| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/73 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0055/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Чт холбогдох эрүүгийн 2218000000047 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Ч РД: /, 1963 оны 01 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 21 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоот гэртээ эхнэр Ж.Быг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гарын бугалга, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, цээжний ар, баруун гуя, шилбэ, тахим, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан:
- ...зээ хүүгийнхээ хажуугаар ороод хэвтэх гэж байтал манай нөхөр Ч намайг учир зүггүй цохиж нүдээд эхэлсэн. Тухайн үед миний ухаан балартаад хэсэг хугацаанд манараад суусан. Тэгэхэд хөл гар руу өшиглөж цохиод байсан... гэх хохирогч Ж.Бын мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
- ...эхнэрийг уурлаад үглээд байхаар нь би хэд хэдэн удаа цохиж аваад шалан дээр унахаар нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна... гэх шүүгдэгч Ц.Чын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай “Ж.Бын биед тархи доргилт, нүүр, баруун гарын бугалга, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, цээжний ар, баруун гуя, шилбэ, тахим, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Бын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
- Ж.Бын зүүн шуу, бугалга, баруун сарвуу, зүүн баруун гуя, дух шанаа хавдаж хөхөрсөн гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
- “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 1 оноо буюу бага түвшинд” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 21 дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоот гэртээ эхнэр Ж.Быг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гарын бугалга, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, цээжний ар, баруун гуя, шилбэ, тахим, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ц.Ч, хохирогч Ж.Б нар нь нөхөр, эхнэр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь тэдний гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Ч.Анхбаяр, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Ц.Чын эхнэр Ж.Бын бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бын эрүүл мэндэд тархи доргилт, нүүр, баруун гарын бугалга, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, цээжний ар, баруун гуя, шилбэ, тахим, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Бын “...Ц.Чтай сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 51 дэх тал/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ц.Ч хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР