Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0048/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Б-ын Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118003520008 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-ын Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ХХ-ХХУБТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Эрдэнэс плаза” төвийн урд талын авто замын явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай аав Б- 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 13 дугаар багт зам тээврийн осолд өртөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч, одоо биеийн байдал нь хүнд байгаа. Өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чадваргүй болсон тул хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Мөн манай ээж Д.Оюунцэцэг аавыг байнга асарч байгаа учраас хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй байна. Тухайн өдөр манай аав ээжийг ажлаас нь тосож авах гээд гэрээсээ буюу Дархан сум, 13 дугаар баг, хуучин хорооллын 22 дугаар байрнаас гараад үйлчилгээний төв талаас Эрдэнэс Плаза төвийг чиглээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үедээ машинд мөргүүлсэн гэдгийг мэдэж байна... Одоогийн байдлаар ярихгүй байгаа. Эмч нарын хэлж байгаагаар тархинд авсан гэмтлээс шалтгаалан мэдрэлийн судас дагасан хоолойн саажилт гэж онош хэлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гарах үед гэрээр хийх эмчилгээг хийлгэж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-110/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2,150,000 төгрөг эмчилгээний зардалд авсан, 23,802,343 төгрөг нэхэмжилж байна. Аав маань хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байнгын асаргаатай гэртээ байгаа, гомдолтой байна” гэх мэдүүлэг

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9810 дугаартай “...А.Б-ы биед тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулай, тархины гүүрний эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, сарвуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 124-125/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Э.Гансүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай “...жолооч Б.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан “...Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Тоёота приус 30 маркийн ХХ-ХХУБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч А.Б-ыг мөргөж зам тээврийн осол гарсан гэж үзнэ” гэх мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 128-129/,

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б.Э-гийн жолоодож явсан ХХ-ХХУБТ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн осол гарснаас хойших машинд гарсан эвдрэл нь жолоочийн урд талын салхины шил хагарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 135/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгийг чиглээд явж буй Тоёота приус 30 маркийн тээврийн урд хэсгээрээ явган зорчигчийг мөргөж байх бөгөөд хяналтын камерын бичлэгт явган зорчигчийн царай өмссөн хувцас нас хүйс зэрэг тодорхой харагдахгүй байв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...А.Б-ы согтолтын зэрэг 1.43%, Б.Э-гийн согтолтын 0.00% зэрэг” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17/,

Зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх магадлагаа /хавтаст хэргийн 11-13/,

Яллагдагч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 10 сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багт байрлах эмэгтэйчүүдийн ордны ар талд байрлах “Булагтай” авто угаалгын газраас ХХ-ХХ УБТ дугаартай цайвар цэнхэр өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. Ингээд “Эрдэнэс плаза” төвийн урд талын явган хүний гарц дөхөж тухайн үед харанхуй болж байсан болохоор үзэгдэх орчин муу байсан. Гарцны ойр орчимд харахад явган зорчигч харагдахгүй байсан. Тэгсэн гэнэт гарцан дээр  үйлчилгээний төв талаас  “Эрдэнэс плаза” төвийн чиглэлд явган зорчигч гарцан дээр гараад ирсэн. Би түүнийг хараагүй, мөн гарц хэсэг рүү орсон учраас мөргөсөн. Жолоочийн эсрэг тал буюу зүүн урд гупер хэсгээр мөргөж, цонх хэсэгт явган зорчигч мөргөж газар унасан. Би тухайн үед явган зорчигчийг мөргөөд шууд зогсоод 7037103 дугаарын утсанд мэдэгдэж түргэн тусламж дуудсан. ...би хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр болон эм тариа, хоол хүнсний материал зэрэг эд зүйл нэмэгдээд нийт 2,670,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Жолооч нь автомашин жолоодож явахдаа анхаарал болгоомжтой байж Замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдөх үүрэгтэй бөгөөд явган хүний гарцанд ойртон ирэхдээ хурдаа хасаж явган зорчигч байгаа эсэхийг лавтай сайн нягтлах үүрэгтэй.

 

Шүүгдэгч Б.Э- нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдох: А.Б-ы өвчний түүх /хавтаст хэргийн 28-47/, хууль ёсны төлөөлөгч Б.Н-гээс гаргаж өгсөн зардлын баримтууд /хавтаст хэргийн 60-93/, зээлийн гэрээний хуулбарууд /хавтаст хэргийн 98-102/, яллагдагч Б.Э-гаас гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 48-59/, иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 157/, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 158/ зэрэг баримтууд авагджээ.

 

Хохирогч А.Б-ы хууль ёсны төлөөлөгч Б.Н- нь хохирол төлбөрт 23,802,343 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 2,150,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр болон эм тариа, хоол хүнсний материал зэрэг эд зүйл нэмэгдээд нийт 2,670,000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх боловч хохирогчийг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхэд Нэгдсэн эмнэлэгт төлсөн бензиний мөнгө 220,000 төгрөг, эмнэлэгт байхад нь авч өгсөн эмний мөнгө 97,800 төгрөг, хонины мах 202,000 төгрөг зэргийн үнэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийт 23,802,343 төгрөгийн нэхэмжлэлд дурдагдаагүй, хамааралгүй байх тул уг нэхэмжлэлээс дээрх дүнг хасаж тооцох үндэслэлгүй ба нийт 2,150,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой бүх баримтуудыг нэг бүрчлэн баримт тус бүрээр авч хэлэлцэн талуудын тайлбарыг авсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудыг шинжилгээ, оношилгоо, эмчилгээ эм тариа бусад асаргаа, ариун цэврийн хэрэгсэлд гаргасан зардлын, хоол хүнстэй холбоотой зардлын, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой дутуу авсан цалин хөлсийг нотлох баримтууд,  бусад гэж ангилж болохоор байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч болон шүүгдэгч эмчилгээ, сувилгаа, оношилгоотой холбогдох зардлыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх ба бусад хэсгийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцжээ.

 

Шүүх хавтаст хэргийн 64-83-р талд авагдсан 75300, 1377850, 206930, 338867, 57570, 10400, 12900, 142000, 31700, 56622, 75300, 20800, 28200, 217500, 35700, 10098, 15900, 190700, 11500, 24500, 60000, 270140, 25240, 23953, 14900, 23800, 16000, 39000, 104300, 11200, 6900, 209500, 30433, 6460, 92000, 70000, 67200, 21800, шинээр гаргаж өгсөн 363260, 118500, 8500, 12880, 201000,185000  төгрөгийн баримтууд нь эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлын баримтууд байна.

 

Гэм хор учруулсан этгээд эрүүл мэндэд учирсан гэм хор учирснаас болж дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчийн дутуу авсан цалин хөлстэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул 1,012,433 төгрөгийг мөн гаргуулах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 5,935,036 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Үүнээс шүүх хуралдаанаас өмнө төлсөн 2,150,000 төгрөгийг хасвал 3,185,036 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Дээр дурдсанаас бусад эмч сувилагчид өгсөн гэх мөнгө ямар учраас өгсөн нь тодорхойгүй, хоол хүнс авсан баримтууд нь гэм хор учирсантай шууд холбоотой бус, дансны хуулгад такси гэж шилжүүлсэн нийт зардлыг нэхэмжилнэ гэх боловч хэн нэгэн рүү мөнгө шилжүүлсний гүйлгээний утгыг такси гэж бичсэнээр дээрх гэмт хэргийн улмаас шууд учирсан гэм хортой холбоотой гэж тооцох боломжгүй, өмнө авсан байсан зээлд төлсөн мөнгийг нэхэмжилнэ гэх боловч уг зээлийг гэмт хэрэг гарахаас өмнө авч ашигласан, энэ хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй богож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт “Тайкун” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Э-гийн унаж явсан ХХ-ХХУБТ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлд Тайкун ХХК бүртгэлтэй байсан үндэслэлээр хэрэгт “Тайкун” ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Өмчлөгч гэж өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй этгээдийг ойлгох ба шүүгдэгчийн хамтран амьдрагч Отгонзаяа уг тээврийн хэрэгслийг барьцаалан 2020 онд “Тайкун” ХХК-иас зээл авч уг зээлийн гэрээний баталгааг хангах зорилгоор  тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр бүртгүүлээд зээлээ төлсөн боловч буцаан бүртгэл хийлгээгүй байжээ.

 

Өөрөөр хэлбэл хэдийгээр улсын бүртгэлд Тайкун ХХК бүртгэгдсэн боловч уг тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь Отгонзаяа болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Тайкун итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямсайханы “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Т.Отгонзаяа гэдэг хүн манай Тайкун ХХК-тай зээлийн гэрээ байгуулан ХХ-ХХУБТ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг унаж явахаар барьцаанд тавьж, 1 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авахдаа машиныг Тайкун ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, зээлийн 5,000,000 төгрөгөө Б.Э- гэдэг хүний дансаар шилжүүлэн аваад машинаа унаад явсан. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулаад зээлээ хаасан. Зээлээ хаасан ч  гэсэн одоогоор манай компаниас автомашины нэрээ шилжүүлж аваагүй. ... манайх олон харилцагчтай тул зээлдэгч өөрөө ирж бичиг баримтаа шилжүүлэх үүрэгтэй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Тайкун ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- болон хохирогч нь энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг  си-диг  хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, Б.Э-гийн жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Б- овогт Б-ын Э-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-д  оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 3,785,036  /гурван сая долоон зуун наян таван мянга гучин зургаан/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алтгана овогт Б-ы Н- /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... тоот, РД:, утас: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын Тайкун ХХК-д холбогдох болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хавтаст хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, 1 ширхэг жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД