Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0042/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О овогт Б.Эт холбогдох эрүүгийн 2218000000029 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Б.Э /РД: /, 1998 оны 4 дүгээр сарын 23-нд Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “..........” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 7, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “.....................” ХХК-ийн “.....................” барьцаалан зээлдүүлэх газраас гар утас худалдаж авахаар Самсунг А-51 болон Хуавэй Вай-6 загварын гар утаснуудыг үзэж байхдаа үнийн шошгыг нь сольж наагаад 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 загварын гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан:

- ...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ Д гэх хүнийг үлдээгээд явсан. 10 цаг 30 минутын үед 30-35 настай эрэгтэй хүн орж ирээд “зарах гар утас байна уу?” гэхэд нь Д эгч зарж байсан гар утаснуудыг тэр хүнд үзүүлсэн ба тухайн залуу “200.000 төгрөгийн гар утсыг 150.000 төгрөгөөр зарчих” гэж хэлэхэд нь Д эгч над руу залгаад “200.000 төгрөгийн гар утсыг чинь 150.000 төгрөгөөр зарчих гэж байна. Яах вэ?” гэж асуухаар нь би үндсэн мөнгөө олж авъя гэж бодоод “та зарчих” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гар утас авахаар хүн орж ирэхээр нь зарж байгаа гар утаснуудаа үзүүлэх гэхэд 200.000 төгрөгийн Хуавэй Вай-6 загварын гар утасны ард “450.000” гэсэн үнийн шошго наалттай байсан ба 450.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь Д эгчээс асуухад “би чамаас асууж байгаад нэг утсыг 150.000 төгрөгөөр зарсан” гэж хэлэхээр нь хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. Тэгтэл нэг эрэгтэй хүн 450.000 төгрөгийн Самсунг А-51 болон 200.000 төгрөгийн Хуавэй Вай-6 загварын гар утаснуудын үнийн шошгыг сольж наагаад, Самсунг А-51 загварын гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж аваад, мөнгийг нь мобайл банкаар шилжүүлж байгаа дүрс бичигдсэн байсан. Манай байгууллагад учруулсан хохирлыг буруутай этгээд бүрэн барагдуулсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Б.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/,

- ...С хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд надаас гар утас худалдаж авсан залуу 2 гар утасны үнийн шошгыг сольж наагаад 450.000 төгрөгийн гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж аваад явсан дүрс бичигдсэн байсан... гэх гэрч Н.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- ...тухайн үед Самсунг А-51 загварын гар утас надад таалагдаад байсан бөгөөд худалдаж авах гэхээр миний мөнгө хүрэхгүй байсан учир худалдагч нь хараагүй байх үед нь би үнийн шошгыг нь сольж наагаад хямд үнээр Самсунг А-51 загварын гар утсыг худалдаад авчихсан юм... гэх шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

- Хохирогч Б.Сийн ХААН банк дахь 5055****** тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “утас” гэсэн гүйлгээний утгатай 150.000 төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- ...цэнхэр өнгийн куртиктэй, хар өнгийн амны хаалт зүүсэн эрэгтэй хүн бичлэгийн 58 дахь секундээс 1 минут 07 дахь секундийн хооронд 2 гар утасны ар хэсэгт наасан наалтыг сольж байгаа нь бичигдсэн байв... гэх “.....................” барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Самсунг А-51 загварын 64 гигабайт багтаамжтай хэрэглэж байсан гар утас 450.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “.....................” ХХК-ийн “.....................” барьцаалан зээлдүүлэх газраас гар утас худалдаж авахаар 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 загварын, 200.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй загварын гар утаснуудыг үзэж байхдаа үнийн шошгыг нь сольж наагаад 200.000 төгрөгийн гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авах санал гаргаж 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 загварын гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.Эын үйлдэл нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ст 300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Сийн “...Манай байгууллагад учруулсан хохирлыг буруутай этгээд бүрэн барагдуулсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “...Самсунг галакси загварын гар утасны үнийн зөрүү төлбөр болох 300.000 төгрөгийг хүлээн авч, байгууллагыг хохиролгүй болгоон тул санал гомдол байхгүй” хохирогч Б.Сийн гэх хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Э нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР