Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................оршин суух А.Г-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 139/2018/00002/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. Үүнээс 1973 оны 01 сарын 01-нээс 1976 оны 06 сарын 04-н хүртэл, 1979 оны 07 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн 1973 оны 01 сарын 01-нээс 1976 оны 06 сарын 04-н хүртэл, 1979 оны 07 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-нд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч А.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            А.Г нь 1973 оны 01 сарын 01-нээс 1973 оны 12 сарын 31-нийг дуустал, 1975 оны 01 сарын 01-нээс 1976 оны 06 сарын 04-н хүртэл, 1980 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 339 тоот тодорхойлолт /ХХ-3/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 08/607 тоот албан бичиг /ХХ-5/,

            3. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 651 дугаартай лавлагаа /ХХ-4/,

            4. А.Гын Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-8-9/,

            5. А.Гын Дундговь аймгийн Хулд сумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-10/,

            6. Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 3/21 тоот тодорхойлолт /ХХ-18/,

            7. А.Гын 1973, 1975, 1976, 1980, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-11-14, 19-33/,

            8. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 02/3197 дугаартай лавлагаа /ХХ-34/,

            9. Гэрч Ц.Сийн “...А.Г нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Яг хэдэн оноос эхэлж малчин болсон талаар мэдэхгүй байна. Багаасаа л мал дээр гарсан хүн байгаа юм. 1990 хэдэн онд нэгдэл компани болсон. Компани болоход мөн компаний мал малладаг байсан. 1995 оныг хүртэл малчинаар ажилласан. Би 1968-1995 оныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажилласан” гэх мэдүүлэг /ХХ-37/

10. Гэрч З.Аийн “...А.Г нь их багаасаа хөдөө гарсан. 1973, 1974 онд малчин хүүхэд байсан. Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаанчулуу бригадад малчинаар ажиллаж байсан. 1990 онд нэгдэл компани болсон. Компани болоход мөн компаний малчин  байсан. 1995 оныг хүртэл малчинаар ажилласан. Манай бригадын малчин байсан учраас малчинаар ажиллаж байсаныг нь мэднэ. Би 1982-1990 оныг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаанчулуу бригадын эмчээр, 1990 оноос хойш мал малласан ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-38/

11. Гэрч С.Пийн “...А.Г бид 1976 онд цэрэгт хамт явж байсан, нэг оны цэрэг байгаа юм. Цэрэгт хамт алба хааж байхад малчин хийж байсан гэж байсан. Бид 1979 оны 06 сард цэргээс халагдсан. 1979 оны 07 сарын 01-нээс А.Г Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн малчинаар ажиллаж байсан. 1992 оны үед нэгдэл тартал малчинаар ажилласан. Тус нэгдлийг компани болоход мөн компаний малчин  байсан. 1995 оныг хүртэл малчинаар ажилласан. Бид оны цэргүүд, найзууд учраас жил болгон гэрт очиж идэш хоолоо авдаг. Тийм учраас малчинаар ажиллаж байсныг нь мэднэ...” гэх мэдүүлэг /ХХ-39/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин А.Гын 1973 оны 12 сарын 31-нээс 1975 оны 01 сарын 01-н, 1979 оны 07 сарын 01-нээс 1980 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А.Г -ыг 1973 оны 01 сарын 01-нээс 1973 оны 12 сарын 31-нийг дуустал, 1975 оны 01 сарын 01-нээс 1976 оны 06 сарын 04-н хүртэл, 1980 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА