Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 53

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............оршин суух Ц.Сын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 17-ны өдөр 139/2018/00049/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. Улсад 19 жил 4 сар ажилласан. Үүнээс 1981 оны 09 сарын 30-наас 1991 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн 1981 оны 09 сарын 30-наас 1991 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Ц.С нь 1981 оны 09 сарын 30-наас 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 366 тоот тодорхойлолт /ХХ-6/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 08/627 тоот албан бичиг /ХХ-5/,

            3. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 3/338, 1/337 тоот тодорхойлолт /ХХ-4, 7/,

            4. Ц.Сын 1991 онд авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-8-17/,

            5. Ц.Сын Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс 1982 оны 04 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-20/,

            6. Ц.Сын Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-21/,

            7. Гэрч Д.Рийн “...Ц.С нь 1981-1991 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад бод болон бог мал маллаж байсан. Манай эмээ ээжийнхтэй Сынх айл байдаг байсан. Би 1981-1991 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8-н жилийн сургуульд бичээчээр ажилласан” гэх мэдүүлэг /ХХ-25/

8. Гэрч Б.Мийн “...Ц.С нь 1981-1991 он хүртэл малчин байхыг мэднэ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн малчин байсан. Бага мал, хуц ухна зэрэг малладаг байсан. Бид нэг бригадын малчин байсан. Би 1970-1991 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадад малчинаар ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-26/

9. Гэрч А.Б н “...Ц.С нь 1981-1991 оны хооронд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд мал маллаж байсан. Бага мал малладаг байсан. Бид ойрхон саахалт нутагладаг байсан. Би 1981-1991 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-27/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.С ыг 1981 оны 09 сарын 30-наас 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА