нд төрсөн/-д олгосон 1979, 1980, 1983 оны тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 3/695 дугаартай тодорхойлолт, 1979, 1984, 1985,  1987, 1988 оны цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

С.Бт олгосон 1987 оны Хүндэт жуух бичиг, 1988 оны Энх сүрэгтний гэрчилгээ, Баярын бичиг,

           Гэрч Л.С , Т.Ж , Д.Ц  нарын мэдүүлэг зэрэг  болно.

Нэхэмжлэгч С.Бын Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 15-н хүртэл, 1983 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 75 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Бын Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 07 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 15-н хүртэл, 1983 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь хэргийн 6-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 8-13-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт, 14-16-р хуудсанд авагдсан баярын бичиг, энх сүрэгтний гэрчилгээ, хүндэт жуух бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Олгууд овогт С. Быг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, 1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР