Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2019/0054/З |
Дугаар | 128/ШШ2020/0767 |
Огноо | 2020-12-11 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2020/0767
2020 12 11 128/ШШ2020/0767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЛДРА” НҮТББ Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд.
Гуравдагч этгээд: “С.Т” ХХК, “Д.У.У” ХХК, “Па” ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “СТ” ХХК-д холбогдох хэсгийг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Д.У.У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” “ЛДРА” НҮТББ-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”[1] шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд “СТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.БЭ, гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн төлөөлөгч Л.Өт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар шийдвэрийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Дөрвөн уул ундрах” ХХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Мөн нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №25, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №1/21 дугаар албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тодруулж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэжээ.
... Монголчууд бид тус Хийморийн овоог тахин шүтэж байдаг энэхүү дурсгалт газрыг хамгаалж, мөнхжүүлэхээр Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулах хүсэлтээ тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, Яамны сайдад хандан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “...Богдхан Уулын Чандманы аманд 5 га газарт ногоон байгууламж бүхий цогцолборыг байгуулахад зориулж газар ашиглах зөвшөөрөл”-ийг хүссэн агуулга бүхий хүсэлтийг холбогдох кадастрын зураг, бичиг баримтуудын хамт тус тус гаргасан байдаг.
Уг хүсэлтэд дурдсан хэмжээ болон хавсаргасан кадастрын зургийн дагуу нийтэд нь олгосон шийдвэр гараагүй ба эхний ээлжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дугаар тушаалаар 1.7 га газрыг ашиглах зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэж, 2014/67 дугаар гэрчилгээг авч байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тус тус батлуулж, газар ашиглах гуравласан гэрээг байгуулсан.
Манай зүгээс дээрх төслийг хэрэгжүүлэхэд зөвшөөрөл нь шаардлагатай эрхий бүхий байгууллага болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төслийг дэмжүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой, дэмжиж байна гэх хариуг ирүүлсэн ба үүний дараа Нийслэлийн “Хөшөө дурсгал, түүх соёлын биет дурсгалт зүйлийн загвар батлах комиссын хурлаар орж дэмжигдэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн "Хөшөө бариулах тухай” 73 дугаар тогтоолоор Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманын аманд “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ын хөшөөг байрлуулахыг зөвшөөрсөн байдаг.
Дээрх шийдвэрүүдээр нэгэнт яаманд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр холбогдох бичиг баримтын хамт өгсөн ба уг хүсэлтүүдийн дагуу сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 0,62 га газрыг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг олгосон. Яагаад бидний гаргасан 5 га газрыг ашиглах хүсэлтэд дурдсан газрын хэмжээг дутуу гаргасан талаар тодруулахад холбогдох мэргэжилтэн нь нэг дор бүгдийг гаргах боломжгүй, шат дараалалтайгаар гаргана, ямар нэг байдлаар бусдын ашиглаж байгаа газартай давхцаагүй байгаа гэж хэлж байсан ба дээрх тушаалууд ч хэлснийх нь дагуу гарсан ба төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Цэцэрлэгт хүрээлэн, шат болон авто зогсоолын зарим хэсэг, усан сан, шат руу өгсөх нуман гүүрний газруудын зөвшөөрөл гараагүй үлдсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар шийдвэрээр “СТ” ХХК-д 0.5 га газар ашиглах эрх олгосон шийдвэр нь манай төрийн бус байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байгаа ба бидний анх 2014 оны 6, 7 дугаар саруудад гаргасан 5 газрыг хүссэн хүсэлтийг бүрэн шийдвэрлэж дуусаагүй, Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор байгуулахад шаардлагатай газар байсан гэдгийг мэдсээр байж хууль зөрчин бусад аж ахуй нэгжид газар ашиглах эрх олгож, орц гарц хааж, хүсэлт өгсөн газартай давхцуулж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцээгүй бөгөөд энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь дээрх төслийг хэрэгжүүлэхэд маш том саадыг бий болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуй, нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс газар ашиглах тухай хүсэлтээ гаргасан болно.
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан заалтыг авч үзвэл газар ашиглах хүсэлтээ тус хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд түрүүлж гаргасан ба хүсэлтэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байсан. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо түрүүлж өргөдөл гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгох, хэрэв давхцуулан зэрэг өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах байдлаар шийдвэрээ гаргахыг хуулиар тогтоосон байхад манай төрийн бус байгууллагын түрүүлж гаргасан өргөдөлд дурдсан талбайг бусдад үндэслэлгүйгээр олгосон нь буруу гэж үзэж байна.
Уг төслийг хэрэгжүүлэх үүднээс маш их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэн зардал гаргаж, хөшөө дурсгал, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж эхлүүлсэн, бүтээн байгуулах шатанд ийм хууль бус шийдвэр гаргаж байгаа нь их хэмжээний хохирол учруулахад хүргэж эрх ашгийг минь хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хийморийн овооны Чандманы аманд байрлах тухайн хэсэгт байрлах “ЛДРА” НҮТББ-ын зүгээс 2016 онд төсөл боловсруулж тухай төслийг холбогдох Хан-Уул дүүрэг, Нийслэлийн Байгаль орчны яаманд танилцуулж, “төслийг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой хэмжээний газар хэрэг болж байх тул нийтэд ашиглах газар олгож өгнө үү” гэдэг хүсэлтийг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/2000, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд дээрх төрийн байгууллагад хандсан. Энд хандсаны дагуу эхний ээлжид 1.7 га газарт хүсэлт гаргасны дагуу газар олгогдсон байдаг. Бусад газар нь хэзээ олгогдох, яагаад манай хүсэлт гаргасан газрыг багасгасан бэ гэдэг асуудлыг тодруулах, нэг дор өөр өөр хэсэгт байрлах кадастрын зургийн дагуу газар олгох боломжгүй байна. Шат дараатай газрыг олгоно гэж тухайн үед холбогдох байгууллагын ажилтнууд хэлж байсан бөгөөд үүний дагуу шийдвэрүүд гарсан гэж ойлгож байна.
Гуравдагч этгээдээр татагдсан компаниуд 2014 онд газар ашиглах хүсэлт гаргаж, төрийн бус байгууллагын газарт нь нэгж талбар тэмдэглэсэн байгаа шат, уулын орой руу гарах шат, явган хүний зам, ногоон байгууламж зэрэг хэсгүүдэд газар олголт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийгдсэн. Үүсч байгаа үр дагавар нь нэхэмжлэгч тухайн төслийг хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдсан. Тухайн үед өгч байсан кадастрын зургийн хэлбэр хэмжээ гарах болсон шалтгаан нь уулын орой дээр гаргасан төсөл нь баригдана. Үүнтэй холбогдуулан явган хүний шат, ногоон байгууламж, авто машины зогсоол, орц, гарц зэргийг маш нарийн байдлаар төлөвлөж, тус тусад нь кадастрын зураг хийж өгч байсан. Харин газрын давхцал үүсч байгаагаас үүдэн төсөл хэрэгжилт зогсож байгаа. “П” ХХК, “Дөрвөн уул ундрах” ХХК хоёр компани нь уулын ногоон байгууламж барих, явган хүний шат, амрах хэсэг зэргийн төлөвлөлт дээр буюу хамгийн боломжтой налуу гэсэн газрыг авсан гэж харагдахаар газар олголт хийгдсэн. “СТ” ХХК-д олгогдсон хэсэг газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газраар дайрч байгаа. Энэ газар орц, гарц авто машины зогсоолын хэсэг ба хүмүүс явганаар алхах, дүүжин гүүрээр өгсөх маягаар төлөвлөлт хийгдсэн. Газрын тухай хуулиар түрүүлж хүсэлт гаргасан этгээдийн хүсэлт, олгогдсон байдал зэргийг судалсан байдаг. Гэтэл Байгаль орчны газраас газар эзэмших хүсэлт гаргангуут хүлээн авч газрыг олгож байгаа нь өмнөх төслийг дэмжсэн атлаа дараагийн төслийг хэрэгжүүлэх гэдэг шалтгаанаар хоёр төслийг хооронд нь хольж хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгийн баримт зэргээр нотлогдоно. 2014 онд гаргаж байсан хүсэлтийн төсөл түүнтэй холбоотой үе шатуудтай ажил хийгдсэн. Техникийн төслүүд авагдсан хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдсэн одоо газрын асуудал маргаантай байна гэдэг байдлаар зарим ажлууд хийгдэж, зарим нь хийгдээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[2]: “ЛДРА” НҮТББ нь анх 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 албан бичгээр газар ашиглах зөвшөөрөл хүссэн ба 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар албан бичгээр төслийн талбайн хэмжээ нэмэгдсэн тул газар ашиглах зөвшөөрөл олгож өгөх тухай хүсэлтээ тус яаманд гаргасан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3-д "хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.5-д "Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ гэсний дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгээгүй мөн хамгаалалтын захиргааны саналгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах хүсэлтээ Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”. Мөн зүйлийн 2 дах хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу “СТ” ХХК газар ашиглах хүсэлтээ тус яаманд 2014 оны 11 дүгээр 24-ний өдрийн 31 дугаар бичгээр хандаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон байна.
“Лувсан данзан равжаа акадами” НҮТББ-ын хэрэгжүүлнэ гэх Цэцгэн эрх Ловон бурхны цогцолбор байгуулах төсөлд “П” ХХК болон “Дөрвөн уул ундрах” ХХК-иудын ашиглахаар авсан газар хамрагдаж байгаа эсэх болон давхцалтай гэсэн баримт байхгүй ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж, гуравдагч этгээдүүд мөн тус яаманд хүсэлт гаргахгүй. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд газар ашиглах тухай хүсэлт гаргах талаар заасан байгаа ба 35.1 дэх хэсэгт иргэн аж ахуй нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байхгүй бол тус сум, сум дүүргийн Засаг даргад гаргана.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах иргэн, аж ахуй нэгж байгууллагын үзэл болон түүний саналыг төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж заасан. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд саналаа хэлэхэд түүнийг нь судалж төрийн захиргааны төв байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 34 дүгээр зүйлд Газар ашиглах хугацаа, газрын хэмжээг зохицуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж хуульд тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч тайлбартаа Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гаргаад тухайн газар 5 га газрыг ашиглах эрхийг хэрэгжүүлээгүй 1,7 га газрыг 2014 онд олгосон. Сая нотлох баримтаар нэхэмжлэгчийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр албан тоот ирүүлсэн ба давхцал байхгүй, шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж 1,7 га газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам санал ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй. 1,7 га газар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2014 оны А/340 дүгээр тушаалаар олгосон” гэжээ.
Гуравдагч этгээд “П” ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[3]: “П” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А\189 тоот тушаалын дагуу Хан Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Чандманы аманд 1,0 га газар ашиглах Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/372 тоот гэрчилгээтэй бөгөөд Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль, дүрмийн дагуу гурван талын гэрээг байгуулан, холбогдох журмын дагуу газрын төлбөр тооцоог хийж Хан-Уул дүүргийн Газрын албатай тооцоог нийлж, аялал жуулчлалын төв байгуулахаар зураг, төслийн ажлыг хийж багагүй хөрөнгө мөнгө зарцуулан ажиллаж байгаа болно.
Бид анх энэ газрыг ашиглах шийдвэр гаргах үед зохих хууль, дүрмийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас лавлагаа авч, бүх холбогдох журам, дүрмийн дагуу газар ашиглах эрхээ олж авсан болно.
Одоог хүртэл манай ашиглалтад байгаа газрын талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй ба гэнэт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай эзэмшиж байгаа газартай холбогдуулан “ЛДРА” ТББ нь “нэхэмжлэл ирүүлсэн, нэмэгдүүлсэн шаардлага тавьсан, шүүх хурал нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болно”, гэх, урд өмнө огт сонсогдоогүй, төр засгийн байгууллагын гаргасан шийдвэрийг няцаасан, нэхэмжилсэн асуудал гарч байгаа талаар мэдээлэл авсан болно.
Ийнхүү өөрт нь хамаагүй, эрх зүйн үндэслэлгүй асуудлаар манай компанийн эзэмшилд байгаа газартай холбогдуулан “шаардлага нэмэгдүүлэх тухай” нэхэмжлэл гаргаж байгаа нь манай компанийн хууль ёсны эрхийг шууд хөндөж байгаа ба манай компани нь мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, төр, засгийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль, дүрэм зөрчсөн, дур зоргоороо, зөвшөөрөлгүйгээр газар эзэмшээгүй болно. Бид нэгэнт эзэмшиж байгаа газар, өөрсдийн эрхээ адилхан хамгаалах эрхтэй тул уг нэхэмжлэлийг эсэргүүцэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжлийн яам нь урд өмнө нь “ЛДРА” НҮТББ нь, манайхаас бусад байгууллагатай маргаантай асуудал гарч байгааг мэдсээр байж газар олгох үндэслэлгүй бөгөөд манай газрын талаар тус шүүхээс лавлагаа хүсэхэд, манайд олгосон газар нь дүрэм, журмын үндсэн дээр олгогдсон болохыг, мөн газрын солбицол, цэгүүд давхардаагүй болохыг нотолсон байна. Хан-Уул дүүргийн газрын алба манай компани нь 2018 онд нийт 27,0 сая гаруй төгрөг улсын төсөвт төлсөн талаар мөн нотолсон байгаа.
Ш |
Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага болох “ЛДРА” ТББ нь бид манай тарихаар төлөвлөсөн, үе шатлалтайгаар газрын хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоо хийсэн гэх мэтээр тайлбар гаргах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэв анхнаасаа л том газар нутаг дээр төсөл хэрэгжүүлэх ёстой байсан бол хамгийн түрүүнд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж байж эхлүүлдэг зарчимтай.Тэрнээс биш хэн дуртай нь олгогдсон газар дээрээ төсөл хэрэгжүүлж эхлээд дараа нь энэ газар дээр ч мод тарих байсан, энд ийм байгууламж хийх ёстой байсан гээд эхлэл төгсгөлгүйгээр хажуу хөршүүдэд “нэмэгдүүлсэн шаардлага” гаргах үндэслэлгүй.
Мод тарих, ногоон байгууламжийг өргөн цар хүрээтэй, зохион байгуулалттай хийж, төлөвлөх нь зүй ёсны хэрэг. Мод удаан хугацаанд ургадаг гэдгийг бид цөм мэднэ. Тэр тусмаа шашны байгууллага үүнд илүү томоор анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл одоог хүртэл төлөвлөсөн газар дээрээ нэг ширхэг ч мод тариагүй байж “бид ирээдүйд мод тарихаар төлөвлөсөн” байсан гэж тайлбарлах нь үндэслэл биш. Төрийн бус байгууллага нь олон нийтийн болон шашин шүтлэгийн газар бол олон нийтийг үймүүлэн, олны хүчээр асуудлыг шийдвэрлэх оролдлого хийх нь буруу арга барил болно. Харин бүүр анхнаасаа хийхээр төлөвлөсөн төслийн талаар ард түмэндээ маш тодорхой мэдээлэл хүргэж ард түмнээрээ дэмжүүлэн асуудлыг шийдвэрлэх ёстой. Манай компани нь хэрэв энэ газар дээр ийм төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл авсан бол заавал энд газар эзэмших, маргаан үүсгэх сонирхол байхгүй. Манай компани нь ирээдүйд сүм хийд байгуулахаар төлөвлөж, тэр тухайгаа олон нийтэд зарлан уулзалт зохион байгуулсан шашны байгууллагат 108 ширхэг мод хандивлан суулгаж өгнө гэсэн үүрэг амлалт авсан болно.
Манай компани нь газрын төлбөрт зохих хууль, дүрмийн дагуу 2018 онд 27,0 сая гаруй төгрөг, шинэчлэгдсэн журам, дүрмийн дагуу "Гурван талын гэрээ”-г баталгаажуулахын өмнө заавал төлөх, байгаль орчныг хамгаалахад оруулах ёстой хандив, төлбөрийг хүртэл бүрэн төлсөн байна. Манай компани ямар ч эрх зүйн зөрчилгүй, ... бидний мод тарих байсан газрыг өөр газарт өгсөн байна гэх мэт үндэслэлгүй байдлаар “нэмэгдүүлсэн шаардлага” тавьж байгааг манай компани эрс эсэргүүцэж байна.
Тус нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримт материалтай танилцаж байхад, шат дараалалтайгаар газрын эрхийг нь нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байна. Хэрэв ийм тохиролцоо хийсэн бол тэрийг албан бичгээр, гэрээгээр баталгаажуулах нь зүйтэй байсан. Ямар ч тохиолдолд манай эзэмшиж байгаа газрын хувьд нэхэмжлэгчид хамаарах асуудал байхгүй гэж үзэж байна...” гэжээ.
Гуравдагч этгээд “Дөрвөн уул ундрах” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Дөрвөн уул ундрах” ХХК нь анх 2016 онд Богд уулын Чандманы аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.5 га газар ашиглах тухай хүсэлтээ Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу гаргасны дагуу Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар тухайн газрыг 5 жилийн хугацаанд ашиглах эрхтэй болсон. Тухайн газрыг анх ашиглахаар хүсэлт гаргасны дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 727 тоот дугаартай албан бичгээр манай ашиглахаар хүсэлт гаргасан 0.5 га газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцаагүй болохыг нотолж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулсан албан бичиг хавтаст хэрэгт авагдсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасанд нийцсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй тул хуулийн энэхүү заалт хамаарахгүй юм. Нэхэмжлэгч нь анх 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Богдхан уулын Чандманы аманд 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтээ гаргасан гэж байгаа боловч иргэн, хуулийн этгээд газар ашиглах хүсэлт гаргасан гэдэг нь тухайн газрыг ашиглах эрх шууд үүснэ гэсэн үг биш юм. Байгаль очин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглахаар гаргасан хүсэлт бүрийг хангаж шийдвэрлэх үүрэггүй. Тэрээр хязгаарлагдмал нөөц болох тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг зөвхөн нэг хуулийн этгээдэд бус хэд хэдэн хуулийн этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэж байгаа бөгөөд сайдын бүрэн эрхийн асуудал юм.
Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд иргэдээс газар ашиглах тухай гаргасан хүсэлтийг хэд хоногт багтаан шийдвэрлэх тухай журамлаагүй тул тухайн харилцаанд Иргэдээс төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтална. Нэхэмжлэгчийн зүгээс анх 2014 онд гаргасан хүсэлтийнх нь хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хангаж шийдвэрлээгүй, хариу өгөөгүй бол уг эс үйлдэхүйн талаар гомдлоо тухайн үед нь шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан атал 5 жилийн дараа "манай газар ашиглах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнгүй” хэмээн шүүхэд хандаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийн дагуу хүсэлтээ гаргаад газар ашиглах эрхтэй болсон бидний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж үйл ажиллагаанд саад учруулж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн голлох үндэслэлээ “манай төсөл нийтэд тустай учраас бусад этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох ёстой" гэсэн байдлаар гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох болохоос төсөлд үнэлэлт дүгнэлт өгдөг этгээд биш юм. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох тэгш байдлын зарчмын дагуу аливаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй бөгөөд үүнийг өмчийн хэлбэр, тухайн төслийн сэдвээр хязгаарласан эрх зүйн зохицуулалт байхгүй билээ.
“ЛДРА” НҮТББ нь анх 5 га газар хүсч өргөдөл гаргасан гэх боловч одоогийн байдлаар Богд уулын Чандманы аманд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 4 удаагийн тушаалаар нийт 52.58 га газрыг ашиглах эрхтэй болсон тул өөрийн төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой, шаардлага нь хангагдсан гэж үзэж байна.
Иймд “ЛДРА” НҮТББ зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Дөрвөн уул ундрах” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайд газар ашиглах эрх өгсөн А/59 дүгээр шийдвэрийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нийцээгүй бөгөөд энэхүү шийдвэр нь төслийг хэрэгжүүлэх маш том саад бий болгож, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэн хүчингүй болгох шийдвэр гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглаж байгаа газарт ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалт болохоос хүсэлт гаргасан газар нь хүсэлт гаргасан газартай давхцаагүй байна гэсэн хуулийн заалт биш юм. Дөрвөн уул ундрах” ХХК-г газрыг анх ашиглах хүсэлт гаргасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 727 тоот дугаартай тушаалаар манай ашиглах хүсэлт гаргасан. 0,5 га газар нь бусад газар ашиглах хүсэлт гаргасан зөвшөөрөл бүхий газартай давхцаагүй болох нь баталсан. Иймд 2017 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/59 дүгээр тушаалын нэхэмжлэгчийн үндэслэлд заасан 31.3 болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй хууль ёсны байна. Иймд “ЛДРА” НҮТББ-ын нэхэмжлэлээс “Дөрвөн уул ундрах” ХХК-тай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар өгсөн “ЛДРА” НҮТББ-ын анх хүсэлт гаргахдаа гаргаж өгсөн кадастрын зураг манай эзэмшиж буй газар нэхэмжлэгчийн хүсэлт өгсөн газартай давхцал байхгүй байгаа гэдгийг шүүх анхаарна уу” гэжээ.
Гуравдагч этгээд “СТ” ХХ-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа[4]: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх олгосон Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээг Засаг дарга болон Хамгаалалтын захиргаатай 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2015/068 дугаартай газар ашиглах тухай гэрээг байгуулж, газрын төлбөрийг жил бүр төлж үүргээ биелүүлснээр газар ашиглагч байгууллага болох “СТ” ХХК-ний газар ашиглагчийн эрх, үүрэг үүссэн билээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2-т зааснаар газар ашиглах гэрээг байгуулснаар газрын төлбөрийн хэмжээ 1.750.000 төгрөг, хугацаанд нь төлж байсан нь манай байгууллагын хувьд хүлээх үүргээ бүрэн биелүүлж байсан нь тодорхой харагдах бөгөөд энэхүү нэхэмжлэгч байгууллагын маргааны хувьд хуульд заасан журмын дагуу газартай холбоотой үйл ажиллагаагаа хууль, журамд нийцүүлэн явуулж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит байдалд тохирсон байх, тодорхой байх шаардлагатай ба мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийнхээ үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд хууль ёсоор эзэмшил болгосон газрыг манай байгууллагын зүгээс маргааны үйл баримт болсон газар давхацсан, “ЛДРА” НҮТББ-ийн газар нутагт халдсан асуудал үгүй билээ. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэжээ.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “иргэн, аж ахуйн нэгж , байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад, төрийн захиргааны байгууллагаас гаргасан зааврын дагуу 2014 онд хүсэлт гаргаж 2015 оны 6 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн 2015/79 дугаартай гэрчилгээг авахад талбайн анхны солбицлууд дээр давхацсан ямар нэгэн гэрчилгээгүй байсныг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлдээ дурдсанаар нэмэгдүүлэн олгох хүсэлтийг яаманд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 21-ний өдөр холбогдох бичиг баримтыг өгсөн гэж тайлбарласан бөгөөд манай байгууллагын зүгээс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авсан.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр “төсөлд өгсөн хамгаалалтын захиргаанд хандаж байсан Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/146 дугаартай “Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас”, мөн яамны тухайн өдрийн ерөнхий шинжээчийн дүгнэлт” Газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээр үйл ажиллагаа жигдэрч явж байсан.
Газрын байршлын хувьд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Чандманы аман дахь “СТ” ХХК 0.5 га газрын зургаар, Ой, Ус, Тусгай хамгаалалтай газрын кадастрын хэлтсээс “СТ” ХХК-ийн жуулчлалын зориулалтаар ашиглах 2015/79 тоот гэрчилгээний дугаар бүхий 0,5 га газрын кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй бусад газар ашиглагч иргэн аж ахуйн нэгжийн ашиглалтын газартай давхцалгүй байна'’ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж өгсөн масштабаар бүрэн батлагдаж байна.
Мөн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 189 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “СТ” ХХК-ний Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд аялал жуулчлалдаа цогцолбор байгуулах хүсэлтийг хянан үзээд тус амны хязгаарлалтын бүх дэх 0.5 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлов. гэсэн Богдхан Уулын Дархаа Цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргасан албан бичгээр, мөн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 524 дугаартай албан бичгээр тус тус давхар батлагдлаа.
Иймд “СТ” ХХК-ийн зүгээс газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх” зарчимтай тул нэхэмжлэгч Төрийн бус байгууллагын зүгээс тодорхой хэмжээний ямар ч эрх үүсээгүй байж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “СТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах төрлүүдийг нэрлэн заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс “СТ” ХХК-ийн газарт манай зогсоолын талбай давхацсан гэж байна. Үйл ажиллагаа явуулах журамд авто зогсоол барьж байгуулахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэг бөөн газрыг авахаар төсөл боловсруулж ашиглах хүсэлтийг гаргасан. Үүнийг хөшөө дурсгал барих зориулалтай гэж байна. Гэтэл 2014 онд хүсэлт гаргасан 5 га газар талбайг тусдаа асуудал байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргахдаа уг хүсэлт нь дэмжигдэх боломжтой байх ёстой. Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцалгүй байна гэдэг хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарладаг. 2014 оны 9 дүгээр сарын хүсэлтэд үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэлийн үндэслэл шүүхээс гаргах шийдвэрийг харахад 1,7 га, 1,5 га газрын хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн үг, үсэг байхгүй. 5 га газрын хүсэлтийг шийдвэрлүүлье гэж өмнө нь үүссэн нөхцөл дээр дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийг дахиж шийдвэрлүүлэх үүднээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хамгаалалтын захиргаа нь 35.2 дахь хэсэгт зааснаар саналаа төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Уг 5 га талбай дээр төрийн захиргааны байгууллагад хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн санал байхгүй. ... Шинжээчийн дүгнэлтээр 1902 м.кв давхцалтай, 3000 гаруй м.кв газар нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй. Уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн эс үйлдэхүйг шийдвэрлүүлэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар шийдвэрлүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн хүлээ авахаас татгалзах нөхцөл бүрдэж байна. Хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир захиргааны актыг хүчингүй болгуулснаар
Дуган бурхны цогцолборын ажлын зураг хавтаст хэрэгт авагдсан хэдий ч ажлын зураг батлагдсан эсэх нь тодорхойгүй, холбогдох албан тушаалтан гарын үсэг зураагүй, хөшөө дурсгалыг хүсэлт гаргаснаас хойш 2015, 2016 онуудад дэмжсэн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд байгаа. Газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүд нэгэн зэрэг давхацвал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу 2 буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сунгалт хийх эрх нь төрийн захиргааны төв байгууллагад нээлттэй байна. Манай аялал жуулчлалын байгууллага нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд хамаарагдсан учир манай үйл ажиллагааг бүрэн дэмжсэн. Нэхэмжлэгч нь хүсэлтээ шийдвэрлүүлсэн учир төрийн захиргааны байгууллагаас хүсэлтийг хангалгүй орхисон байна. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[5].
Нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Дөрвөн уул ундрах” ХХК-ийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”[6] гэж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах”[7] гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “СТ” ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Дөрвөн уул ундрах” ХХК-ийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “ЛДРА” төрийн бус байгууллагын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах” гэж тодруулсан шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэрэгт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай төрийн бус байгууллага нь Богдхан Уулын Чандманы аманд 5 га газарт ногоон байгууламж бүхий Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах хүсэлтийг, холбогдох кадастрын зураг, бичиг баримтуудын хамт 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдад гаргасан бөгөөд уг хүсэлтэд дурдсан хэмжээ болон хавсаргасан кадастрын зургийн дагуу манай хүссэн газрыг нийтэд нь олгосон шийдвэр гаргаагүй бөгөөд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалаар 1.7 га, 2015 оны 09 дүгээр сарын 15, 21-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийн дагуу мөн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 0.62 га, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар 1 га газруудыг ашиглуулах шийдвэрүүдийг шат дараатай гаргаад байсан. Бидний зүгээс ч гэсэн манай анх ашиглахаар хүсэлт гаргасан 5 га газрыг шат дараатайгаар шийдвэрлэж байна гэж ойлгож явсан.
Гэтэл манай анх ашиглахаар хүсэлт гаргасан 5 га газартай давхцуулан “СТ” ХХК, “П” ХХК, “Д.У.У” ХХК-иудад газар ашиглах зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул эдгээр компаниудад олгосон газар ашиглах зөвшөөрлүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: “Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах хүсэлтийг Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай, Газрын тухай хуулиудад заасан журмын дагуу шийдвэрлэдэг бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар ашиглахаар хүссэн хүсэлтийг шийдвэрлэхдээ давхцуулан олгосон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж тайлбарлажээ.
Гуравдагч этгээд нарын зүгээс “Бидний зүгээс Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай, Газрын тухай хуулиудад заасан журмын дагуу газар ашиглах хүсэлтээ холбогдох газруудад гаргаж, Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бидний ашиглахаар хүссэн газар нь бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй болохыг тодорхойлсон албан бичгүүдийг үндэслэн газар ашиглах эрхийг авсан. Бидний хууль ёсны дагуу ашиглаж буй газрууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж тус тус маргажээ.
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж заажээ.
Нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-аас Богдхан уулын Чандманы аманд 5 га газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг анх 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад[8], 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад[9] тус тус гаргасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаалаар[10] ЛДРА НҮТББ-д Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманы аманд Бурхан багшийн цогцолбор байгуулах зориулалтаар 1,7 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгогджээ.
Улмаар “ЛДРА” НҮТББ-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалах газрын захиргаанд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/21 дүгээр[11] дүгээр албан бичгээр “...уг төслийн авто зогсоол болон иргэдэд үйлчлэх хэсэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байжээ.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр албан албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “... Уг төсөлд ногоон байгууламж бүхий Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Иймд энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дэмжиж байна”[12] гэсэн саналыг хүргүүлсэн байх бөгөөд уг саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн “Хөшөө байгуулах тухай” 73 дугаар тогтоолоор “ ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурхан”-ны хөшөөг байгуулахыг зөвшөөрсүгэй.” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх зөвшөөрснийг үндэслэн нэхэмжлэгч ЛДРА” НҮТББ-аас хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 12 дугаар[13] албан бичгээр “... НИТХ-ын 73 дугаар тогтоол гарч, зураг төслийг баталсан, ... “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ны цогцолбор байгуулах төслийн талбайн хэмжээ нэмэгдсэн тул газар ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 0,62 га газрыг 5 жилийн хугацаатай, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаатай 1.0 га газрыг тус тус бурхан шашны цогцолбор байгуулах, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг нэхэмжлэгч “ЛДРА” НҮББ-д тус тус нэмж олгосон байна.
Харин гуравдагч этгээд “СТ” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2014/31 тоот албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт газар ашиглах эрх хүссэний[14] дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар[15] 0,5 га, гуравдагч этгээд “П” ХХК-д 2016 оны 5 сарын 24-ний өдөр 23 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт газар ашиглах эрх хүссэний дагуу[16] Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар[17] 1 га, гуравдагч этгээд “Дөрвөн уул ундрах” ХХК 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 18 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт газар ашиглах эрх хүссэний[18] дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дугаар тушаалаар[19]5 га газрыг тус тус 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрөл олгожээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, анх нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр, гуравдагч этгээд “СТ” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, “П” ХХК 2016 оны 5 сарын 24-ний өдөр, “Дөрвөн уул ундрах” ХХК 2016 оны 12 сарын 26-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманы аманд газар ашиглах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж, газар ашиглах зөвшөөрлүүдийг авч байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ, гуравдагч этгээд “П” ХХК “Дөврөн уул ундрах” ХХК, “СТ” ХХК-иудад газар ашиглах эрх олгогдсоны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тус тус хийлгэн батлуулж, газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нь анх нэхэмжлэгч “ЛДРА” ТББ-д “Бурхан шашны цогцолбор” байгуулах зориулалтаар 1.7 га газрыг олгосон байх бөгөөд гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгохдоо “Аялал жуулчлал”-ын зориулалтаар олгосон байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2020/1544 дугаартай захирамжаар “нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-ын хүсэлт гаргасан газар нь “Сүн наяд тур” ХХК, “П” ХХК, “Дөрвөн-Уул ундрах” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэх” талаар дүгнэлт гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилжээ[20].
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/864 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/165 дугаар шинжээчийн дүгнэлтээр “ ... “ЛДРА” НҮТББ-ын хүсэлт гаргасан газартай “Сүн наяд тур” ХХК-ийн хүсэлт гаргасан газар 594 м.кв талбайгаа,“Дөрвөн-Уул ундрах” ХХК-ийн хүсэлт гаргасан газар 3418 м.кв талбайгаар, “П” ХХК-ийн хүсэлт гаргасан газар 3377 м.кв талбайгаар тус тус давхцалтай байна.” гэжээ[21].
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйл. “Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах” 1. “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, 2. “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь газар ашиглуулах зөвшөөрөл олгохдоо тухайн газрын хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн олгох бөгөөд тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийж олгохоор зохицуулалттай байна.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий тохиолдолд, гуравдагч этгээд “П” ХХК “Дөврөн уул ундрах” ХХК, “СТ” ХХК-иудад газар ашиглахаар гаргасан хүсэлтэд заасан газар нь бусдын ашиглаж буй болон ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалтай эсэхийг судлалгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Чандманы аманд газар ашиглах эрхтэй “ЛДРА” НҮТББ-ын анх хүсэлт гаргасан газартай давхацсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ... ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах ёстой, ... Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.5-д Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ гэсний дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгээгүй мөн хамгаалалтын захиргааны саналгүй... гэх тайлбарыг хийдэг боловч хариуцагчаас нэхэмжлэгчид дахин газар нэмж олгосон нь хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс Богдхан уулын Чандманы аманд Бурхан багшийн цогцолбор байгуулах зориулалтаар 5 га газар ашиглах хүсэлтийг анх хариуцагчид гаргахад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-340 дүгээр тушаалаар “ЛДРА” НҮТББ-д хүсэлт гаргасан газрын хэмжээг багасгаж 1,7 га болгон 5 жилийн хугацаатай олгосон ба дараа нь 0,62 га, 1,0 га газрыг ашиглах эрхийг нэмж олгосон.
Энэхүү байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр хийсэн ... 5 га газрыг ашиглах хүсэлтэд дурдсан газрын хэмжээг дутуу гаргасан талаар тодруулахад холбогдох мэргэжилтэн нь нэг дор бүгдийг гаргах боломжгүй, шат дараалалтайгаар гаргана... гэж хэлж байсан ба дээрх тушаалууд ч хэлснийх нь дагуу гарсан ба төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Цэцэрлэгт хүрээлэн, шат болон авто зогсоолын зарим хэсэг, усан сан, шат руу өгсөх нуман гүүрний газруудын зөвшөөрөл гараагүй үлдсэн ... гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-д Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманы аманд Бурхан багшийн цогцолбор байгуулах зориулалтаар газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа, анх хүсэлт гаргасан газрын хэмжээг багасгасан, дараа нь дахин газар нэмж олгоод байгаа нь нэхэмжлэгчийн анх хүсэлт гаргасан 5 га газрыг шат дараалалтайгаар олгож байсан байна гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч нь “СТ” ХХК, “Дөрвөн уул ундрах” ХХК, “П” ХХК-иудын газар ашиглахыг хүссэн хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-ын ашиглахаар хүссэн газартай давхцалтай эсэхийг судлалгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Гуравдагч этгээд нарын “Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан гэж байна. Учир нь 2014 онд өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж 2019 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хүндэтгэн шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх” үндэслэлийн тухайд;
Хариуцагч нь нэхэмжлэгчийн анх 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Богдхан уулын Чандманы аманд 5 га газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг шат дараатайгаар шийдвэрлэж байсан болох нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаалаар, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 дүгээр тушаалуудаар тогтоогдож байна.
Дээрхээс үзвэл хариуцагч нь анх хүсэлт гаргасан 5 га газрыг шат дараалалтайгаар олгох юм байна гэсэн итгэл, үнэмшлийг төрийн байгууллагаас нэхэмжлэгчид төрүүлсэн байна гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчээс үлдсэн газраа ашиглах шийдвэр гаргуулахаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин хүсэлт гаргасан бөгөөд тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1468 дугаартай албан бичгээр “танай ашиглахаар хүсэлт гаргасан газрыг бусдад ашиглуулсан шийдвэр гарсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаар хариуг нэхэмжлэгчид өгсөн байх бөгөөд уг хариу аваад 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж үзэхээргүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа нэхэмжлэгч ЛДРА” НҮТББ-ын анх хүсэлт гаргасан газартай давхцуулан гуравдагч этгээдүүдэд газар ашиглуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “СТ” ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Дөрвөн уул ундрах” ХХК-ийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “Лувсанданзан равжаа академи” НҮТББ-аас 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актуудын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагуудын зарим хэсгийг буюу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/864 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/165 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгчийн гаргасан хүсэлттэй давхцалтай хэмжээгээр хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3., 106.3.1., 106.3.3., 106.3.4., 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЛДРА” НҮТББ-ын гаргасан хүсэлттэй давхцуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “СТ” ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 0.5 га гэснийг 594 м.кв хэмжээгээр, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Дөрвөн уул ундрах” ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 5 га гэснийг 3418 м.кв хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийн 1 га гэснийг 3377 м.кв хэмжээгээр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч “ЛДРА” НҮТББ-ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-4, 3 дугаар хавтас 59, 181 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 63 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 175-177 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 146 дугаар хуудас.
[5]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 51-53 дугаар хуудас
[6]Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 72 дугаар хуудас
[7]Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 59 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 25-26 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 232 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 8-9 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 9 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 43 дугаар хуудас
[13] Хавтас хэргийн 1 дүгээр хавтас, 66-67 дугаар хуудас
[14] Хавтас хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас
[15] Хавтас хэргийн 1 дүгээр хавтас, 64-45 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 136 дугаар хуудас
[17] Хавтас хэргийн 2 дугаар хавтас, 108-111 дүгээр хуудас
[18] Хавтас хэргийн 2 дугаар хавтас, 115 дугаар хуудас
[19] Хавтас хэргийн 2 дугаар хавтас, 113-114 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 82-85 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 92-95 дугаар хуудас