Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 99

 

О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Ж.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0039 дүгээр магадлалтай, О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 65 дугаар зүйлийн 65.4, 65.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын “Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4-р хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэхдээ Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0039 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. 
Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй, Увс аймийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0039 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэгч “Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан “сонгогч шилжих” тухай зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар болон тухайн үед улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд хийсэн бүртгэлийг хуульд нийцсэн эсэх талаар” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан талаар дүгнэж дурдсан мөртлөө маргаж буй захиргааны актыг авагдаагүй байна гэж үзжээ.
Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4-р хэсгүүдэд нийт 2323 сонгогч шилжин ирж сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмж бүртгэгдсэн байдаг ба энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн маргаан байхгүй байдаг. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд нь шилжин ирсэн сонгогчдын бүртгэлийг хийхдээ албан ёсны ямар нэгэн бүртгэлийн дэвтэр хөтлөөгүй бөгөөд сонгогчийн ирүүлсэн шилжих хуудас дээр шилжин ирсэн тухай тэмдэглэлийг хөтлөөд гарын үсэг зурж, хэсгийн ахлах зохион байгуулагч гарын үсэг тэмдэгээ даран улсын бүртгэлийн байгууллагад тухай бүр ирүүлэн цахим бүртгэлд бүртгэгдэж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа хэвлэгдаж байсан болно. Энэ талаар шүүхээс үзлэгийг хийн үзлэгийн тэмдэглэлээрээ баталгаажуулан хэрэгт хавсаргасан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын талаар тодорхойлсон бөгөөд захиргааны актад захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор заажээ. Улсын бүртгэлийн байгууллага шилжин ирсэн сонгогчийг бүртгэх тухай ямар нэгэн шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалтгүй бөгөөд сонгуулийн хэсгийн хорооноос тухайн сонгогчийг бүртгэж ирүүлсэн сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг үндэслэн сонгогчийн нэрсийн жагсаалтад нэмж өөрчлөлт оруулсан үйл ажиллагаа явуулсан. Иймд давж заалдах шатны шүүх “захиргааны акт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх ёстой” гэсэн дүгнэлтийг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах нөхцлийг бүрдүүлж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сонгуулийн тухай хуулийн “сонгогч шилжих тухай” зохицуулалтыг зөв тайлбарлаж захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0039 дүгээр магадлалыг хүчингүйд тооцож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
                                                                                   ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч О.Цогтгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохоос “...улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд нь Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/287 дугаар тушаалыг хавсралт ... журмын ... заалтыг удаа дараа зөрчиж, шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн бүртгэл хийгээгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй иргэдийг бүртгэсэн, ... сонгогчийг төлөөлөх эрхгүй этгээд ... шилжих хуудсыг бөөнөөр нь өгснийг бүртгэсэн” гэх үндэслэлээр  “... Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас “...хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ, хэргийн оролцогчдын маргаж буй “... шилжин ирсэн сонгогчийг бүртгэх үйл ажиллагаа хууль, журамд нийцсэн эсэх” маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулж, дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч “... хууль зөрчиж хийгдсэн бүртгэлүүд” гэж алийг нэрлэн зааж байгаа, хэн хэнд холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах, эсхүл “...шилжин ирсэн нийт 2345 сонгогчийн бүртгэл”-ийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүйгээс ямар “захиргааны акт”-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль журамд нийцсэн эсэхийг дүгнэхдээ “... журмын 5.4-т ... шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн шилжин ирсэн тухай тэмдэглэл үйлдэхээр заасан хэдий боловч ... сонгогчийг өөрийн биеэр ирэхийг болон итгэмжлэл олгосон байхыг шаардахгүйгээр ... сонгогч шилжин ирсэн бүртгэл хийснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  
Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “ ... давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0039 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.Отгонбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       М.БАТСУУРЬ 
ШҮҮГЧ                                                  Д.МӨНХТУЯА