Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0065/Э |
Дугаар | 2022/ШЦТ/78 |
Огноо | 2022-02-21 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0065/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г-ын Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Г /РД: ......... /, ...... оны .... дугаар сарын .... -ний өдөр .......... аймгийн ......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ..........-ийн хамт ........ аймгийн .......сумын ..... дүгээр баг, ....... дүгээр байрны ...... тоотод оршин суух хаягтай, урьд:
......... аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хойшлуулсан,
....... аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоног хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сум дундын ...... дугаар шүүхийг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоосон,
......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
...... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар,
.......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг
...... аймаг дахь сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ........ аймгийн ....... сумын ...... дүгээр баг .... дүгээр байрны .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Э.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” зочид буудалд иргэн Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Би эгчтэйгээ нийлж уудаггүй. Тухайн үед эгчийн байр нь засвартай гээд манайд түр байсан. Тэр өдөр найз нь гээд гаднаас нэг хүн ирсэн. Тэгээд архи ууж байгаад маргалдсан. Б-ын тухайд хохирол нэхэмжлээгүй. Намайг түүнтэй ярих гэхээр согтуу байдаг эсвэл утас нь холбогдохгүй байдаг. Энэ хэргийг архинаас болж гарсан гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2218000000025 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-10 дахь тал/, хохирогч Э.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрч Г.Эн-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, Э.Э-ийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь/, хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь/, гэрч Н.Д-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт 27-28, 105-106 дахь тал зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Г.Г ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ......... аймгийн ......... сумын ..... дүгээр баг .... дүгээр байрны ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Э.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” зочид буудалд иргэн Б.Б-ыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Миний дүү Г идэж байсан ясаараа миний толгой руу цохисон. Гэхдээ Г төрсөн дүү маань учраас би мэдүүлэг өгмөөргүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед нөхрийн хамт гэртээ байж байтал нөхрийн төрсөн эгч Э гаднаас найзынхаа хамт согтуу орж ирчхээд найзтайгаа манайхаас гараад 1 шил Хараа архи авч орж ирээд манай нөхөр Г тай хамт уусан. Нөхөр маань согтоод над руу агсраад дайраад байсан чинь Э эгч “Чи хаашаа юм. Эхнэрийгээ зодоод байдаг юм уу. Гэртээ хэрүүл маргаантай байдаг юм уу. Эхнэрийгээ зодох гэж байгаа бол намайг зодчих” гэсэн чинь нөхөр маань гартаа барьж байсан ясаараа Э эгчийн дух хэсэгт 2-3 удаа цохисон. Би болиулах гэж оролдоход над руу дайрсан учраас боль гэж хэлэхээс өөр зүйл хийж чадаагүй. Э эгчийн толгой хэсгээс маш их цус гарсан. Дух нь цохиулсны дараа шууд хавдчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Э бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрт нь ганц вино ууж байгаад сүүлдээ архи авч уусан. Тухайн үед дүү Г нь хоёр хоног гэртээ ирээгүй буудалд хонож байгаад гэртээ ирлээ гээд эхнэртэйгээ цуг согтуу орж ирсэн. Эхнэр нь бага зэрэг халамцуу байсан. Тэгээд Э бид хоёрыг архи уугаад сууж байхад Г эхнэртэйгээ цуг жижиг өрөөндөө мах чанаад хоол хийгээд байсан. Тэгж байснаа эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь Э н “Чи яагаад байгаа юм. Зүгээр бай” гээд орилж байсан. Тэгээд хэсэг чимээгүй болж байснаа Г нь Э бид хоёрын байсан том өрөөнд орж ирээд эгчтэйгээ маргалдаад гэнэт гартаа барьсан үхрийн сээрний ясаар мөр рүү нь нэг цохиод дараа нь толгой руу нь хоёр удаа цохисон. Тэр үед Э-ийн толгойгоос маш их цус гарсан. Тэгэхээр нь би алчуур, даавуу, тавьсан боловч цус нь тогтохгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн “...Э.Э-ийн биед хуйхны шарх, тархи доргилт, дух, зүүн мөрөнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн яаралтай тусламжийн “... Э-ны Э, ирэх үеийн зовуурь: Толгойд язарсан шархтай өвдөнө. Хуйх хавдсан. ...Хэсэг газрын үзлэгээр: Зулайн хэсэгт язарсан шархтай, духанд овойж цус хурсан.” гэх хуудас /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед У буудалд хуучин байрны дүү Ж , А , О нартай орсон. Буудлынхаа өрөөнд ороод гаднаас авсан Х нэртэй 0,75 литрийн 2 шил архийг уух гээд гаргаж ирээд нэг шил архийг нь хувааж уугаад сууж байтал манай найз Одбилэг явсан. Тэгээд А Ж бид гурав үлдээд А бид хоёр архиа хувааж уусан. Тэгж байгаад А бид хоёр маргалдсан. А хэрэлдэж байгаад унтаад өгсөн ба хэсэг хугацааны дараа босож ирээд надтай юм ярьж сууж байгаад архины шилээр миний нүүр лүү цохиод гараараа нүүр лүү хоёр удаа цохисон. Тухайн үед Жагаанаа нойлын өрөөнд орсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,
Гэрч Н.Д-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 22 цаг өнгөрч байхад байрны ах Б , Одбилэг, Г буюу А ах нарын хамт У буудалд орсон. Буудалд ороход А ах согтож тасраад хоёр талаас нь Б ах бид хоёр өргөж буудал руу оруулсан. Буудлын өрөөнд А ахыг орон дээр унтуулаад Б архи задлаад байж байтал гаднаас М гэдэг хүн орж ирээд Б ахтай хамт 1 шил архи уугаад нэг архийг нь аваад явсан. Тэгээд А босож ирээд үлдсэн архийг ууж байгаад Б ахтай маргалдаж байгаад шууд нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би голоор нь орж салгасан. Тэгээд эвлэрээд ууж байгаад намайг нойлын өрөө рүү ороод гараад ирэхэд А ах архины шилээр Б-ын нүүр рүү нь цохисон. Тэгээд Б ахыг газар хэвтчихээр нь босгоход нүднээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн “...Б.Б-ын биед зүүн нүдний зовхинд шархнууд, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Б-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн яаралтай тусламжийн “...Б-ийн Бя, ирэх үеийн зовуурь: Хүнд зодуулсан, зүүн талын нүд гэмтсэн. ...Хэсэг газрын үзлэгээр: Зулайн хэсэгт язарсан шархтай, духанд овойж цус хурсан.” гэх хуудас /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
Г.Г ын гэрчээр 2021 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 01 дүгээр сарын 09--ний өдөр, яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 10, 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ эгч Э , түүний найз А, эхнэр Э нарын хамт архи ууцгаасан. Архиа ууж дуусчхаад эхнэртэйгээ хэвтэж байсан чинь эгч Э босож ирчхээд дэмий юм яриад “Би нүүргүй хүн харсан, тал нүүртэй хүн харсан гэх мэт элий балай юм яриад байхаар нь “Та чинь одоо яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “Чи эхнэрийгээ яаж зоддог юм бэ, наад ясаа надад өгдөө, яаж цохидог гэнээ” гээд орилоод байхаар нь май энэ ясаа авчхаач дээ гээд шидсэн чинь толгой дээр нь оноод толгойг хагалсан. Би нэг удаа сээрний яс шидсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед шинэ хороололд байх У нэртэй буудалд Ж , Б , О нарын хамт орж нэг шил архи хувааж ууж байтал О яваад өгсөн. Тэгээд би тухайн үед нэлээд муудаад унтаад өгсөн. Би Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 42, 102, дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ...... аймгийн …..... сумын .... дүгээр баг ..... дүгээр байрны .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Э.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед ........ аймгийн ........ сумын ....... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У ” зочид буудалд иргэн Б.Б-ыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд учирсан хуйхны шарх, тархи доргилт, дух, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан зүүн нүдний зовхинд шархууд, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь тус тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгчийн туслахаас хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэж гомдол санал нэхэмжлэх зүйл байгаа эсэх талаар тодруулахад хохирогч Э.Э нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Б.Б нь “гомдолтой, хохирол нэхэмжилнэ” гэж хариу мэдэгдсэн.
Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтаа гаргаж хэрэгт хавсаргаагүй тул шүүгдэгч Г.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Б нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь ажил хийдэггүй тул торгох шийтгэл оногдуулах боломжгүй, өмнө нь нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан. Тиймээс шүүгдэгч Г.Г т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум дахь хаягаас гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх аргаа хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Цагаан нуур дахь хаягаар тогтоож өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Г.Г нь урьд 7 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Г т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 01 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г т нь энэ хэрэгт нийт 5 хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сээрний ясыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 01 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Г ыг шүүхээс оногдуулсан 01 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Г нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сээрний ясыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР