Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Харнууд овогт Ж.Б -ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960  онд төрсөн, 58 нас хүрч байна. Улсад 43 жил ажилласан. Үүнээс 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс Луус сумын  Хөдөлмөр нэгдэлд  малчинаар ажиллаж байгаад 1978 оны 06 сарын 27-ны өдрөөс 3 жилийн цэргийн алба хаасан. 1981 лны 06 сарын 27-ны өдрөөс хойш Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэгийн зөрчилтэй учир гэрч нарын мэдүүлэг, цалингийн баримт, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 27-н хүртэл, 1981 оны 06 сарын 27-ны өдрөөс 1990 оны 12сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Ж.Бт олгосон 1975 оны 01-12 сар, 1976 оны 01-12 сар, 1977 оны 01-12 сар, 1977 оны 01-12 сар, 1978 оны 01-06 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Ж.Бт 1981 оны 04 сарын 27-ны өдөр олгосон 1981 оны 06-12 сар, 1982 оны 01-12 сар, 1983 оны 01-12 сар, 1984 оны 01-12 сар, 1984 оны 01-06, 1986 оны 06-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Ж.Бт 1991 оны 09 сарын 18-ны өдөр олгосон 1991 оны 01-12 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 02/547 дугаартай: ‘’Ж.Б нь Дундговь аймгаас НАХЯ-ны сайдын 1978 оны 06 сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0146 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1981 оны 06 сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар халагджээ’’ гэсэн архивын лавлагаа,

Дундговь аймгийн Луус сумын Тамгын газрын 2018 оны 01 сарын 29-ны өдрийн 02/68 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Ж.Бт олгосон 1975 оны 06, 08 сар, 1978, 1983 оны 01, 02, 04 сар, 1985 оны 01, 05 сар, 1986 оны 12 сар, 1987 оны 10 сарын цалингийн тооцооны хүснэгт,

 Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 08/73 дугаартай ‘’Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 03 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 09-нд ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа  явуулж байна’’ гэсэн лавлагаа,

Гэрч Ж.Ц , Х.Б , Б.С нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Ж.Бын  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл, 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 95 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 63 дугаар албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ж.Б ажиллаж эхэлсэн хугацаагаа 1975 оны 1 сарын 1 гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч хэрэгт 1975 оны 1 сарын 1-нээс ажилласан тухай нотлох баримт авагдаагүй тул түүний ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн хугацааг 1973 оны Хөдөлмөрийн хуулийн 163 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн нас 16 гэж заасныг үндэслэн 1975 оны 04 сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Нэхэмжлэгч Ж.Бын  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 04 сарын 24-ний өдрөөс 1978 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл, 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь хэргийн 8-10-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 13-24-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харнууд овогт Ж.Быг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 04 сарын 24-ний өдрөөс 1978 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл, 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР