Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0053/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С- овогт Д-гийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2218000000044 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт, Улаанбаатар хот, Налайх дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С- овогт Д-гийн Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Орос клуб” гэх газар шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож байхдаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим П.Д- Самсунг Эс10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч П.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг өнгөрч байх үед би Дархан сумын 5 дугаар багт байрлах хуучнаар Хаадууд нэртэй одоогоор нэг бүжгийн клуб ажилладаг газарт Эрэл цементийн үйлдвэрийн лабораторт надтай хамт ажиллаж байсан хүмүүс шинэ жил хийх гээд дуудсан болохоор очсон юм. Тэнд ойролцоогоор 16 хүн цугласан байсан. Тэндээс 23 цаг өнгөрч байх үед гарах гээд би хувцсаа сольж өмсөөд гар утсаа хайсан чинь алга  болчихсон байсан. Би өөрийн гар утсаа барьж байсан гар цүнхэндээ хийчихсэн байсан юм. Тэгээд өөрийнхөө гарутас  руу залгасан чинь холбогдох боломжгүй гэж хариу дуугараад байсан. Миний гар утас уг нь цэнэгтэй байсан юм. Тэгээд тэр газрын хяналтын камерыг  шалгуулсан чинь миний сууж байсан ширээн дээр ойролцоо байсан 1 эмэгтэй миний гар цүнхнээс миний гар утсыг гаргаад хажууд нь байсан С-ын цүнх рүү хийж байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь С-ын ХХХХХХХХ гэсэн дугаарын гар утас руу залгаад энэ талаар асуусан чинь Б- миний цүнхэнд гар утсаа хийсэн, авъя гэхээр нь би цүнхнээсээ гар утсыг нь авч өгсөн гэж хэлсэн. Би С-ыг хамт ажиллаж байсан гэж мэдэхээс биш найз  нөхдийн холбоо байхгүй. Тэр Б- гэдэг хүнийг нь бас зүс л танина. Тэгээд Б-гийн ХХХХХХХХ гэсэн дугаарыг нь олж мэдээд залгасан чинь авахгүй байсан. Б- нь Улаанбаатар хотод амьдардаг юм шиг байна лээ. Ингээд цагдаад гомдол гаргаж байна. ... би маргааш нь Б- гэж хүний ХХХХХХХХ гэсэн дугаарын утас руу нь залгаад “чи миний гар утсыг авсан байна, утсаа авъя” гэж хэлээд уулзаж гар утсаа Б- гэж хүнээс хүлээж авсан. Б- согтсон байсан уучлаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 5-6/,

 

Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг тэр клубээс гарч явсны дараа Д- гэж хүний гар утас алга болсон байна. Камерын бичлэг үзсэн чинь тантай хамт байсан Б- гэж хүн  авсан байна гэж хэлсэн. ...Б- согтууруулах ундаа хэрэглэсэн гэхдээ согтож ухаан алдаагүй. Тэнд нэг их согтсон хүн байгаагүй. Архи дарс ч нэг их байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Самсунг Эс10 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 450,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14/,

 

Яллагдагч Д.Б-гийн “...гэм буруугаа ухамсарлаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28/,

 

Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн “...бичлэгийн цагаар 22 цаг 03 минут 38 секундэд шар, хар  эрээн өнгийн цамцтай урт, хар өнгийн юбкатай, хар өнгийн гуталтай эмэгтэй хүн сууж байсан сандлынхаа хажуу талын сандал дээр байсан цүнхийг баруун гараараа онгойлгож дотроос нь гар утас мэт зүйл аваад хажуу талд нь байсан цүнх рүү хийгээд буцаж эхний цүнхийг хаагаад босож голын ширээн дээр очиж сууж байгаа дүрс бичигдсэн байлаа” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 18, 21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар буюу өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авахыг ойлгох бөгөөд Д.Б-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч П.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гар утсаа буцааж авсан гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. С- овогт Д-гийн Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Б-д  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Налайх дүүргийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД