Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

 

Улсын яллагч Д.Агар,

 

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох 2017 2501 0998 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1965 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 127 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 59 дүгээр байрны 18 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н Б, /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

 

Н.Б нь 2017 оны 03 дугаар сарын 09 ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 18 тоотод салсан эхнэр А.Долгоржавтай маргалдан, таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бгийн өгсөн: “ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй ” гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлд хохирогч А.Долгоржавын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Би нөхөр Бтай 20 жил амьдарч 27 настай, 25 настай, 20 настай, гурван

 

хүүтэй 2 том нь тусдаа гарсан. 2008 онд нөхөр өөр хүнтэй сууснаас болж салсан. Салснаас хойш нөхөр зарим үед ирж байж байгаад явдаг байсан. Нөхөр Б нь Хөвсгөл аймагт амьдарч байгаад амьдрал ахуй болохгүй байна гэж 2016 оны 09 сард бага хүүг цэрэгт явах үед нь ирж 20 гаран хоног байж байгаад буцаж явахдаа эхнэртэйгээ таарж тохирохгүй байна буцаж ирнэ гэхээр нь хоёр хүүхэдтэй хүн шүү дээ ирнэ гэж шийдсэн бол эргэж буцахгүй, 2 хүүхдээ авчираад амьдарч болно гэж хэлсэн буцаж ирэхээр нь тохироод явсан. 2016 оны 11 дүгээр сард 2 ихэр хүүгээ дагуулаад ирж 2 хүүхдийг нь 48-р сургуулийн 1-р ангид оруулсан. Амьдрах хугацаандаа салсан эхнэртэйгээ утсаар ярьдаг, гэрт хэрүүл маргаан үүсгэж байгаад 2 хүүхдээ дагуулаад Хөвсгөл аймаг руу 2 удаа явж ирсэн. 2016 оны 06 сарын 08-ны өдөр хичээл тарах үеэр намайг байхгүй үед 2 хүүхдээ аваад гэрээс явсан байсан. Үүнээс хойш сураг тавихад нөгөө эхнэтэйгээ Турк улс руу явсан. Турк улсаас над руу хэд хэдэн удаа залгаж удахгүй очно гэж ярисан. 2017 оны 01 сарын сүүлээр гэрт ирээд одоо хамт амьдарья гэхээр нь би зөвшөөрөөгүй тэгтэл гэрээс явахгүй 10 гаран хоносон, энэ үедээ эхнэртэйгээ байнга утсаар ярьдаг байсан. Б гэрээс явахгүй болохоор нь 2017 оны 02 сарын 10-ны өдөр гэрээсээ яваад ах дүү нараар хонож өнжөөд явж байхад найз утасдаад Б эхнэр 2 хүүхэдтэйгээ танай хүүхдийн хашаанаас гараад явж байна гэж хэлсэн тэгэхээр нь Увс, Ховд аймаг руу цагаан сар гаргахаар яваад 2017 оны 03 сарын 08-ны өдөр ирээд маргааш нь 2017 оны 03 сарын 09-ны өдөр хүү бэр хоёртойгоо ярилцаад Бгийн хувцас малгайг нь аваачиж өгөхөөр болсон. Ингээд гэрээсээ хувцасыг нь авахаар ирсэн чинь үүдэнд найз Төмрөө Цэцэгмаа хоёртой таарч юм ярьж байгаад Бгийн амьдарч байгаа газарт нь хамт очихоор болсон. Гэрийг нь манай хүүхдүүд цагаан сараар очсон учраас надад зааж өгсөн юм. Ингээд бид гурав 2 хүүхдэд нь өгөх 10.000 төгрөг аваад Сансарын 1 орцтой байрны 5 давхарт баруун талын хаалгыг тогшсон, эхнэр нь онгойлгож өгсөн мэндлээд гутал хувцсаа тайлж өлгөөд ороход Б цаад өрөөнөөс гарч ирэхээр нь бид гурав хамт өрөөнд нь орж тамхилаад сууж байсан чинь эхнэр нь орж ирээд “чи хэлж ярихгүй орж ирдэг хэн юм бэ чи гар зайл гэж хөөсөн тэгэхээр нь гэр байхаар ордог, гэгээн байхаар нь мөргөдөг учраас айлд орж ирж байна гэж хэлсэн чинь эхнэр нь орилж чарлаад хөөж гэр оронг чинь хүүхэд зааж өгсөн гэж хэлсэн. Ингээд хэрэлдэж маргалдаж байхад Б босч ирээд алгадаад гар гэсэн би гарахгүй гэсэн чинь үсдэж зүүн тал руу өшиглөөд татаж чангаагаад байхаар нь боссон чинь хаалгаар түлхэж гаргасан, тэгэхээр нь буцаж ороод гутал хувцсаа өмсөж гараад хаалгыг нь 2-3 удаа өшиглөсөн, тэгтэл Б буцаж гарч ирээд хэрэлдэж байгаад нүүрэнд цохисон тэгээд бид гурав явсан. Би шууд цагдаа дээр ирж гомдол гаргасан. Зүүн бугалага, нүд хөхөрсөн байсан, зодуулснаас хойш толгой өвдөж 14 хоног хэвтсэн. Надад эмчилгээний зардалд толгойны зураг авахуулсан 85.000 төгрөгний баримт байгаа уг мөнгөө авсан, надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх.11-12/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3649 дугаартай:

 

“1. А.Долгоржавын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/,

 

Хэрэг бүртгэлд гэрч Д.Болормаагийн 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өгсөн: “Би Бтай 10 жил амьдарч байна урьд нь эхнэр хүүхэдтэй байж байгаад салаад жилийн дараа надтай танилцаж суусан. 8 настай 2 ихэр хүүхэдтэй болсон. 2017 оны 03 сарын 09-ны өдөр орой хаалга тогшихоор нь онгойлгосон чинь Бгийн салсан эхнэр нь юм хэлэлгүй түлхээд орсон, хамт явсан 2 эрэгтэй эмэгтэй 2 хүн мэндэлсэн, тэгэхээр нь би манайд тоглож байсан хүүхдийн ээж нь гэж бодсон. Тэгээд гал тогооны өрөө орчхоод гараад ирсэн чинь гэрийн хойморт алцайгаад суусан Бтай хөөрөглөөд сууж байхаар нь Бгийн салсан эхнэр гэдгийг таньсан. Гаднаас орж ирэхдээ мэнд усгүй түлхэж орж ирчихээд хойморт алцайгаад суухаар нь уур хүрээд хохирогчийг зайл гэж орилж хөөсөн чинь гарахгүй гээд тулж ирээд бид хоёр хэрэлдэж байгаад Батанасанг эхнэрээ аваад эсхүл цагдаагаа дууд гэсэн чинь хохирогчийг гарахгүй болохоор нь нүүрэнд нь унатал цохисон, битгий цохь цагдаа дууд гэж хэлсэн чинь намайг жижиг өрөө рүү оруулаад хаалга хаасан. Би жоохон орилж чарлаж байгаад зодчихож магадгүй гэж бодоод араас нь гарсан чинь Б бүгдийг нь коридорт гаргаад орж ирээд хаалгаа цоожилсон. Хохирогч эмэгтэй үүд балбаж орилж чарлаж байгаад явсан. Би Бгийн урьдны эхнэртэй нь уулзаагүй олон жил болсон тухайн үедээ сайн танихгүй байсан, намайг танихгүй байна уу гэж асуухаар нь таньсан. Б бид хоёр 4 жил Хөвсгөлд амьдарч байхад 2015 оны 11 сард хүүхэд нь цэрэгт явахаар болж Улаанбаатар явчихаад сар гарны дараа ирчихээд гэнэтхэн хүүхдээ аваад хотод амьдарья гээд би үлдээд 2 хүүхдээ дагуулаад хот руу явсан. Цагаан сарын дараа хотод ирсэн чинь Батанасан хүүхдийндээ амьдарч байсныг мэдсэн. Би амьдарч байгаа газарт чинь очьё гэж хэлэхэд очуулахгүй байдаг байсан, нэг өдөр эхнэр нь залгахаар нь хамт амьдарч байгааг мэдсэн. Би эргээд Хөвсгөл аймаг руу явчихаад 4 сард ирээд 2 хүүхдээ аваад тусдаа байж байгаад 5 сарын сүүлээр эргэж нийлсэн... 6 сард Турк явж ирээд эгчийнд амьдарч байгаад сарын өмнөөс 59-р байрыг түрээслэж амьдарч эхэлсэн. Гэрт гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж унагаасан, гар гээд хувцаснаас татаж байсан, намайг өрөөнд орсон хойно юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.18-20/,

 

Хэрэг бүртгэлд Н.Бгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн: “Би эхнэр Долгоржавтай 20 жил амьдарч байгаад гэр бүлийн маргааны улмаас 2007 онд салсны дараа 2008 онд суугаад 2 хүүтэй болж 9 жил амьдарч байна. 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гэртээ байж байхад 19 цагийн үед гаднаас салсан эхнэр Долгоржав 2 найз нарын хамт орж ирээд цай уугаад бид хоёр юм ярьж байхад Болормаа орж ирээд яагаад манайд хэл чимээгүй гэнэт орж байгаа юм бэ хэнийг

 

доромжлоод байгаа юм бэ гэж уурлаж тэр хоёр маргалдахаар нь Долгоржавыг ярих юмаа дараа нь ярья, гэрт битгий хэрүүл хийгээд бай гэрээс гар гэсэн чинь явахгүй хэрүүл хийгээд суугаад байхаар нь гар гэж хувцаснаас нь татаад гарахгүй болохоор нь 2 алгадаад татаж чангаасаар байгаад гаргаад хаалгаа хаасан чинь хаалга гаднаас өшиглөөд болохгүй байхаар нь хаалгаа онгойлгоод 2 удаа нүүрэнд нь цохисон тэгээд тэр хэд явсан. Хохирогчтой хамт явсан 2 хүн нь зодоонд оролцоогүй, болсон асуудлыг харсан. Хохирогч гэнэтхэн гэрт орж ирээд надтай юм яриагүй, мэнд ус мэдэлцээд тамхилаад сууж байхад Болороо өрөөнд орж ирж тэр хоёр хээрэлдсэн тэгэхээр нь гар гэхээр гарахгүй, ямар зорилгоор ирсэн нь тодорхойгүй суугаад байсан тул уурлаад цохисон юм. Би хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа санал хүсэлт байхгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би цохиж учруулсан. Урьдны маргаан байхгүй, хамт амьдарч байгаад салаад 10 жил болж байна. 2015 онд Хөвсгөл аймагт Болороотой амьдарч байгаад хотод ирээд Долгоржавтай 6 сар амьдарч байгаад буцаад Болороотой амьдарсан. Хоёр талд амьдрал болохгүй үр хүүхдээ харж хандах зорилготой хоёр талд очиж ирж байсан” гэх мэдүүлэг /хх.24-25/,

 

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх.16-17/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Хэрэг бүртгэлд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хэрэг бүртгэлтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Н.Б нь 2017 оны 03 дугаар сарын 09 ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 дүгээр байрны 18 тоотод салсан эхнэр А.Долгоржавтай маргалдан, таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч А.Долгоржавын өгсөн мэдүүлэг /хх.11-12/, мөрдөн байцаалтад гэрч Д.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх.18-20/, шинжээчийн 3649 дугаартай дүгнэлт /хх.15/, мөрдөн байцаалтад /хх.24-25/ болон шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бгийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд Н.Бг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч А.Долгоржав нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Долгоржавт 85.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 297, 298, 418 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Н Бг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг Н.Бд сануулсугай.

 

  1. Н.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Долгоржавт 85.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд урьд нь авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР