Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0064/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х- овогт Г-ийн Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ... боловсролтой, аврагч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн .... гол сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х- овогт Г-ийн Л- /РД:/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Л- нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, ******* тоотод Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч цолтой Л.А-, Эрүүлжүүлэх байрны цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч цолтой Б.Т- нарыг дуудлагын дагуу очиж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүй ёсны шаардлагыг үл биелүүлэн толгой руу нь цохих, мөргөх зэргээр хүч хэрэглэж, эсэргүүцсэн болох нь:

 

Хохирогч Л.А-гийн өгсөн “...тухайн өдөр би тус цагдаагийн хэлтэст мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 04 цагийн үед жижүүрийн утсанд Хайрхан багийн 12 дугаар байрны 07 тоотод манай гэрч Л- гэгч нь агсан согтуу тавиад шил хагалчихлаа гэсэн утгатай дуудлагыг өөрийгөө ******* дүү гэх хүүхэн өгсөн. Ингээд дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Т- бид хоёр хамт дуудлага өгсөн хаягаар очсон. Бид нарыг ороход давхар хаалганы шил хагарсан байдалтай Л- буйдан дээрээ суучихсан гараа цамцаар ороосон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ******* гэх хүүхэн Л- агсан согтуу тавиад гэрийн хаалганы шилийг цохиж хагалаад гараа зүсчихлээ гэж хэлсэн. Энэ үед Л- нэлээд согтуу байдалтай бид хоёр луу хараад хөөе Т-, А- та хоёр яах гэж байгаа пиздаанууд бэ гэхэд дэд ахлагч Т-, очоод та бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна, бас таны гараас цус гарч байна яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж хэлэхэд нь би өөрийнхөө гар утсаар Шарын гол сумын эрүүл мэндийн төв рүү залгаж дуудлага өгсөн. Үүний дараа би Л-гийн хадам ээжтэй нь уулзаад зогсож байтал Л- гэнэт босож ирээд зүүн гараараа Т-ийн толгой руу нэг удаа цохихоор нь би наанаас нь очоод Л-гийн зүүн гарнаас татаад хойш нь болгоод түүнийг тайвшруулж, таны гар гэмтсэн байна, одоо эмнэлэг ирж байгаа та түр сууж бай гэж хэлээд байж байтал гэнэт босож ирээд Т-ийн толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би зүүн гарыг нь ард нь өчөөд үүдний орчим очоод зогсоход Л- хойшоо толгойгоо саваад миний шанаан тус газарт нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь Л-г дагуулж гараад албаны машиндаа суулгаад Шарын гол сумын эрүүл мэндийн төв рүү очсон. Тэгээд машинаас буулгаж байтал Л- дахин Т-ийн толгой тус газар нь гараараа нэг удаа цохихоор нь би наанаас нь тойрч очоод Л-г барьж аваад эмнэлэг рүү дагуулж ороод хүлээлгэн өгсөн. ...би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ цус болж бохирлогдсон албаны дүрэмт хувцсаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Гэхдээ уг хувцаснуудаа угааж цэвэрлэхэд бүх цусны толбо арилж хувцас өмсөхөд хэвийн болсон тул одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15/,  

Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр 04 цаг 15 минутад тухайн өдөр жижүүртэй байсан мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч А- над руу залгаад Хайрхан багийн 12 дугаар байрны 07 тоотод онцгой байдалд ажилладаг Л- гэртээ агсан согтуу тавиад байна гэнэ, хоёулаа хамт яваад ирье гэхээр нь би А-тэй хамт тус тоотод яваад очиход Л- гэх залуу гараа зүссэн байдалтай гарнаас нь их хэмжээний цус гарчихсан давхар хаалганы шил хагарсан байдалтай байсан. Юу болсон талаар Л- гэх залуугаас асуухад ямар ч үг дуугаралгүй босож ирээд миний толгой руу гараараа 3 удаа цохисон. Энэ үед дэд ахлагч А- бид хоёр Л-гийн гарыг нь хориглож бариад түүнийг дагуулж гэрээс нь гарч цагдаагийн албаны машинд суулгаж шууд эрүүл мэндийн төв рүү очсон. Тэгээд эмнэлгийн гадаа ирээд түүнийг машинаас буулгасан чинь дахиад миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Энэ үед түүний гарнаас барьж аваад эмнэлэг дагуулаад орох үед  дахин эргэж хараад намайг цохих гэж гараа далайхаар нь би түүний гарыг барьж өөрийгөө хамгаалсан. Тэгээд цаанаас эмч нар гарч ирээд Л-г дагуулж ороод гаранд нь боолт  хийж тэнд нь хэсэг суулгаж байгаад өглөө 08 цагийн үед эрүүл мэндийн төв дээр буцаж очоод Л-г авч цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн, ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л- хүүхдийнхээ барьж байсан шаарыг базаж хаглаад босож ирээд ******* хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгснээ үүдний орчим явж очоод давхар хаалганы шилийг гараараа нэг удаа цохиж хагалаад хагархай нь гарыг нь зүсэж гэмтээсэн. Тэгэхээр нь улаан өнгийн подволк гаргаж ирээд гарыг нь боосон боловч боолтоо авч хаяад хувинтай ус аваад манай охин ******* руу цацсан. Энэ үед ******* цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь удалгүй гаднаас хоёр цагдаа ороод ирсэн. Тэр хоёр цагдаа Л-г хараад цус их алдаж байна, түргэн дуудаж үзүүлье гээд хэлтэл Л- орон дээрээс ямар ч үгийн зөрүүгүй босож ирээд намхан цагдаа болох Т-ийнх нь толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Энэ үед хажууд нь байсан өндөр цагдаа Л-гийн хойно нь гараад гарыг нь ард хөдөлгөөнгүй болгоод бариад авсан чинь хойшоо толгойгоороо савж мөргөөд ардаа зогсож байсан өндөр цагдаа болох А-гийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Тэгээд нөгөө 2 цагдаа Л-г арай гэж авч гараад Шарын голын эрүүл мэндийн төв дээр авч очсон юм байна лээ үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дугаартай “...Б.Т-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаартай “...Л.А-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-10/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/19, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/32 дугаартай тушаалын хуулбар, Л.А-, Б.Т- нарын ажлын газрын үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Адъяацэрэнгийн эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь / хавтаст хэргийн 76-79/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Г.Л- нь согтуурсан үедээ өөрийн биед гэмтэл учруулан цус алдаж байхад нь эмнэлгийн туслалцаа үзүүлэхээр дуудлага өгсөн, хууль бус үйлдлийг нь таслан зогсоохоор дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч нарын биед халдсан үйлдэл нь үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Л-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн ангийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Л.А-, Б.Т- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Г-ийн Л-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч Г.Л- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД