Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0056/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бэд холбогдох эрүүгийн 2218000000041 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, 1974 оны 7 дугаар сарын 09-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “..................” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн ** дүгээр гудамжны ** тоотод эхнэр Б.Бцийн нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд болон зүүн сарвууны гадна цус хуралт, дээд уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан:

- ...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр намайг өөрийн найз Ббтой хардаж хэрүүл хийгээд байхаар нь би “чи ямар лайтай юм бэ? Ингэж амьдарна гэж юу байх вэ? Би чамаас сална” гэж хэлтэл миний дух руу 1 өшиглөхөд би гараараа хаасан. Тэгтэл нүүр рүү дахин 1 удаа өшиглөөд үстэж аваад дартал хамт байсан хүмүүс салгасан...  гэх хохирогч Б.Бцийн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

- ...миний эгчийн баруун нүд, дух нь хавдаж хөхөрсөн байдалтай байна... гэх гэрч Б.Дний мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

- ...Б нь эхнэр Бцийг Ббтой хардаад үгийн зөрөөгүй эхнэрийнхээ нүүр рүү өшиглөхөөр нь бид нар салгасан... гэх гэрч Н.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- ...маргааш нь манай эхнэр надад “Б эхнэр Бцийгээ Ббтой хардаад нүүр рүү нь цохиж өшиглөөд гэмтээчихсэн” гэж хэлсэн... гэх гэрч Н.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- ...”чи яахаараа Ббтой хамт байж байдаг юм бэ? Бүгд гэр бүлээрээ бөөндөө сууж байхад яагаад ингээд яваад байдаг юм бэ?” гэж хэлэхэд манай эхнэр “чи ч гэсэн янхан биз дээ? Чамаас сална” гээд орилоод байхаар нь би Бцийн нүүр рүү 2 удаа өшиглөчихсөн... гэх шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаартай “Б.Бцийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд болон зүүн сарвууны гадна цус хуралт, дээд уруулын салстад язралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Бцийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- Б.Бцийн баруун нүдний зовхи, шанаа хавдартай гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 4 оноо буюу дунд түвшинд” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

- Хохирогч Б.Бцийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг тогтоосон Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 47-51 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн ** дүгээр гудамжны ** тоотод эхнэр Б.Бцийг бусадтай хардаж түүний нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд болон зүүн сарвууны гадна цус хуралт, дээд уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Бц нар нь нөхөр, эхнэр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь тэдний гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 62 дахь тал/, тэдний хүүхдүүд болох Б.Э, Б.Эт, Б.Эб нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61-63 дахь тал/, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Б.Бийн эхнэр Б.Бцийн бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бцийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрэнд болон зүүн сарвууны гадна цус хуралт, дээд уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Бцийн “...бид хоёр эвлэрч одоо хамтдаа амьдарч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 95 дахь тал/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь  тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Б хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бийн орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР