Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/756

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 08 өдөр           Дугаар      0756          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Ж

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн Э.Ө, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Ж нь миний эгч юм. Бага насны хоёр хүүхэдтэйгээ 2010 оноос хойш амьдарч байсан. Өөрийнх нь өмч гээд 200 м.кв газар л байдаг. Уг газрыг А.А гэх иргэн зочид буудлынхаа зогсоол хийхийн тулд бүх байгууллагаар асуудал үүсгэж байгаа. Шүүхийн үзлэг бусад нотлох баримтуудаар хууль ёсны газар гэдэг нь нотлогдож байгаа. Мөн газрын эрхийг хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагаа гээд бичиг өгсөн байдаг ч тэр нь газрын эрхийг цуцалж байгаагаас өөр үндэслэлээр сонсох ажиллагаа хийсэн байдаг...”, “...НЗД-ын уг захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан “...НЗД-ын бүрэн эрхэд хамаарагдах асуудал дээр НЗД гардаж газар эзэмших эрх олгосон нь үндэслэлгүй байна” гэх үндэслэлээр О.Ж-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ хэрэг нь өмнө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан хэд хэдэн ажлыг хийсэн байдаг. Магадлалд нэхэмжлэгч О.Ж-ны нэхэмжлэлтэй 280 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа эсэх мөн уг газар нь анх нэхэмжлэгчид эзэмшүүлэх үед инженер шугам сүлжээ бүхий газарт хамаарагдаж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. НЗД тухайн захирамжийг гаргахдаа иргэн О.Ж-ны эзэмшлийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлээ холбогдох газрын албадаас мэдээлэл авалгүйгээр, үзлэг хийгүйгээр тэр хавиар инженерийн шугам сүлжээ явж байсан гэдэг мэдээлэл үндэслээд захирамж гаргаж цуцалсан байдаг. Гэтэл холбогдох нотлох баримт болон шүүхээс хийсэн үзлэгт тухайн инженерийн шугам сүлжээ бүхий газар нь хамгаалалтын зурваст хамаарагдахгүй бусад иргэний газартай давхцаагүй газар гэдэг нь тогтоогдсон.  НЗД Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан үндэслэлээр 2015 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан А/343 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  юм.  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан А/343 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хамаарах бүрэн эрхийнхээ хэмжээнд тухайн иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд НЗД-ын гаргасан захирамжийн үндэслэх хэсэгт дурдагдсан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймд  нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүрэгт 347 иргэнд 20.000 мянган м.кв газар олгосон байдгаас О.Ж-дхолбогдох хэсгийг НЗД шугам сүлжээ бүхий газар гэх үндэслэлээр цуцалсан. Үүнтэй холбоотойгоор тус цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ газар нь ямар нэгэн шугам сүлжээ бүхий газар биш, шугам сүлжээ бүхий газраас 7 метрийн зайтай гэдэг нь ус сувгийн хэмжилтийн инженерүүдийн хэмжилтээр тогтоогдсон. Ерөнхий төлөвлөгөөний газраас лавлагаа авахад ямар нэгэн трасст ороогүй байна гэсэн хариу ирүүлсэн. Маргаан бүхий газрыг А.А гэх хүн зочид буудлын зориулалтаар ашиглаж байгаа. О.Ж-ны газар эзэмших эрхийг цуцалсан шалтгаан нь А.А гэх иргэний эрх ашгийг хангах зорилготой байдаг. Тухайн газар нь зочид буудал байдаг бөгөөд урд хэсэгт асфальт бетон тавиад машины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа. А.А нь тухайн газрыг хүч түрэмгийлж хашаа барьж авсан.  А.Атай холбоотойгоор 2016 онд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.  Уг хэрэг үүсээд явж байх явцад А.А захиргааны хэргийн шүүхэд О.Ж-долгосон газрын гэрчилгээг цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлдээ архитектур төлөвлөлтийн даалгаварт энэ газар нь манай зочид буудлын ногоон байгууламжаар тусгагдсан, бидний өмчлөлийн газар гэсэн байдаг. Уг захиргааны хэрэг нь шүүхээр хэлэлцэгдэж байхад НЗДас шугам сүлжээ бүхий газар хэмээн үзэж О.Ж-ны  газар эзэмших эрхийг нь цуцалсан байгаа.  Цуцлагдсан газрын эрхийг сэргээлгэх НЗД-ын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байгаа...”, “...НЗД-ын захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “инженерийн шугам сүлжээ бүхий газар” гэж үзсэн байгаа. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг харвал нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь маргаан бүхий захирамжид заасан инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарахгүй гэдэг нь холбогдох албан бичгүүдээр нотлогдож байгаа. Инженерийн шугам сүлжээ бүхий газар нь хамгаалалтын зурвастай байх ёстой бөгөөд албан бичигт дурдагдсанаар гол төвөөсөө 5 метрийн зайтай байна гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь хамгаалалтын зурваст ороогүй, инженерийн шугам сүлжээ бүхий газраас 5 метрийн зайд оршиж байгаа. Иймд НЗД-ын захирамжийн үндэслэл нь буруу гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД-ын 2019 оны газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан О.Ж-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь НЗД-ын 2019 оны А/946 дугаартай захирамжийг батлахдаа Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.4, 61-д заасныг тус тус үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг шийдвэрийг гаргасан байгаа. Уг шийдвэрийг гаргахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжаар О.Ж-д280 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон байсныг хүчингүй болгосон. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчиж НЗД-ын бүрэн эрхэд хамаарах газрыг иргэнд эзэмшүүлсэн байсан учир инженерийн шугам сүлжээ бүхий газар гэх үндэслэлээр  газар эзэмших эрхийг нь цуцалсан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тайлбарт “...газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т тус тус зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэдэгт аймаг нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн дулаан уур, цэвэр бохирын шугам холболтын шугамуудыг хэлнэ” гэж заасан байдаг. Иймд маргаан бүхий газар нь НЗД-ын бүрэн эрхэд хамаарч байгаа инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга захирамж гаргаж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар дээд шатны байгууллага нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Холбогдох баримтууд нь Ус сувгийн удирдах газар болон бусад байгууллагуудаас ирсэн байна. Захирамж гаргахдаа хэргийн газрын үзлэг хийгээгүй гэсэн байсан, Газар зохион байгуулалтын албанаас ирсэн зурагт иргэн О.Ж-ны газар нь цэвэр усны шугам болон хамгаалалтын зурвасын хажууд байгаа зурвас ирүүлсэн байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь багтсан байдаг. Мөн уг газар нь шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар юм. Төлөвлөгдөж байгаа болон инженерийн шугам сүлжээ бүхий газарт аль алинд нь хамаарагдаж байгаа газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн хуулийн заалт байдаг. Тайлбараа дэмжиж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчээс “...НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраар баталж байгаагүй...” гэж, хариуцагчаас “...Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчиж, НЗД-д хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, инженерийн шугам сүлжээ бүхий байршилд О.Ж-дгазар эзэмшүүлсэн...” гэж тайлбарлан маргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/343 дугаар захирамжаар О.Ж-дБаянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 1-28б тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 208 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/946 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчин НЗД-д олгогдсон бүрэн эрхэд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон 208 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Энэхүү маргааны гол үндэслэл болсон нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 208 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа эсэх, уг газар нь нэхэмжлэгчид эзэмшүүлэх үед цэвэр Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан хамгаалалтын зурваст орсон байсан эсэхийг шалгаж үзвэл О.Ж-ны ******* нэгж талбарын дугаар бүхий газар нь цэвэр усны хамгаалалтын шугам болон  автозамын трасст ороогүй болох нь Хот байгуулалт, хөгжлийн газраас болон Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Харин  Ус сувгийн удирдах газраас О.Ж-ны эзэмшил  газарт  цэвэр,

 бохир усны шугам сүлжээний тодруулга хийсэн хэмжилт зөрүүтэй байгаа талаар”... харин хашаа баригдаагүй, хашааны солбилцлын цэгүүдийг газарт бэхлээгүй байгаа тул тухайн газарт цэвэр, бохир усны шугам сүлжээний тодруулга хийхээр авагдсан цэгүүдээсээ хамаарч өөр өөр байр зүйн зургууд дээр шугам сүлжээний тодруулга хийгдэж байгаа тул хэмжилтийн үр дүн зөрүүтэй гарч байгаа...” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул шүүхээс үзлэг явуулж, тус байгууллагын  инженерүүдээр дахин хэмжилт хийлгэсэн болно.

Маргаан бүхий газрын байршил нь Улсын Их Хурлаас баталсан 2030 оны хотын бүсийн ерөнхий төлөвлөгөөний “хорооллын худалдаа ажил хэргийн бүс”-д хамаарагдаж байгаа бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн тухайн жилийн газар зохин байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар тусгагдаагүй байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн баримтуудаас үзвэл НЗД-ын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/539 дүгээр захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Б к” ХХК-ийг шалгарсныг батламжилсан байх ба О.Ж-ны ******* нэгж талбарын дугаар бүхий газар нь дээрх дээрх хэсэгчилсэн төлөвлөгөөний олон нийтийн  бүсэд хамаардаг болохыг Улаанбаатар хотын зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дахин төлөвлөлт батлагдсан байршил, архитектур орон зайн бүсчлэлийн зургаар нотолжээ.

Инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөлийг авч болох газар хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* нэгж талбарын дугаар бүхий 208 м.кв газар нь инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “НЗД газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5-д “дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар” заажээ.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаар аймгийн төв, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зөвхөн аймаг, НЗД, дээрхээс бусад газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр заасныг Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч О.Ж-д газар эзэмшүүлэх эрх олгосноор дээрх хуулийг зөрчжээ.

Хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан нөхцөл бүрдсэн тул таны газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох болсныг мэдэгдье гэсэн мэдэгдлийг хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд НЗД нь маргаан бүхий захиргааны актад заасан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй буруутай байх боловч энэхүү үндэслэл нь дангаараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ж-ны НЗД-д холбогдуулан гаргасан “НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ

                              ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН