| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2019/0058/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 17
Б.Дашнямд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.Дашням түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Дашнямд холбогдох эрүүгийн 1936000630057 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ******* ******* овогт *******гийн Дашням нь 2018 оны 5-6 дугаар сарын үед Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэн өндөр дэлгүүрийн үүдэнд байсан иргэн *******ийн Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн ******* маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн *******өд 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн Дашнямыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дашнямд 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дашнямд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1936000630057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 800000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дашнямд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Дашням түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Нийгмийн дунд засарч хүмүүжих боломжтой. Өндөр настай эцэг эхээ харж асрамжлах тэжээн тэтгэх үүрэгтэй, өндөр настай эхийг нь Б.Дашнямаас өөр харж асрах хүнгүй. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай, Б.Дашнямд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой юм. Б.Дашнямын эрүүл мэнд сайнгүй, цаашид нийгэмд засарч хүмүүжих боломжтой байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын Эрүүгийн хуульд хүндэвтэр гэмт хэрэг гэсэн ойлголт хуульчлагдаагүй болно. Түүнчлэн Б.Дашням нь урьд ял шийтгэл эдлэж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан нь тохиолдолын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр гэмт хэргийг давтан үйлдэх гэсэн ойлголт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт ял оногдуулахад нөлөөлөхгүй ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд шууд хамааралтай ойлголт юм.
Б.Дашням нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мөн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Б.Дашнямд санал болгосон 1 жилийн хугацаагаар хорих ялыг Б.Дашням хүлээн зөвшөөрсөн зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байхад анхан шатны шүүх хорих ял оногдуулахдаа прокурорын санал болгосон хорих ял оногдуулах саналаас доогуур хөнгөрүүлж оногдуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Дашням түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Дашням нь 2018 оны 5-6 сарын үед Ховд аймгийн ******* сумын Булган багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ” Хүрэн өндөр “ дэлгүүрийн үүдэнд байсан иргэн *******ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун -150 маркийн улаан өнгийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн *******өд 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******, гэрч Б.Баярмагнай, Х.Энхболд, Ч.Дагважанцан нарын мэдүүлгүүд, мотоцикль үнэлсэн тухай тайлан, шүүгдэгч Б.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Дашнямын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байна.
Харин Б.Дашням нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуульд заасан төрөл хэмжээний ял болох 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
А.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:
1.Тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Дашнямыг 6 сарын хорих ял шийтгэсүгэй “гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Дашнямыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй “гэж,
2. Тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 заалтыг хүчингүй болгосугай гэж,
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дашням нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай гэсэн нэмэлт,
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Дашнямын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг, 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцсугай гэсэн нэмэлт,
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Дашнямыг шүүх хуралдааны танхимаас сулласугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад, заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
Б. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА