Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0433

2015 оны 9 сарын 10 өдөр   Дугаар 221/МА2015/0433

ЖО , МТ ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч ЖО  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, МТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, К.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ЖО  болон МТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ЖО , МТ ХХК-уудын нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ШӨХТГ-ын улсын ахлах байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000796, 0000797 дугаар шийтгэвэр болон дүгнэлт, зөрчлийн тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Өрсөлдөөний тухай хуулийн 14.1-д заасан эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэн. Мэргэжлийн хяналтын газар нь харьяа байгууллагуудаа дагаж мөрдөх стандартыг баталсан байдаг. Эдгээр байгууллагууд нь тус тусдаа бие даасан статустай. Хуулийн зорилгоос үзвэл картелийн улмаас заавал хохирсон байхыг шаардахгүй. Тухайн хоёр компанийг үнээ нэмсэн тухай мэдээллийн дагуу шалган үзэхэд ижил үнээр, ижил хугацаанд нэмсэн ба мөрдөж эхэлсэн хугацаа нь ижил байсан. Зардлуудыг харьцуулахаар ЖО  ХХК 200 гаруй төгрөг, МТ ХХК 22 төгрөг байдаг. Мөн ЖО  ХХК-ийг МТ ХХК-ийн захирал н.Ганзориг худалдан авсан ба маргаан үүссний дараа шилжүүлсэн. Иймээс учир шалтгааны хувьд холбоотой. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасныг баримтлан "ЖО " ХХК болон "МТ " ХХК-ийн "ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000796, 0000797 тоот шийтгэвэр, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцож дахин шинэ акт гартал ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000796, 0000797 тоот шийтгэврийг түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар "ЖО " ХХК болон "МТ " ХХК-ийн ШӨХТГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөрчлийн тухай тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "ЖО " ХХК давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлж, дүгнэсэн, маргаан бүхий захиргааны актын талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй буюу хэргийг эцэслэн шийдвэрлээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Үүнд:

а. Анхан шатны шүүх нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл, түүнд дурдагдсан үйл баримтыг тогтоолгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбар болон тухайн маргаан бүхий захиргааны актад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Гэвч, нэхэмжлэгч компаниудын зүгээс маргаан бүхий захиргааны акт нь хууль, зүйн үндэслэл нотолгоогүй, зохих хуулийн шаардлага хангаагүй, зөвтгөх аргагүй алдаатай болох талаар үндэслэл, нотолгоотой тайлбарыг гаргасан боловч анхан шатны шүүх нь ямар нэг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй ба үүнийгээ тайлбарлаагүй болно.

Энэ хэргийг урьд өмнө хянан хэлэлцэж байсан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "хэлцэн тохирч бараа бүтээгдэхүүний үнэ тогтоосон гэх этгээдүүдийн уг үйлдэлд холбогдох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай" гэж даалгасан байдаг. Гэтэл, анхан шатны шүүх нь тэдгээр нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна ямар ч нотолгоо, баримтгүйгээр маргаан бүхий захиргааны актыг зөвтгөсөн болно.

Түүнчлэн, анхан шатны шүүх нь зохих газруудаас (Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар) нотлох баримт цуглуулсан боловч түүнийгээ үнэлээгүй, давж заалдах шатны шүүхээс даалгасан харилцан хамаарал бүхий байдлыг харгалзаж дүгнэлт хийх шаардлагатай гэснийг биелүүлээгүй. Энэ нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудын нэг мөн байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт "...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоосноор тэдгээр компаниудын алдагдлын хэмжээ өөр өөр байхад нэг ижил дүнгээр, нэг цаг хугацаанд үнээ нэмсэн гэж үзэж Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар зөрчил гаргасан гэж үзсэн нь зөв байна" гэснээс өөрөөр маргааны гол зүйлийн талаар ямар нэг үнэлэлт, дүгнэлт байдаггүй. Ийнхүү зөв хэмээн дүгнэснээ яагаад, юуны үндсэн дээр, ямар баримт, нотолгоонд үндэслэсэн болохоо огт дурдаагүй, тайлбарлаагүй болно. Гэтэл хэргийн оролцогчийн маргааны гол зүйл буюу маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь "Өрсөлдөөний тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт буюу "хэлцэн тохирч үнэ тогтоосон" гэх маш тодорхой үйл, баримт байдаг.

Хуулийн зохицуулалтаас харахад гэрээ, хэлцэл байгуулагдсан, бусдын өрсөлдөөнийг хязгаарласан тохиолдолд карталь байгуулсан гэж үзэхээр хуульчилсан. Гэтэл хэргийн материалд өрсөлдөөн хязгаарлагдсан болон гэрээ, хэлцэл байгуулагдсан талаар нотолсон, тогтоосон зүйл огт байдаггүй ба ерөөс улсын байцаагч нар энэ талаар хяналт, шалгалт явуулаагүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байтал анхан шатны шүүх улсын байцаагч нарын үйлдлийг хүчээр зөвтгөсөн байдаг.

Ингэснээр, анхан шатны шүүх зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс даалгасныг биелүүлээгүй, маргааны гол зүйлд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн болно.

b. Анхан шатны шүүх нь " Улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн авч, унийг буцаагаад бууруулж, албан шаардлагад буцаагаад маргаагүй нь хэлэлцэн тохирч үнэ тохиролцсон гэж үзэхээр байна" гэх маш болхи дүгнэлтийг хийсэн. Хэргийн оролцогчид үнэ нэмсэн үйлдэл дээр үгсэн хуйвалдсан асуудал байгаа эсэх талаар маргаж байхад анхан шатны шүүх нь талуудын маргаагүй, тэс өөр үйлдэл болох үнэ бууруулсан үйлдэлд хамааруулж үгсэн хуйвалдсан гэх үйлдлийг тогтоосноороо шүүхийн практикт нээлт хийсэн. Гэвч, анхан шатны шүүхийн энэ нээлт нь баримт нотолгоогүй, логикгүй, шалтгаант уялдаа холбоогүй, өнгөцхөн, хийсвэр болсон бөгөөд зөвхөн гомдоогүй гэх төдийхнөөр шалтаглан маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянуулах хуулийн дагуу гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон.

Хяналт шалгалтын үйл ажиллагааг бүхэлд авч үзвэл улсын байцаагч нар нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэгдсэн дүгнэлтээр үгсэн хуйвалдсан гэх асуудлыг тогтоосон гэж үзэж улмаар энэ дүгнэлтийн дагуу албан шаардлага, шийтгэвэр, зөрчлийн тэмдэглэл зэрэг баримт бичгүүдийг үйлдсэн байдаг.

Ийм байтал анхан шатны шүүх нь албан шаардлагыг хүлээн зөвшөөрч үнээ бууруулсан нь үгсэн хуйвалдсан гэж үзэх үндэстэй гэх илэрхий алдаатай дүгнэлтийг хийсэн. Нөгөөтэйгүүр, албан шаардлагад гомдол гаргаагүй нь Нэгдсэн дүгнэлтэд гомдол гаргах, түүний хууль зүйн үндэслэлийг хянуулах эрхийг хязгаарлах үндэсгүй юм.

Түүнчлэн, тэрхүү албан шаардлагаар үнээ бууруулахыг шаардсан байдаг бөгөөд хэрэв биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно гэсэн байдаг, Хэрэв анхан шатны шүүх нь нэхэмжлэгч компаниудыг уг албан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж буй тохиолдолд улсын байцаагч нарийн хариуцлага ногдуулсныг зөвтгөх боломжгүй юм. Нэхэмжлэгч компаниудын хувьд үгсэн хуйвалдсан гэх үндэслэл, нотолгоогүй дүгнэлтийг үл зөвшөөрч нэгдсэн дүгнэлтэд холбогдох нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу гаргасан бөгөөд үүнийгээ шударга шүүхээр хянуулах зорилготой бөгөөд эрхтэй юм.

Албан шаардлагын хувьд Нэгдсэн дүгнэлт нь хуулийн үндэслэл нотолгоотой, эсэхээс хамаарч түүний хүчинтэй эсэх нь шийдэгдэх логик дараалалтай бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 01 тоот зөвлөмжид тодорхой зааж, зөвлөсөн байдаг.

Иймд, анхан шатны шүүх нь дээрх байдлаар хэргийн үйл баримтад төөрөлдсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөнөөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

с. Нэхэмжлэгч компаниудын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд амаар болон бичгээр гаргасан тайлбартаа тодорхой дурдаж, зохих нотлох баримтыг шинжлэн судлуулсан байтал анхан шатны шүүх үнэлээгүй. Энэ нь анхан шатны шүүх тус тусдаа бие даасан компаниудыг хооронд нь ялгаж салгаж чадаагүй, хавтаст хэрэгт авагдаж, судлагдсан нотлох баримтыг үнэлээгүй, товчхондоо хэргээ судлаагүй, хуралдаанд анхаарал хандуулаагүй, хариуцлагагүй, дур зоргоороо үйлдэл болсон.

Нэхэмжлэгч компаниудын зүгээс маргаан бүхий захиргааны акт бүхэлдээ үндэслэл, нотолгоогүй болохыг батлахын зэрэгцээ, хуульд заасан шаардлагыг зөрчсөн алдаа цөөнгүй байгааг шүүхэд танилцуулсны нэг нь бөөний болон жижиглэнгийн борлуулалтын орлого юм. Нэхэмжлэгч компаниудын хувьд бүх төрлийн бүтээгдэхүүнээ бөөний болон жижиглэнгийн үнээр борлуулдаг бөгөөд үнэ нэмсэн 3 төрлийн бүтээгдэхүүний хувьд жижиглэнгийн үнийг нэмсэн байдаг. "Өрсөлдөөний тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар тухайн буюу жижиглэнгийн борлуулалтын орлогод хамаарах байтал анхан шатны шүүх нь улсын байцаагч нарын алдааг давтсан буюу хуулийн санкци хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөсөн.

Энэ талаар үндэслэл бүхий тайлбараа шүүх хуралдаанд гаргаж, зохих баримтууд (үнэ нэмсэн тушаал)-ыг шинжлэн судлуулсан боловч шүүх мөн л үнэлээгүй болно.

Дээрх байдлаар анхан шатны шүүх нь илэрхий алдаатай захиргааны актыг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа болно.

d. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга нь 2012 оны 7-р сарын 3-ны өдрийн 207 тоот тушаалаар "Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт" (цаашид "Стандарт" гэх)-ыг баталсан бөгөөд энэ нь Стандартчилал хэмжил зүйн газарт байгууллагын стандартаар 03-11-0223:2013 дугаарт бүртгэгдсэн байдаг. Энэхүү Стандартыг Мэргэжлийн хяналтын төв байгууллага хуулиар олгогдсон "... хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах" бүрэн эрхийнхээ хүрээнд баталж мөрдүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхээс 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан 01 тоот зөвлөмжид зааснаар улсын байцаагч нар энэхүү стандартыг баримталж ажиллах үүрэгтэй болохыг тодотгож өгсөн байдаг.

Энэхүү Стандартаар "Төрийн хяналт, шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 8 дах заалтад заасан Улсын байцаагчийн 1) албан шаардлага, 2) дүгнэлт, 3) акт, 4) торгуулийн хуудас зэрэгт юу хамаарах, хэрхэн ойлгох, ямар бүтэц агуулгатай байхыг тогтоож өгсөн. Үүнд зааснаар, улсын байцаагчийн дүгнэлт гэж "барилга, байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хууль, тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт, бичиг" -ийг хэлнэ гэж тодорхойлсон. Гэтэл, ШӨХТГ-ын улсын байцаагч нар Стандартын дээрх шаардлагыг илэрхий зөрчиж огт хамааралгүй асуудлаар дүгнэлт үйлдсэн. Дүгнэлтийг зөвхөн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын асуудлаар үйлдэх ёстой байтал "үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон" гэх асуудлаар нэгдсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, ийм илэрхий алдаатай буюу ямар баримт, бичгийг ямар тохиолдолд үйлдэхээ мэддэггүй улсын байцаагч нарын үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөсөн нь Монгол Улсад аливаа үйл ажиллагаа хууль ёсны байх, баримт нотолгоотой байх, шударга байх үзэл, зарчмыг хөсөрдүүлсэн ажиллагаа болсон гэж бид үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

с. 2013 оны 9-р сарын 27-ны өдөр "Магнай Петролиум" ХХК-ийн гүйцэтгэх захирал 23/13 тоот тушаал, "ЖО " ХХК-ийн гүйцэтгэх захирал 61/13 тоот тушаалаар өөрийн эзэмшлийн шатахуун түгээх станцуудаар Н-80, Р-92 болон дизель түлш зэргийн үнийг 50 төгрөгөөр нэмж борлуулах шийдвэрүүд хэрэгт авагдсан байтал энэ талаар шийдвэр гаргаагүй "МТ " ХХК-д хариуцлага хүлээлгэсэн улсын байцаагч нарын илэрхий алдаатай үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөсөн. Энэ талаар нэхэмжлэгч компаниудын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд амаар болон бичгээр гаргасан тайлбартаа тодорхой дурдаж, зохих нотлох баримтыг шинжлэн судлуулсан байтал анхан шатны шүүх үнэлээгүй. Энэ нь анхан шатны шүүх тус тусдаа бие даасан компаниудыг хооронд нь ялгаж салгаж чадаагүй, хавтаст хэрэгт авагдаж, судлагдсан нотлох баримтыг үнэлээгүй, товчхондоо хэргээ судлаагүй, хуралдаанд анхаарал хандуулаагүй, хариуцлагагүй, дур зоргоороо үйлдэл болсон.

Нэхэмжлэгч компаниудын зүгээс маргаан бүхий захиргааны акт бүхэлдээ үндэслэл, нотолгоогүй болохыг батлахын зэрэгцээ, хуульд заасан шаардлагыг зөрчсөн алдаа цөөнгүй байгааг шүүхэд танилцуулсны нэг нь бөөний болон жижиглэнгийн борлуулалтын орлого юм. Нэхэмжлэгч компаниудын хувьд бүх төрлийн бүтээгдэхүүнээ бөөний болон жижиглэнгийн үнээр борлуулдаг бөгөөд үнэ нэмсэн 3 төрлийн бүтээгдэхүүний хувьд жижиглэнгийн үнийг нэмсэн байдаг. "Өрсөлдөөний тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар тухайн буюу жижиглэнгийн борлуулалтын орлогод хамаарах байтал анхан шатны шүүх нь улсын байцаагч нарын алдааг давтсан буюу хуулийн санкци хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөсөн.

Энэ талаар үндэслэл бүхий тайлбараа шүүх хуралдаанд гаргаж, зохих баримтууд (үнэ нэмсэн тушаал)-ыг шинжлэн судлуулсан боловч шүүх мөн л үнэлээгүй болно.

Дээрх байдлаар анхан шатны шүүх нь илэрхий алдаатай захиргааны актыг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа болно.

d. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга нь 2012 оны 7-р сарын 3-ны өдрийн 207 тоот тушаалаар "Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт" (цаашид "Стандарт" гэх)-ыг баталсан бөгөөд энэ нь Стандартчилал хэмжил зүйн газарт байгууллагын стандартаар 03-11-0223:2013 дугаарт бүртгэгдсэн байдаг. Энэхүү Стандартыг Мэргэжлийн хяналтын төв байгууллага хуулиар олгогдсон "... хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас батлах" бүрэн эрхийнхээ хүрээнд баталж мөрдүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхээс 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан 01 тоот зөвлөмжид зааснаар улсын байцаагч нар энэхүү стандартыг баримталж ажиллах үүрэгтэй болохыг тодотгож өгсөн байдаг.

Энэхүү Стандартаар "Төрийн хяналт, шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 8 дах заалтад заасан Улсын байцаагчийн 1) албан шаардлага, 2) дүгнэлт, 3) акт, 4) торгуулийн хуудас зэрэгт юу хамаарах, хэрхэн ойлгох, ямар бүтэц агуулгатай байхыг тогтоож өгсөн. Үүнд зааснаар, улсын байцаагчийн дүгнэлт гэж "барилга, байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хууль, тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт, бичиг" -ийг хэлнэ гэж тодорхойлсон. Гэтэл, ШӨХТГ-ын улсын байцаагч нар Стандартын дээрх шаардлагыг илэрхий зөрчиж огт хамааралгүй асуудлаар дүгнэлт үйлдсэн. Дүгнэлтийг зөвхөн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын асуудлаар үйлдэх ёстой байтал "үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон" гэх асуудлаар нэгдсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, ийм илэрхий алдаатай буюу ямар баримт, бичгийг ямар тохиолдолд үйлдэхээ мэддэггүй улсын байцаагч нарын үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөсөн нь Монгол Улсад аливаа үйл ажиллагаа хууль ёсны байх, баримт нотолгоотой байх, шударга байх үзэл, зарчмыг хөсөрдүүлсэн ажиллагаа болсон гэж бид үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

ШӨХТГ-ын даргын баталсан 2013 оны 09 сарын 30-ны өдрийн 1/53 тоот удирдамжийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулж 2013 оны 10 сарын 04-ний өдөр Нэгдсэн дүгнэлт гаргасан байна.

Дээрх шалгалтын дагуу 2013 оны 10 сарын 04-ний өдөр 5/231 тоот Албан шаардлагыг ЖО компанид хүргүүлж, мөн оны 11 сарын 08-ны өдрийн 0000796 тоот шийтгэвэрээр 941.932.927 төгрөгийн торгууль ногдуулжээ. Торгууль ногдуулах явцдаа мөн Зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэн байна. МТ компанийн тухайд 2013 оны 10 сарын 04-ний өдөр 5/232 тоот Албан шаардлагыг хүргүүлж, мөн оны 11 сарын 08-ны өдрийн 0000797 тоот Шийтгэвэрээр 2.368.047.972 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийн хянан шалгах явцдаа Зөрчлийн тухай тэмдэглэл мөн адил үйлдсэн байна.

                      Шүүхэд ЖО ХХК нь 0000796 дугаартай Шийтгэвэр, Зөрчлийн тухай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, МТ ХХК нь 0000797 дугаартай Шийтгэвэр, Зөрчлийн тухай тэмдэглэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад МТ ХХК нь Нэгдсэн дүгнэлтийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, харин ЖО ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

1.  ШӨХТГ-ын улсын байцаагчийн үйлдсэн 2013 оны 11 сарын 08-ний өдрийн Зөрчлийн тухай тэмдэглэл-ийг хүчингүй болгуулах ЖО ХХК-ийн, илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахыг хүссэн МТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудын талаар : Анхан шатны шүүх Зөрчлийн тухай тэмдэглэл гэсэн баримтын талаар зөв дүгнэлт хийсэн байна. Зөрчлийн тухай тэмдэглэл нь захиргааны актад тавигддаг нийтийн эрх зүйн хүрээнд үүсэн, тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэхээр гарсан, эрх зүйн үр дагавар бүхий зэрэг шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай тэмдэглэл нь нэхэмжлэгч компаниудын тухайд эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж дүгнэх боломжгүй байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 болон 12 дугаар зүйлд заасны дагуу үйлдэгддэг Зөрчлийн тухай тэмдэглэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан Захиргааны акт гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

2.  2013 оны 11 сарын 08-ны өдрийн 0000796 тоот шийтгэвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн ЖО ХХК-ийн, 0000797 дугаартай шийтгэвэр, Нэгдсэн дүгнэлтийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах тухай МТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудын талаар: Дээрх шийтгэвэрүүдийг улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг үндэслэн гаргасан байна. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох-ыг хориглоно гэж заасныг зөрчиж бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон /картель байгуулсан/ гэж үзжээ.

Нэхэмжлэгч нараас шийтгэвэрийг хүчингүй болгох /илт хууль бус гэж үзэх/ хэд хэдэн үндэслэл дурьдаж буйн нэг үндэслэл нь үгсэн тохироогүй, картель байгуулаагүй, өөрөөр хэлбэл, шийтгэвэр ногдуулах зөрчил гаргаагүй гэж маргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж өөрөөр хэлбэл зөрчил гаргасан үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч компаниудын үнэ нэмэх болсон үндэслэл нь /нэхэмжлэлдээ дурьдсанаар/ ЖО ХХК-ийн тухайд 18 тэрбум төгрөгийн зээлийг 1.4 хувийн хүүтэй энгийн зээл рүү шилжүүлсэн, ОХУ-ын шатахууны экспортын үнэ тонн тутамд 100-200 ам доллароор нэмэгдсэн, ам долларын төгрөгтэй харьцах ханш 300 төгрөгөөр нэмэгдсэн, МТ ХХК-ийн тухайд мөн адил төгрөгийн ханш унасан, ОХУ-н экспортын үнэ нэмэгдсэн өөрөөр хэлбэл алдагдал-тай ажиллах болсон явдал гэж дурьдсан байна.

Гэтэл тухайн 2 компанийн алдагдал харилцан адилгүй байхад нэг өдөр, нэг ижил хэмжээгээр үнэ нэмэгдүүлж байгааг тохиолдлын чанартай давхцал гэж дүгнэх боломжгүй, харин ч хэлэлцэн тохирч үнийг нэгэн зэрэг нэмсэн байна гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 компанийг ямар ч хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх 2 компанийн хувьцааг нэг гэр бүлийн гишүүд /аав хүү 2/ эзэмшдэг байсан бөгөөд энэхүү маргаж буй захиргааны акт гарсаны дараа хувьцаагаа өөрт этгээдэд шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон болохыг дурьдах нь зүйтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас хэлэлцэх тохирсон, үгсэн хуйвалдсан гэх баримт байхгүй гэж маргаж байгаа боловч тухайн аж ахуйн нэгжийн захирлууд адил агуулга бүхий тушаалыг зэрэг гаргаж нэгэн өдөр, нэг адил хэмжээгээр үнэ нэмэгдүүлж байгаа энэхүү факт нь тухайн 2 компанийг хэлэлцэн тохирсныг нотлох хангалттай баримт гэж үзэв. Түүнээс биш хэлэлцэн тохирсон гэдгийг зөвхөн бичгээр байгуулсан, албан ёсны гэрээ хэлцэл байх ёстой мэтээр хязгаарлаж ойлгох боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хууль дахь Хэлцэл-ийн талаарх заалтыг иш татаж бодит үйлдлээр хийсэн хэлцэл, хэлэлцэн тохирч үнийг нэмэгдүүлсэн болох нь бодит үйлдлээр нь илэрч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

3.  Давж заалдах гомдолд дурьдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 7-р сарын 03-ны өдрийн 207 тоот тушаалаар баталсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага стандарт-г баримтлаагүй гэсэн үндэслэлийн тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, мөн зүйлийн 14.т-т Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ гэж заажээ. Хуулийн дээрх заалт болон тухайн хуулиас /2 дугаар зүйлийн 2.3/ үзэхэд Шударга өрсөлдөөн , хэрэглэгчийн төлөө газрын явуулах хяналт шалгалтын хүрээ хязгаар, арга хэлбэр, процесс үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль нь Өрсөлдөөний тухай хууль байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу явуулсан ШӨХТГ-ын улсын байцаагчийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан стандартанд нийцсэн эсэхээр үнэлж дүгнэх боломжгүй. Шүүхээр шийдвэрлэж буй энэ тохиолдолд ШӨХТГ-ын улсын байцаагчаас гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэх нөхцөл нь Өрсөлдөөний тухай хуулиа зөрчсөн байх явдал юм. Давж заалдах шатны шүүх улсын байцаагчаас гаргасан Захиргааны акт нь Өрсөлдөөний тухай хуульд нийсэн байна гэж дүгнэж байна.

4.  Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл, түүнд дурьдсан үйл баримтыг тогтоолгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбар болон тухайн маргаан бүхий захиргааны актанд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдлын үндэслэлийн талаар: Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл, түүнд дурьдсан үйл баримтыг тогтоосон байна. Тодруулбал, маргаан бүхий акт нь зөвхөн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үйл баримтад үндэслэн гарсан байх бөгөөд ийнхүү хэлэлцэн тогтоосон болох нь бодит үйлдлээр илэрч тогтоогдсон байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайн захиргааны актад хамааралтай нөхцөл байдал, нотлох баримтыг үнэлж, дүгнээд анхан шатны шүүх шийдвэрээ гаргасныг буруу биш гэж дүгнэсэн бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн гарсан тайлбар, нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргах байсан гэж үзэх боломжгүй юм.

5.  Улсын байцаагчийн албан шаардлагад гомдоогүй гэх төдийхнөөр маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянуулах хуулийн дагуу гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх давж заалдах гомдлын үндэслэлийн талаар : Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дан ганц Албан шаардлага-ын талаар дүгнэлт өгч шийдвэрлээгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, талууд тайлбар гаргаж хэлэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Нөгөө талаар анхан шатны шүүхээс албан шаардлагад гомдол гаргаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болгож үнэлж дүгнэсэн нь маргаан бүхий захиргааны актыг хянуулах, түүнд гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж дүгнэх боломжгүй.

6.  Тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүдийг ялгаж салгаагүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч талаас Магнай петролиум, МТ гэх аж ахуйн нэгжүүд 2 тусдаа аж ахуйн нэгж гэж тайлбарлаж байна. Хэрэгт МТ ХХК, Магнай петролиум ХХК болон МТ петролиум ХХК гэсэн аж ахуйн нэгжүүдийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь МТ ХХК-д холбогдуулан шийтгэвэр гаргаж торгууль ногдуулжээ. Нэхэмжлэгч МТ ХХК нь хяналт шалгалт явагдаж байх үед болон торгууль ногдуулах, түүнчлэн уг Шийтгэвэрт ШӨХТГ-ын даргад гомдол гаргах бүх үе шатанд манай компани хамааралгүй гэж маргаагүй тул улсын байцаагч нараас МТ ХХК-д торгууль ногдуулсан байна. МТ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ үндэслэлээр маргасан байна. Хэрэгт авагдсан үнэ нэмсэн гэх тушаалыг Магнай петролиум компанийн захирал гаргасан байгаа боловч уг тушаалаар өөрийн бараа, бүтээгдэхүүний үнийг нэмсэн гэж үзэх үндэслэлгүй, тухайн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн МТ ХХК-ийн бүтээгдэхүүний үнийг нэмсэн, ийнхүү үнэ нэмсэнээс орох орлого /ашгийг/ МТ ХХК хүртэж байгаа тул энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Гэхдээ анхан шатны шүүх дахин шинэ захиргааны акт гаргахаар даалгаж шийдвэрлэсэн тул дахин шинэ захиргааны акт гаргах үе шатандаа дээрх байдлыг нарийн тогтоох боломжтой, нэхэмжлэгч МТ дээрх үндэслэлээ дахин шалгуулж нотлох баримтаар тогтоогдвол хариуцлагаас ч чөлөөлөгдөх боломжтой байна.

7.  Улсын байцаагч нар хуулийн санкци хэтрүүлсэн гэх үндэслэлийн талаар : Нэхэмжлэгч нарын гаргасан энэхүү гомдол нь үндэслэлтэй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ... санкцитай байна. Хуулийн дээрх заалтын дагуу үнэ зөвхөн үнэ нэмэгдсэн А-80, АИ-92, АИ-95, ДТ /ЖО  ХХК-ийн тухайд захирлын тушаалд дурьдсанаар Улаанбаатар хотын ШТС-р борлуулах Н-80, Р-92, ДТ/ гэсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр торгохоор байна. Гэтэл улсын байцаагч нар нь зөвхөн үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын орлогод биш нийт бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос /бөөний болон жижиглэнгийн/ бодож торгууль ногдуулсан нь буруу юм. Иймд дээрх бүтээгдэхүүн тус бүрийн тухайд дахин тооцоолол хийж дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна гэж үзэв. Шүүх үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн зөрчил гарсан гэж үзсэн тул энэхүү зөрчилд хариуцлага ногдуулах ёстой гэж дүгнээд, гомдлын энэхүү үндэслэлээр уг захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

8.  Давж заалдах шатны шүүхийн Магадлалыг биелүүлээгүй гэх агуулга бүхий гомдлын үндэслэлийн талаар: Анхан шатны шүүх тус шүүхийн 2014 оны 07 сарын 08 өдрийн 281 дугаартай магадлалыг биелүүлсэн байна. Тодруулбал, уг Магадлалд ...хэлэлцэн тохирсон нөгөө этгээд болох МТ /эсхүл Магнай петролиум ХХК/-ийн холбогдох баримтыг авч харьцуулан дүгнэлт хийх шаардлагатай байна гэж заасан. Энэхүү заалтыг биелүүлж ЖО ХХК болон МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй 2 хэргийг шүүгчийн захирамжаар нэгтгэн шийдвэрлэж, үгсэн хуйвалдсан гэх МТ болон ЖО компаниудын материалыг авч харьцуулан уялдуулж үнэлээд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЖО  ХХК болон МТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:  

                ШҮҮГЧ                                                                   Э.ХАЛИУНБАЯР

                ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

                ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР