Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0057/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэрэгт Цовогт Д-ийн  Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118003940027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2022  оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц овогт Д-ийн  Б /РД: ............ /, ......... оны ........  дүгээр сарын ....... -ны өдөр ..........  аймгийн ........ суманд төрсөн, ......  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ...................-ийн хамт ..........  аймгийн ..........  сумын .......  дугаар баг, ..........-ийн .........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр .......... аймгийн ......... сумын .....  дугаар баг, ............  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.М-ийг зодож эрүүл мэндэд нь баруун шууны битүү хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118003940027 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ж.М-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 30, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Ч-ийн төрсөн өдөр болоод манай гэрт эхнэр А-ийн хамт ирж манай нөхөр бид хэд 0,75 литрийн Тайга нэртэй архи, 0,75 литрийн Хараа архи хувааж уусан. Ингээд төрсөн өдөр тэмдэглэж дуусаад Ч эхнэрийн хамт явж би нөхөртэйгөө гэртээ үлдээд гэрээ цэвэрлэж байтал нөхөр маань гэрээс гарлаа гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Түүнээс нь болж нөхөр бид хоёр маргалдсан. Тэгтэл Б миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд зууралдаж байтал Б миний баруун гараас бариад мушгисан. Тэгсэн миний гар эвгүй дуугарч их өвдсөн. Ингээд дүү Ч  руу залгаж дуудаад эмнэлэгт үзүүлэхэд миний баруун гар хугарсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 5, 6, 31 дэх тал/,

 

Гэрч Ж.Ч-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2021  оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг 10 минутын үед эгч маань хамтран амьдрагч Б-той маргалдаад байна гэхээр нь очсон. Намайг очиход эгч М болон хамтран амьдрагч Б нар согтуу байсан. Намайг юу болсон талаар асуухад М эгч “Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд бид хоёр сүүлд байж байгаад маргалдсан. Тэгсэн чинь Б гарна гээд байхаар нь гэрээс гаргахгүй гээд зууралдсан чинь гарыг минь мушгичихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 795 дугаартай “....Ж.М-ийн биед баруун шууны битүү хугарал, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.М-ийн биед тогтоогдсон баруун шууны битүү хугарлын гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ж.М-ийн биед илэрсэн духны баруун тал, нүдний зовхи, шанаанд 10х8см хэмжээтэй хөхөлбөр ногоовтор өнгийн цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.М-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Д.Б-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр, тус тус мэдүүлсэн: “...Би Ж.М-тэй 2007 онд танилцаж байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн хамт амьдарсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн үед Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн ...........  тоот гэртээ хамтран амьдрагч М-гийн хамт байж байхад манай найз болох Ч-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Ч , түүний эхнэр А нар манайд ирсэн. Бид нар 0,75 литрийн Хараа, 0,75 литрийн Тайга нэртэй архи хувааж уусан. Тэгээд 18 цагийн үед Чойжилсүрэн, Алтай нар гэр лүүгээ явсан. Би тухайн үед гэртээ байж байгаад найзуудтайгаа биллиард тоглоё гэж бодоод гарах гэтэл М намайг гаргахгүй гээд уурлаад маргаан үүсгэсэн. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. М нэлээн согтсон байсан бөгөөд над руу дайраад, дээд хэсгээрээ нүцгэн гарчих гээд байхаар нь би болиулах гээд бугуйг нь барихдаа эвгүй мушгисан. Тэгсэн удалгүй дүү нь ирээд цагдаа дуудаж цагдаа нар ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хавтаст хэргийн 8-9, 45 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Д.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Б-ыг гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б-ыг 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.М нь “Д.Б нь эмчилгээний төлбөр бүрэн барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Д-ийн  Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР