Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 57

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...........оршин суух, Ч.Г -ын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 139/2018/00008/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 1983 оны 01 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-н хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад малчинаар ажилласан. Мөн 1992 оны 11 сарын 04-нөөс 1993 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-нд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу, нэр зөрүүтэй Ч.Б гэж бичсэн байх тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны баримт зэргийг үндэслэн 1983 оны 01 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-н хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-нөөс 1993 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-нд малчинаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Мөн нэр зөрчилтэй байгаа учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний бие 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 06 сарын 01-н, 1991 оны 11 сарын 01-нээс 1993 оны 01 сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан байлдлаа тогтоолгохоос татгалзаж байна гэв.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Г нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Ч.Г нь 1983 оны 09 сарын 16-ны өдөр, 1991 оны 01 сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

            1. Улсын бүртгэлийн хэлтсийн №005/001785 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-4/,

           2. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Чойжин Болдод 1983 оны 09 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-5-7/,

           3. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Чойжин Болдод 1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-8-9/,

           4. Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 000008821 дугаартай Хугацаат цэргийн алба хаасаны лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-10/,

           5. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 56 тоот тодорхойлолт /ХХ-33/,

           6. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 4/33 тоот албан бичгийн хуулбар /ХХ-34/,

           7. №380341 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-39/,

           8. Гэрч Д.Б-ийн “...Ч.Болд гэж дууддаг байсан. Адаацаг суманд өөр Г гэдэг нэртэй хүн байгаа. Харин Ч.Г гэдэг хүн байхгүй. Ч.Г, Ч.Б гэдэг хүмүүс нэг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-30/,

9. Гэрч А.Бын “...Ч.Г гэдэг. Тухайн үед одоо ч гэсэн Б гэж дууддаг. Адаацаг суманд өөр Ч.Болд гэдэг нэртэй хүн байхгүй. Харин Ч.Г гэдэг энэ хүн л байсан. Ч.Г, Ч.Б гэдэг хүмүүс нэг хүн байгаа юм..” гэх мэдүүлэг /ХХ-31/ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Ч.Г нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ийг дуустал, 1991 оны 06 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 30-н хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь:  

           1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 354 тоот тодорхойлолт /ХХ-12/,          

           2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 08/613 дугаартай албан бичиг /ХХ-13/,

           3. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 2/167 тоот тодорхойлолт /ХХ-14/,

           4. Ч.Гын Ч.Б гэсэн 1983-1990 онуудад авч байсан цалингийн тооцооны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-15-23/,

           5. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Ч.Б-д 1983 оны 09 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-5-7/,

           6. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Ч.Б-д 1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-8-9/,

           7. Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 000008821 дугаартай Хугацаат цэргийн алба хаасаны лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-10/,

           8. №380341 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-39/,

           9. Гэрч Д.Бийн “...Ч.Г нь 1983 оноос 1993 оныг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад бага мал малладаг байсан. Би Ар урт бригадын тоо бүртгэгч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан тул энэ хүний ажиллаж байсан байдлыг мэднэ. 1992 онд нэгдэл компани болсон. Амьдралын туг компани болоход мөн Ч.Г нь тус компаний малчин байсан. Би Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадын 1983 оны 03 сараас 1985 оны 05 сар хүртэл тоо бүртгэгч, 1985 оны 05 сараас 1992 он хүртэл Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгч хийж байсан. Ч.Г нь нэр хүндтэй малчин байсан. Баярын бичиг зэрэг авч байсан байх...” гэх мэдүүлэг /ХХ-30/,

           10. Гэрч А.Бын “...Ч.Г нь 1983 онд цэргээс ирээд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчин болсон. 1992 оныг дуустал малчинаар ажилласан. Ишиг төлөг малладаг байсан. Бид нэг бригадын малчид байсан. Айл саахалт байдаг байсан. Би Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Хашаат бригадад 1970-1992 он хүртэл малчин байсан...” гэх мэдүүлэг /ХХ-31/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч нь 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 06 сарын 01-н, 1991 оны 11 сарын 01-нээс 1993 оны 01 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК-нд ажиллаж байсан байлдлаа тогтоолгохоос татгалзсан болохыг дурдаж шийдсэн болно.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1983 оны 09 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс олгосон эзэмшигчийн овог Ч нэр Б гэх бичиглэл бүхий, 1991 оны 01 сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс олгосон эзэмшигчийн овог Ч нэр Б гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Ч.Г -ыг мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Г -ыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал, 1991 оны 06 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 30-ныг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Гын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА