Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                        

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Харчин овогт Л.Ц -ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ц, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн. Улсад 20 жил 8 сар ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 01 сарын 01-нээс 1992 оны 08 сарыг дуустал мал малласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, шагнал урамшуулал зэргийг үндэслэн 1986 оны 01 сарын 01-нээс 1992 оны 8 сарын 30-ныг дуустал  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 08/600 дугаартай ‘’Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 02 сарын 15-нд байгуулагдан 1991 оны 04 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн бөгөөд 1994 оны 06 сарын 13-нд ‘’Мандах’’ ББХКомпани болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэсэн лавлагаа,

            Л.Цгийн 1987 оны “Хүндэт жуух бичиг”, 1988 оны авч байсан “Аврагын диплом” ,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Л.Цд 1981 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Л.Цд 1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 1991 оны 01-12 сар, 1992 оны 01-08 сарын цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

            Дундговь аймгийн Санйцагаан сумын Мандах нэгдлээс Л.Цд олгосон 1987 оны 05, 06, 08 сар, 1988 оны 11 сар, 1989 оны 01, 09, 10 сар, 1990 оны 06, 12 сар, 1991 оны 03, 05, 07 саруудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

            Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн 1990 оны 12 сарын 20-ны өдрийн №393205 дугаартай Л.Цгийн эмнэлгийн хуудасны хуулбар, 1991 оны нярай хүүхдийн өсөлтийн түүхийн хуулбар,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны байцаагчаас олгосон Я.Б , Л.Ц нарын №12 дугаартай гэр бүлийн байдлын гэрчилгээний хуулбар,

            Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 80 дугаартай тодорхойлолт, 1990, 1991, 1992 оны Мал тооллогын 1-р маягтыг нөхөх товч заавар, Жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийн хуулбар,

            Гэрч Д.М , Н.   нарын мэдүүлэг зэрэг болно.

            Нэхэмжлэгч Л.Цгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт бүрэн хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 325 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Цгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан нь хэргийн 16-17-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 4-5-р хуудсанд авагдсан шагналууд, 18-51-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт, эмнэлэгийн хуудас, 75-86-р хуудсанд авагдсан Мал тооллогын 1-р маягтыг нөхөх товч заавар, Жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Л.Цг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР