Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Олхонууд овогт Ч.Д-ийн  нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, энэ жил 55 настай, улсад 24 жил ажилласан. 1977 оны 11 сарын 01-нээс 1990 оны 05 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт Д-ийн Д гэж бичигдэж иргэний үнэмлэхтэй овог зөрөөд байна. Д  нь миний өргөж авсан аав бөгөөд сүүлд иргэний үнэмлэх авахдаа төрсөн аав Ч-р овоглон авсан юм. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 1978, 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Ч.Д мөн болохыг  болон 1977 оны 11 сарын 01-нээс 1990 оны 05 сарын 31-нийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.  

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 005/000012 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 08/04 дугаартай ‘’Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 03 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 09-нд ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа  явуулж байна’’ гэсэн лавлагаа,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1978 оны 03 сарын 20-ны өдөр Д.Дд олгосон №003 дугаартай 1978 оны 01-12 сар, 1979 оы 01-12 сар, 1980 оны 01-06 сарын цалин бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1981 оны 04 сарын 25-ны өдөр Д.Дд олгосон 1981 оны 01-12 сар, 1982 оны 01-12 сар, 1983 оны 01-12 сар, 1984 оны 01-12 сар, 1985 оны 01-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1990 оны 01-05 сарын цалин бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Д.Дд олгосон 1978, 1984 оны Баярын бичиг, 1984 оны Диплом, 1987 оны Жуух бичиг, 1985, 1987 оны Арвин саалийн эзэн гэрчилгээ,

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 005/000453 дугаартай Эрдэнэбилэгийн Энхцэцэгийн төрсний гэрчилгээний лавлагаа,

Д.Д, Д.Эрдэнэбэлэг нарын №02 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ

Гэрч Х.Б., Ж.Ц., Ц.Б. нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Ч.Дгийн Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 04 сарын 5-ны өдрөөс 1990 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт Д-ийн Д гэж байгаа хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Ч. Дгийн хөдлөмрийн дэвтэр мөн болох нь хэрэгт авагдсан Д.Д, Д.Э нарын гэрлэлтийн гэрчилгээ, Д.Э., Ч.Д нарын дундаас төрсөн охин Э.Э-ийн хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаагаар нотлож байна.

Иймээс нэхэмжлэгч Ч.Дгийн Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 04 сарын 05-ны өдрөөс 1990 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь хэргийн 7-8-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 9-14-р хуудсанд авагдсан баярын бичиг, арвин саалийн эзний гэрчилгээ, дипломоор тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчийн 1977 оны 11 сарын 01-нээс 1978 оны 03 сарын 30-нийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдал нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн Д.Дд олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан жилийг шүүхээс тогтоож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас Д.Дд 1978, 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Ч.Д мөн болохыг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд  заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Ч.Дг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 04 сарын 05-ны өдрөөс 1990 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР