Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

   2018 оны 03 сарын 02 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00420

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, “МС” ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, “БК” ХХК /РД:0000/-д холбогдох,

 

Хохиролд 13,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал З.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, иргэдийн төлөөлөгч Т.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал З.М шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани түлхүүр гардуулах нөхцөлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 150 ортой 47 дугаар цэцэрлэгийн барилгын тендерт шалгараад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэстэй НХААГ-17/0179 тоот гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос барилга угсралтын ажлыг эхэлсэн.

2017 оны 10 сарын 26-нд хийсэн ажлынхаа санхүүжилтийг авахаар Нийсэлийн Хөрөнгө Оруулалтын газарт гүйцэтгэлээ гарган өгөхөд “Шүүхэд гомдол гарч танай ажлыг түдгэлзүүлэх тухай шүүхийн захирамж ирсэн” гээд манай гүйцэтгэлийг хянаж хүлээн авахаас татгалзаж, нэмж ажил хийхгүй байхыг анхааруулж ажлаа зогсоохыг мэдэгдсэн.

Гэрээ байгуулагдахаас өмнө “Баярс констракшн” ХХК нь Сангийн яаманд гомдол гарснаас хугацаа алдаж, ажил оройтож эхэлсэн тул барилга угсралтын ажлыг хурдан хугацаанд тасралтгүй гүйцэтгэх шаардлагатай болсон.

Иймээс иргэн Д.Нэргүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 150,000,000 төгрөгийн сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж, 11 дүгээр сарын эхээр хийсэн ажлынхаа санхүүжилтийг аваад зээлээ төлөөд үргэлжлүүлэн ажлаа гүйцэтгэнэ гэж төлөвлөж байсан.

Гэтэл шүүхэд гомдол гарснаас ажил маань зогсож алдагдал хүлээж эхэлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний захирамж гарснаар ажлыг сэргээж Нийсэлийн хөрөнгө оруулалтын газар манай хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч хянан баталгаажуулж 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хийсэн ажлын санхүүжилт 442,690,319 төгрөг манай дансанд орсноор бид зээл, зээлийн хүүгээ төлөх боломжтой болсон.

Ингээд ажил зогсоосон 33 хоногийн хугацаанд 9,900,000 төгрөгийг зээлийн хүүнд төлж хохирсон. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр оролцох болсон учраас өмгөөлөгч авч өмгөөлөгчийн хөлсөнд 4,000,000 төгрөг төлсөн.

Ийм учраас санаатайгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ажил зогсоосон “Баярс констракшн” ХХК-иас манай компанид учирсан хохирол болох 13,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч “Б” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НХААГ-17/0179 дугаар тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ-17/0179 дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга 150 ор /БГД, 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэг/”-ын ажлыг гүйцэтгүүлэхээр тендер зохион байгуулсныг хууль бус болохыг тогтоож, уг тендерийг шалгаруулах үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт шийдвэрийг тус тус хучингүй бопгуулах шаардлагыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд манай компанийн зүгээс болзошгүй эрсдлээс урьчилан сэргийлэх зорилгоор актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32017/6796 дугаар “Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан.

Манай компани хуулиар олгосон эрхээ эдэлж нэхэмжлэл гаргасны төлөө буруутгагдах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

...Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанд “М” ХХК-ийн хийсэн ажлыг үгүйсгэх, цэцэрлэгийн барилга нэн шаардлагатай байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан.

Гэтэл нэхэмжпэгчийн зүгээс уг нөхцөл байдлыг буруугаар тайлбарлаж манай байгууллага өөрсдөө буруу зүйл хийснээ ухаарч, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаа хүлээн зөвшөарсөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан зээлийн хүүнд төлсөн 9,900,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 13,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэг: Зээлийн хүүнд төлсөн 9,900,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга 150 ор” /БГД 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэг/-ын ажлын НХААГ-17/0179 дугаартай гэрээг байгуулжээ.

 

Захиалагч нь Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга 150 ор” /БГД 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэг/-ын ажлыг 1,883,576,544 төгрөгөөр гүйцэтгэх, үүнээс 2017 онд 800,000,000 төгрөгийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр “М” ХХК-д олгох, гүйцэтгэгч нь дээрх барилгын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхэлж, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тендерийн асуудлаар Сангийн яаманд гомдол гаргаснаар гэрээ байгуулах ажил хойшилж, үүний улмаас гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүжилт шаардлагатай болсон учраас иргэн Д.Нэргүйгээс 150,000,000 төгрөгийг зээлж авсан. Хариуцагч Захиргааны хэргийг анхан шатны шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 26-нд “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргуулсаны улмаас 33 хоног ажил зогссоны улмаас санхүүжилтээ хугацаандаа авч чадаагүйн улмаас зээлийн хүүнд 9,900,000 төгрөг төлж хохирол учирсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нэргүйтэй “Зээлийн гэрээ” байгуулан 150,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүнд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 19,560,000 төгрөгийг шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан НХААГ-17/0179 дугаартай гэрээний барилгын ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан, хариуцагч “Б” ХХК нь Сангийн яаманд Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга 150 ор” /БГД 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэг/-ын ажлын тендерт гомдол гаргаж барилгын ажлыг удаашруулсан гэх тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Хариуцагч “Б” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороонд холбогдуулан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын НХААГ-17/0179 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга 150 ор” /БГД 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэг/-ын ажлыг гүйцэтгүүлэхээр тендер зохион байгуулсныг хууль бус болохыг тогтоолгож, уг тендер шалгаруулах үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Б” ХХК болон “Р” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 128/ШЗ2017/6796 дугаартай “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийг гаргажээ.

 

“Б” ХХК болон “” ХХК-иуд нь 2017 оны 11 дүгээр сарын 20 болон 29-ний өдрүүдэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан байх тул 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0859, 128/ШШ2017/0888 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжууд гарснаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 128/ШЗ2017/6796 дугаартай “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр байдал дуусгавар болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...” гэж тус тус заасан.

 

Хариуцагч “Б” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хариуцагчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан байгаа нь нэхэмжлэгч “М” ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болон шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул зээлийн хүүнд төлсөн 9,900,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хоёр: Өмгөөлөгчийн зардал 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Г.Жанчивтай “Б” ХХК, “Рокпойнт” ХХК-иудын нэхэмжлэлтэй Сангийн яам болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох Захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Хууль зүйн үйлчилгээний гэрээ” байгуулжээ.

 

Дээрх гэрээний 2 дугаар зүйлд талууд үйлчилгээний хөлсийг тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь өмгөөлөгч Г.Жанживын ХААН банкны 5007498456 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 17-нд 3,000,000, 2017 оны 11 дүгээр сарын 10-нд 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг төлсөн, Г.Жанчивтай “Б” ХХК, “Р” ХХК-иудын нэхэмжлэлтэй Сангийн яам болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох Захиргааны хэрэгт “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан талаархи баримт хэрэгт авагдсан байна.

 

Гэсэн хэдий ч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч эрхээ хамгаалуулах нь зохигч талуудын эрхийн асуудал учраас “Б” ХХК, “Р” ХХК-иудын нэхэмжлэлтэй Сангийн яам болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох Захиргааны хэрэгт “М” ХХК-иас өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөгийг зайлшгүй зардал гэж тооцон хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Ийм учраас “М” ХХК-ийн зээлийн хүүнд төлсөн 9,900,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 13,900,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Б” ХХК-иас хохирол 13,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД                                      И.АМАРТӨГС

 

                                                                                              Ж.БАЙГАЛМАА