Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Сүлдэн овогт Т.Х-ийн  нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Миний бие 1966 оны 11 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынд төрсөн. Энэ жил 52 настай. Эрдэнэдалай сумын сургуулийн 8-р ангийг 1982 онд төгсөөд Эвлэлийн илгээлтээр Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад малчин болж 1991 оныг дуустал малчинаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт 1982 оны 07 сарын 01-нд Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад малчин  болсон гэж бичсэн боловч авсан цалин хөлсийг бичгээгүй, ажилласан жилүүдийг тамга дарж баталгаажуулаагүйгэс тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад 1982 оны 07 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-ний хүртэл малчинаар ажилласныг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Х  гэж буруу  бичсэн байгаа тул миний иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн Т.Х  гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Т.Х болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай нутагт цас ихтэй, мал төллөж байгаа учир энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг намайг эзгүйгээр  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Х нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс Т.Х-д 1989 оны 06 сарын 26-ны өдөр олгосон 1982 оны 09-12 сар, 1983 оны 01-12 сар, 1984 оны 01-12 сар, 1985 оны 01-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын  цалингийн бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 005/000009 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 08/03 дугаартай лавлагаагаар: ‘’Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд ‘’Хөгжил’’ хувьцаат компани болон өөрчлөгдсөн байна’’ лавлагаа,

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 3/37 дугаартай тодорхойлолт,

Гэрч Ж.Л С.Л , Ж.Ц  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Т.Хийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нэрийн зөрчилтэй,  ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Хийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг болон 1989 оны 06 сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс Т.Х  гэж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т. Х мөн болох нь хэргийн 3-4-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 5-р хуудсанд төрсний бүртгэлийн лавлагаа, 19-р хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчийн 1982 оны 07 сарын 01-нээс 08 сарын 31-нийг хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 12 сарын 31-нийг хүртэл хугацааны малчинаар ажиллаж байсан байдал нь бичгийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сүлдэн овогт Т.Хийг  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг болон 1989 оны 06 сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс Т.Х  гэж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т.Х мөн болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР