Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0696/З |
Дугаар | 221/МА2015/0520 |
Огноо | 2015-11-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0520
2015 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 520 | Улаанбаатар хот |
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, З.М, гуравдагч этгээд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэртэй, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Ашигт малтмалын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор,шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Нарангийн энгэрийн хогийн цэгийн урд Хөх толгой нэртэй газарт 2010 онд ашигт малтмалын хайгуулын 15437Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон. Бид Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ шударгаар биелүүлж, 2011, 2012 онд хайгуулын ажлын тайланг баталгаажуулсан. 2013 онд 3 жилийн хайгуулын ажлын тайланг батлуулж нэгдсэн тайланг Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх явцад Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга болон Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн дарга нарт ял шийтгэл оногдуулан нэр бүхий 105 лицензийн эрхийн хамт манай компанийн хайгуулын 15437Х тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 сарын 03-ны өдрийн 216 тоот тогтоолоор шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 08 сарын 27-ны өдрийн а-66 тоот тушаалаар дээрх талбайд дахин сонгон шалгаруулалт манай компани шалгарсан юм. “Т” ХХК нь хайгуулын 15437Х тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд 786 475 634 /долоон зуун наян зургаан сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийн зардал гаргасан бөгөөд үүнээс зөвхөн геологи, хайгуулын зардалд 442 054 017/дөрвөн зуун дөчин хоёр сая тавин дөрвөн мянга арван долоон/ төгрөгийг зарцуулсан. Энэхүү зардал нь Ашигт малтмалын газраар баталгаажуулсан хайгуулын зардлын хэмжээ болон компанийн санхүүгийн тайлангаар тус тус нотлогддог. Манай компани нь 2012 оноос Герман, Австри улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа, эрэл хайгуул хийсний дүнд Германы ZTS-Zerkleinerungstechnik Scwaben OHG компаниас уулын чулуу бутлах, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ус маш бага хэрэглэдэг, шороо тоос босгодоггүй хамгийн сүүлийн үеийн Европын технологи бүхий бутлах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэж гэрээ байгуулан эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээн авахад бэлэн болоод байна.
Түүнчлэн чулуу бутлуурын үйлдвэрийг түшиглэн байгаль орчныг нөхөн сэргээх эко цогц парк байгуулахаар төлөвлөгөө төслийг боловсруулсан. Үүнд: Уулын чулуу бутлах үйлдвэр, түүнд түшиглэсэн Европын стандарт шаардлага хангасан зуурмагийн үйлдвэр, бетон эдлэлийн үйлдвэр маш өндөр өртөг бүхий харилцан бие биеийнхээ үйлдвэрлэлийг дэмжсэн, барилгын материалын үйлдвэрлэл, үүнтэй зэрэгцүүлээд шууд нөхөн сэргээлтийн ажил болох мод үржүүлгийн газар болон, агропарктай байхаар төлөвлөгөө төслийг боловсруулсан. Мөн сэргээгдэх эрчим хүч буюу Solar системийг талбай дээрээ суурилуулж үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээний 50-60 хувийг хангахуйц хамгийн эрүүл эко цогц парк хийхээр төлөвлөөд байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 сарын 14 -ны өдрийн А/695 дугаар захирамжаар Нарангийн энгэрийн болон Цагаан чулуутын хогийн цэгийг өргөтгөсөн захирамж гаргасан нь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацжээ. Газрын тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах бөгөөд энэхүү төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/695 захирамжаар олгосон газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, уг газрыг олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулаагүй, уг газар нь Засгийн газрын тогтоолын дагуу Ашигт малтмалын сонгон шалгаруулалт бүхий талбайтай давхацсан байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 сарын 14 -ны өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 тоот захирамжаар Захирагчийн ажлын албанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 520000 м2 газрыг төвлөрсөн хогийн цэгийн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1129 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улсын Азийн сантай хамтран 2014 оны 01 дүгээр сараас эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн тус бүр нэг гэр хороонд хог хаягдлын оновчтой менежмент бүхий загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд хог тээврийн машин техник хүрч очих боломжгүй, тогтмол хур хог үүсдэг газруудад инженерийн шийдэл бүхий хог хүлээн авах байгууламжуудыг барихаар газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт холбогдох материалуудыг ирүүлсэн байна.
Иймд газрын байршлыг судлан, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/695 тоот захирамжаар хуучин хогийн цэгийн талбайг нэмэгдүүлэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 1746230 га газрыг төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн эко парк байгуулах зориулалтаар олгосон болно. Уг газрыг олгохдоо Ашигт малтмалын газрын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/3631 тоот албан бичгээр манай албанд ирүүлсэн жагсаалтыг үндэслэн ямар нэгэн давхцалгүй газрыг сонгон олгосон гэж үзэж байна. Иймд Т ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.
Гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа:... Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгүүдийн хэмжээг нэмэгдүүлж эко парк байгуулах зорилгоор хог хаягдлыг үйлдвэр байгуулах газрын байршлыг судлах, санал боловсруулах, захирамж гаргуулах ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/37 дугаар тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд үйлдвэр байгуулах газрын байршлыг судалж газар дээр нь очиж үзэн мөн Ашигт малтмалын газраас газрын лицензтэй давхардаж байгаа эсэх талаар 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/3377 тоот албан бичгээр тодруулсан. Ашигт малтмалын газраас 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/3631 тоот албан бичгээр давхардал байхгүй тухай хариу ирүүлсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмших хүсэлтээ 2014 оны 07-ны өдрийн 01/1129 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд газар эзэмших эрх олгосон А/695 дугаар захирамж 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд газар эзэмших эрх олгосон захирамж гарснаас хойш 1 сар 23 хоногийн дараа 440 дүгээр шийдвэр гаргаж “Т” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл олгожээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх...-ээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд манай албанд олгосон газарт дуудлага худалдаа явуулах шаардлагагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж нь ямар нэг зөвшөөрөл болон газар эзэмших эрхтэй давхцаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т. хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэйгээр хуульчилсан байна. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эко парк байгуулах зорилгоор эзэмшүүлэхээр олгогдсон байсан газартай давхардуулан тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 3 болон Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д заасныг зөрчиж хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авсан газрыг давхардуулан олгосон нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эрх ашгийг төдийгүй нийслэлийн сая гаруй иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Иймд Ашигт малтмалын газраас Т ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: ... Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөх толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 15437Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр “Т” ХХК-д анх олгосон. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолд сонгон шалгаруулалтгүйгээр олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд хайгуулын 15437Х дугаартай тусгай зөвшөөрөл дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу хүчингүй болсон. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн журам батлах тухай 216 дугаар тогтоолоор, дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор заасан. Уг тогтоолын дагуу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөх толгой нэртэй талбайд /хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн дугаар-15437Х/ сонгон шалгаруулалт явуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр сонгон шалгаруулалтад шалгарсан “Т” ХХК-д 017623Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.
Иймд Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл бүхий талбайд сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрлийг шинээр олгосон үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн журам батлах тухай 216 дугаар тогтоол, дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн дагуу хийгдсэн хууль ёсны үйл ажиллагаа /шийдвэр/ болно. Энэ талаар Ашигт малтмалын газраас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6-5783 тоотоор Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн болно. Т ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг захирамжаар Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох талбайд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд газар эзэмшүүлэх эрх олгосон байсан. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамж нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон байсан, эрдсийн хуримтлалтай бөгөөд Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн талбайд давхцуулан газар эзэмшүүлэх эрх олгосон хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болно. Учир нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөх толгой нэртэй талбайд анх олгосон ашигт малтмалын хайгуулын ХV-015437 дугаартай тусгай зөвшөөрлийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгож кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байсан. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор дээрх талбайд сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмыг зөрчиж олгогдсон болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болж, Засгийн газрын2014 оны 216 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсний дагуу гарсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэр нь хууль ёсны захиргааны акт болно. Хэрэв уг талбайд сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэх нөхцөл байдал үүсвэл тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолын хууль ёсны үндэслэлтэй эсэхийг эхэлж тогтоох шаардлагатай болно. Энэхүү тогтоол нь цаг хугацааны хувьд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/625 дугаар захирамжаас өмнө гарсан бөгөөд хууль зүйн хувьд ч дээд хүчин чадалтай акт болно. Бие даасан шаардлага гаргасан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шүүхэд ирүүлсэн шаардлагадаа үйлдвэр байгуулах газрын байршлыг судалж газар дээр нь очиж үзэн мөн Ашигт малтмалын газраас газрын лицензтэй давхардаж байгаа эсэх талаар 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/3377 тоот албан бичгээр тодруулсан, Ашигт малтмалын газраас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/3631 тоот албан бичгээр давхардал байхгүй тухай хариу ирүүлсэн гэсэн байна. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 5/3377 дугаартай албан бичигт Сонгинохайрхан дүүргийн 24, 26-р хорооны Улаанчулуут, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цагаандавааны орчим үйл ажиллагаа явуулж буй хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын кадастрын зураг болон дэлгэрэнгүй мэдээллийг манай газарт гаргаж өгч хамтран ажиллана гэсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Хөх толгой нэртэй тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай хамаарч байгаа эсэх талаар лавлагаа гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын ХV-015437 дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан бөгөөд уг талбай нь Кадастрын бүртгэлийн системийн чөлөөлөгдсөн талбайд бүртгэгдсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн систем дэх тусгай зөвшөөрлийн бүртгэл нь хүчинтэй тусгай зөвшөөрлийн бүртгэл, хаалттай тусгай зөвшөөрлийн бүртгэл, геологийн талбай, чөлөөлөгдсөн талбай, бүх тусгай зөвшөөрлийн бүртгэл гэсэн бүртгэл бүтэцтэй байдаг. Хүчинтэй тусгай зөвшөөрлийн бүртгэлд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн бүртгэл мэдээллийг бүртгэдэг. Хаалттай тусгай зөвшөөрлийн бүртгэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар буюу тухайн талбайг тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, эсхүл ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайн мэдээллийг оруулдаг. Геологийн талбай гэдэг нь ашигт малтмал эрэх, хайх зорилгоор хүсэлт гаргасан талбайг бүртгэх зорилготой хийсэн дэд систем бөгөөд одоогоор уг системд бүртгэл хийгээгүй байгаа болно. Чөлөөлөгдсөн талбай гэдэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хүчингүй болсон, дуусгавар болсон талбайн мэдээллийг бүртгэдэг бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдсан, хүчингүй болсон, дуусгавар болж чөлөөлөгдсөн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгодог. Тиймээс Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 5/3377 тоот албан бичгийн хариуд Ашигт малтмалын газраас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6-3631 дугаартай албан бичгээр "Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн тоон мэдээллийг цахим хаягаар, жагсаалтыг үүгээр хүргүүлж байна гэж хариу хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Сонгинохайрхан дүүрэгт олгогдсон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн мэдээллийг л хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн мэдээлэл хүргүүлсэн Ашигт малтмалын газрын албан бичиг/6-3631/ нь ямар нэгэн хууль зөрчсөн, эсхүл утга агуулга, техникийн хувьд буруу бичигдсэн албан бичиг биш юм. Иймд чөлөөлөгдсөн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 20.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болно. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шаардлагад "Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэйгээр хуульчилсан байна. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс давхардуулан тусгай зөвшөөрөл олгожээ гэсэн байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох 2 нөхцөлийг Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлсон байдаг. Үүнд: 1.Өргөдлийн үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох Ашигт малтмалын тухай хуулийн 17-19 дүгээр зүйл, 2.Сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан "...төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэсэн заалт нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохтой холбоотой зохицуулалт бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаанд огт хамааралгүй заалт болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шаардлагад дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.3 болон Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д заасныг зөрчиж хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авсан газрыг давхардуулан олгосон...хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгч тайлбартаа:... Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга 2012-2014 онд хийж хэрэгжүүлэх Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн дагуу Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч буйд өндөр анхаарал тавьж манай холбоо болон Нийслэлийн Захирагчийн ажлын албаны санаачилгын дагуу хог хаягдлын асуудлыг бүрэн шийдэх эко парк байгуулах ажлыг дэмжиж Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Нарангийн энгэрийн болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/695 тоот захирамжаар хуучин хогийн цэгийн газруудыг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон маш чухал зөв шийдвэр болсон. Энэхүү ажлын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар эко паркийн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хүлээсэн билээ. Ашигт малтмалын газар нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 тоот тогтоолоор батлагдсан шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олох сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заагдсан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, төрийн байгууллага хоорондын уялдаа муугийн улмаас ажлын хариуцлага алдаж эко паркийн газрын олголт төдийгүй нэг байгууллага, 320 өрхийн газартай давхцуулан зураглал хийж хууль бус сонгон шалгаруулалт хийж тусгай зөвшөөрөл олгосон. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн хуралдааны 2013 оны 06 сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор “Т” ХХК-д олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж байхад “Т” ХХК нь хууль бус хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлөөр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу уулын хайрга хайрга олборлохоор 2013 оны 04 дүгээр сарын 23-нд Германы ЛМЗ компанитай худалдааны гэрээ байгуулж улмаар 2013 оны 04 дүгээр сарын 25-нд 50.000 евро, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 100.000 евро тус тус шилжүүлсэн Монгол улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчих санаатай үйлдэл гэж харагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/695 тоот Захирамжийг хүчингүй болгож, уг үйлдлээс учирч болох хохирлыг нэхэмжилж буй нь хууль зөрчсөн санаатай үйлдэл гэж үзэж байна. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгуулах Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бие даасан шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр Т ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон XV-017623Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд Чөлөөлөгдсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох талаар зохицуулсан бөгөөд 20.1 дэх хэсэгт Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага дор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгоно гэж заасан.
Үүний дагуу шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон талбай нь чөлөөлөгдсөн талбайд хамаарах ба өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгох талбайд хамаардаг байна. Манай компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар чөлөөлөгдсөн талбайд орж Ашигт малтмалын газрын чөлөөлөгдсөн талбай гэсэн бүртгэлд бүртгэгдсэн байсан.
Дээр дурдсаны дагуу манай компани нь хууль тогтоомжид заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөх толгой нэртэй газарт ХV-015437 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан болно. Харин тус талбайтай бүхэлд нь давхцуулан Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А/695 дугаар захирамж гарган төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн Эко парк байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд газар эзэмших эрх олгосон. Энэ нь манай компанийг тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхээ хэрэгжүүлэх буюу ашигт малтмал хайх, өөрийн эзэмшлийн талбайдаа нэвтрэх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.
... Хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд Улаанбаатар хотын захирамжийн ажлын алба нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1129 тоот албан бичгээр газар эзэмших хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчаас дараах хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн байдаг.
Захирагчийн ажлын албанаас хүсэлт гаргасан бөгөөд хүсэлттэй холбогдуулаад Эко паркийн зориулалтаар газрын хэмжээгээ ихэсгэх дээрээс нь төсөл хэрэгжиж байсан учраас хурлаар оруулаад хүсэлтийг нь шийдвэрлэсэн байгаа гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гуравдагч этгээдийг хүсэлтдээ хуульд заасан шаардлагын дагуу хавсаргах материалыг хавсаргаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Газрын тухай хуульд заасны дагуу хариуцагч болон Нийслэлийн Засаг даргаас уг хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байсан байна.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 01/1129 тоот албан бичгээр газар эзэмших эрх хүссэн байдаг ба уг хүсэлтийг шийдвэрлэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газраас Ашигт малтмалын газрын ирүүлсэн албан бичгийг үндэслэн газар эзэмших эрх олгосон талаар хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан. Зүй нь, газар эзэмших эрх хүсэлт гаргасны дараа тухайн эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг судалж үзэх ёстой юм.
Шүүхийн шийдвэрт ...дээр дурдсанчлан тухайн талбайд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхийг тодруулсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус газрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг хэлсэн байдаг. Шүүхээс энэхүү нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр, хуулийг буруу хэрэглэж, хуулийн гол шаардлагыг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
... Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дүрмийн 4.4.15-4.4.23-т тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн чиг үүргийг зааж өгсөн. Үүнд зааснаар хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах эрх хэмжээ, чиг үүрэг олгогдоогүй байна. Иймд, тус газрын Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
... Маргаан бүхий газар буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгосын M ХХК үйл ажиллагаа явуулж байсан. Гуравдагч этгээд болох Улаанбаатар хотын захирамжийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус албанаас Солонгосын M ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэсэн тайлбар өгдөг.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон M ХХК нь эрх зүйн статусын хувьд адил, Холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэж байгаа тохиолдолд уг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ч мөн хөндөгдөж болзошгүй байна. Иймд, адил статус бүхий M ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Манай компани нь анх Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 127 дугаар шийдвэрийн дагуу маргаан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Уг тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын газар нь 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6-6826 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2а/21 тоот албан бичгийн хавсралт 1-д манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна.
Дээрхээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь уг газарт ашигт малтмалын хайгуул явуулахад татгалзах зүйлгүй байсан бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай гэдэг нь анхнаасаа тодорхой байсан байна. Ийнхүү тус газарт Эко Парк байгуулах нэрийдлээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь төрийн байгууллагын залгамж халаа муу, ажилдаа хайнга хандсаны улмаас хийгдсэн газар олголт гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулах үүргээ биелүүлэлгүйгээр хэргээ шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн хариуцагч болох НЗД-аас уг нотлох баримтыг гаргаж өгөлгүй, нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, түүнчлэн хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Т ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий дээрх актаараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн энгэрт 174,6 га газрыг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн Эко парк байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлжээ.
Анх Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч Т ХХК-д 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр маргаан бүхий газарт 94,56 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч 15437Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, нэхэмжлэгч хуулийн этгээд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан байна.
Гэтэл Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэсэн үндэслэлээр 106 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байх бөгөөд тэдгээрийн нэг нь нэхэмжлэгч Т ХХК-ийн хайгуулын 15437Х дугаартай тусгай зөвшөөрөл байсан ба улмаар хүчингүй болсон дээрх тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр бүртгэж, Т ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ.
Улмаар дээрх хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу явуулах сонгон шалгаруулалтыг явуулахад баримтлах Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 216 дугаар тогтоолын хавсралтаар баталсны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр Т ХХК-д Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хөх толгой нэртэй, 94.48 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарч, нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ХV-017623 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна.
Нэхэмжлэгч Т ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгохоос өмнө Нийслэлийн Засаг дарга 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарангийн энгэрт 1 746 230 га газрыг гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн Эко парк байгуулах зориулалтаар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Учир нь Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан хуулийн шаардлагыг хангах үүднээс уг газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаж байгаа эсэх талаар тодруулахаар холбогдох байгууллагуудад хандаж, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй талаар хариуг авсны дараа дээрх газрыг гуравдагч этгээд болох Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2а/21 тоот албан бичгийн хавсралт 1-д манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариуг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч болох манай компани нь уг нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанаас хойш олж мэдлээ гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана., мөн зүйлийн 19.5 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. гэж заасан.
Ашигт малтмалын газар нь 2010 онд нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоосоо өмнө Засаг даргад мэдэгдсэн байх ба Засаг даргаас уг талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариу өгч байсан хэдий ч уг 2010 онд олгогдсон тусгай зөвшөөрөл шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул Засаг даргын өмнө нь өгч байсан санал тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор эрх зүйн үр дагаваргүй болсон байна.
Өөрөөр хэлбэл, уг санал дараа дахин олгогдсон тусгай зөвшөөрөлтэй хамааралтай гэж үзэх боломжгүй юм.
Харин зохих журмын дагуу гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн газар дээр Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт явуулж, нэхэмжлэгчид ХV-017623 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь Улаанбаатар хотын Захирагчийн албаны эзэмшлийн газартай давхцалтай, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эдгээр болон шүүхийн шийдвэрт дурдсан бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ