Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хайрхан овогт Ж.Ш-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Боржигон овогт Э.Х-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ш, хариуцагч Э.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Хтэй 2011 онд гэр бүл болж 6 жил амьдарч 2 хүүхэдтэй болсон. 2012 оны 12 сарын 17-нд хүү Х.Т, 2015 оны 11 сарын 04-нд охин Х.Б нар төрсөн. 2016 оноос Х нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод одоо цуг амьдарч байгаа тул цаашид энэ хүнтэй дахин амьдрах боломжгүй. Хүү, охин маань одоо надтай цуг амьдарч байгаа. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би хүүгээ Хд өгөхгүй, хоёр хүүхдээ хоёуланг нь хамт байлгана. Энэ хүн одоо өөр хүнтэй суусан. Иймд хоёр хүүхдэд минь эцэг Хгээс хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Штэй амьдраад 6 жил болсон. Хоёр хүүхэдтэй болсон. Т, Т 2 миний хүүхэд мөн. Би хүү Тг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Охин Бгээ ээж дээр нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ш нь хариуцагч Э.Хгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас охин Х.Тд  хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү Э.Тг өөрийн асрамжинд авна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.  

Хариуцагч Э.Х нь  өөр гэр бүлтэй болсон гэх тул  гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх гэсэн үүргийг бие биенийхээ өмнө биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Зохигч тусдаа амьдрах болсноор 2012 оны 12 сарын 17-нд хүү Х.Т, 2015 оны 11 сарын 04-нд охин Х.Т нар төрсөн эх Ж.Шийн асрамжинд байгаа бөгөөд нэхэмжлэгч нь цаашид 2 хүүхдээ асран хамгаалах боломжтой болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, Дундговь аймаг Сайнцагаан сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хүү Х.Тг өгөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Э.Т, охин Т нарыг эх Ж.Шийн асрамжинд үлдээж, эцэг Э.Хгээр хүү Э.Т, охин Т  нарыг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56672 төгрөгийг, улсын орлогоос 284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12 сарын 17-нд төрсөн хүү Х.Т, 2015 оны 11 сарын 04-нд төрсөн охин Х.Т нарыг эх Ж.Шийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 12 сарын 17-нд төрсөн хүү Х.Т, 2015 оны 11 сарын 04-нд төрсөн охин Х.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Хгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Шт даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн 1 хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56672 төгрөгийг, улсын орлогоос 284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР